| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 110/2026/0034/3 |
| Дугаар | 221/МА2026/0528 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0528
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “О” ХХК
Хариуцагч Б аймгийн Д сумын Засаг дарга
Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамж, газар ашиглах эрхийн 0000****** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, “О” ХХК-д газар ашиглах шийдвэрийг зөвтгөж гаргах, түүний дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ дахин олгохыг Д сумын Засаг даргад даалгуулах, “О” ХХК-ийн 2025 оны газар ашигласан төлбөрийг шинээр олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу тооцохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 110/ШШ2026/0048 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Б аймгийн Д сумын Засаг дарга М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 110/2026/0034/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Б аймгийн Д сумын Засаг дарга, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Б аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамж, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн 0000****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, “О” ХХК-ийн ашиглаж байгаа газрын хэмжээгээр газар ашиглуулах зөвтгөсөн шийдвэр гаргаж, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Б аймгийн Д сумын Засаг даргад даалгах, “О” ХХК-ийн 2025 оны газар ашигласан төлбөрийг шинээр олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу тооцохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 20 дугаар зүйлийн 20.1.2. 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 3, 4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Б аймгийн Д сумын Засаг дарга, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нарт холбогдуулан “Б аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамж, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн 0000****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, “О” ХХК-ийн ашиглаж байгаа газрын хэмжээгээр газар ашиглуулах шийдвэр гаргаж, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Д сумын Засаг даргад даалгах, “О” ХХК-ийн 2025 оны газар ашигласан төлбөрийг шинээр олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу тооцохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1.“...Маргааны гол зүйл газар ашигласны төлбөрийн хэмжээтэй холбоотой байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж хуульчилсан. Эндээс үзэхээр газрын төлбөр ногдуулах гол үндэслэл нь ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ашиглаж байгаа газарт төлбөр ногдуулах ёстой. Тодруулж хэлбэл сумын Засаг даргын газар ашиглуулах шийдвэрт заагдсан хэмжээгээр төлбөр ногдуулахаар хуульчилсан. Гэтэл Д сумын Засаг дарга манай компанид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа бидний хүсэлтэд дурдсан хэмжээгээр биш нийт ашиглалтын талбайн хэмжээгээр ашиглуулах шийдвэр гаргасан нь бидний эрх ашгийг зөрчиж, бид ашиглалтын нийт талбайн хэмжээгээр газрын төлбөрийн нэхэмжлэхээр 2025 оны 2, 3, 4 дүгээр улирлын газар ашигласны төлбөрт нийт 140,098,691 төгрөгийн газрын төлбөр ногдуулсан. Д сумын Засаг дарга тухайн үед буруу шийдвэр гаргаснаа 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/95 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэг дээр ч энэ талаар мэдүүлж байсан.
3.2 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан ба 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэж заасан байна. Энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ холбогдох шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь газар ашиглуулах шийдвэр гаргахдаа баримтлах гол баримт бичиг бөгөөд заавал тухайн төлөвлөгөөнд заасан хэмжээгээр газар ашиглуулах шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй.
3.3 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох талаар хуульчилсан. Дээрх зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 25 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулахаар хуульчилсан. Хариуцагч энэхүү ажиллагааг мөн хийгээгүй. Д сумын Засаг дарга манай компанид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа хуульд заасан дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэлгүй шийдвэр гаргаснаас болж маргаан үүсэж манай компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай холбоотой хэсгээс татгалзсан.
3.4 Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх тухайн эвлэрлийн гэрээ нь хуулийн зохицуулалтад нийцээгүй, хуульд харшилсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэхдээ чухам аль хуульд хэрхэн харшилсан, хуулийн ямар зохицуулалтад нийцээгүй талаар тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд хариуцагч өмнөх захирамжаа хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн дахин захирамж гаргахаар эвлэрснийг буруутгах үндэслэлгүй. Нэгэнт хариуцагч захирамжийг буруу гаргаснаас болж газрын төлбөрийн хэмжээ өндөр гарч байсан учир энэ хүрээнд хоорондоо эвлэрснийг хуулийн зохицуулалтад нийцээгүй, хуульд харшилсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч өмнөх захирамжаа хүчингүй болгож хуульд нийцүүлэн захирамж гаргаснаар төлбөрийн хэмжээ багасах боломжтой. Тэгээд ч дээрх эвлэрлийн гэрээний улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
3.5. Иймд дээрх үндэслэлүүдээр энэхүү гомдлыг хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримтын тухайд;
3. “О” ХХК нь Б аймгийн Д сумын нутагт Оюут толгой нэртэй газарт 1240.93 гектар талбай бүхий MV-0***** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2051 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаагаар эзэмшдэг байна.
4. “О” ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А/*** дугаар албан бичгээр Б аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “...Дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайд 2025 онд ...барих төлөвлөгөөтэй. Иймд нийт ашиглах талбай болох 34190 м2 газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлан, газар ашиглах гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.
5. Б аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар тогтоолын хавсралтаар Д сумын Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөнд “...Д сум *-р багт, ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбай, 12,409,224 м2 газар” гэж тусгагдсан байна.
6. Мөн тус компаниас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-** дугаар албан бичгээр “2025 онд ашигт малтмал ашиглалтын талбайд Бутлах боловсруулах байр, усны цөөрөм 1800 м2, Лаборатори 300 м2, Тэсэлгээний агуулах 6958 м2, Үйлдвэр нэрэх агуулах байр 6200 м2, Хүхрийн хүчлийн цөөрөм 2800 м2, Кемп 4910 м2, ШТС 100 м2, Жинлүүр пүү 105 м2, Засварын байр 600 м2, Аж үйлдвэрийн тунгаах усны цөөрөм 6766 м2, Дэлгүүр 32 м2 барих төлөвлөгөөтэй. Иймд нийт ашиглах талбай болох 34190 м2 газрыг зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, газар ашиглах гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийг Б аймгийн Д сумын Засаг дарга А.А-д гаргасан байдаг.
7. Гэтэл Б аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамжаар “...Оюут толгой нэртэй ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрөлтэй “О” ХХК-д ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 1240,93 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах”-аар шийдвэрлэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, Аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн 0000****** дугаар гэрчилгээ олгосон байна.
8. Улмаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрийн нэхэмжлэхээр 2025 оны 2, 3, 4 дүгээр улирлын газар ашигласны төлбөрт нийт 140,098,691 төгрөгийн газрын төлбөр ногдуулсан.
9. “О” ХХК-иас Б аймгийн Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар албан бичгээр “...Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/** тоот захирамжийг хүчингүй болгож, ашиглаж байгаа талбайн хэмжээгээр газар ашиглах шийдвэр гаргуулж өгнө үү” гэж гомдол гаргасан, Б аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/*** дугаартай албан бичгээр “...танай байгууллагын гаргасан гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
10. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 4.1.18-д “уурхайн талбай гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг”, 4.1.19-д “уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоц хэсгийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар аймгийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
11. Дээрх хуульд зааснаар ашигт малтмал ашиглах харилцаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын хэвлийн дор оршдог эрдсийн хуримтлалыг олборлохын тулд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай газар буюу уурхайн эдэлбэрийн зориулалтаар газар ашиглах эрхтэй бөгөөд энэхүү нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
12. Мөн дээрх хуулийн 27 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.8-д “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах”, 27.1.11- д “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа явуулахад “шаардлагатай барилга байгууламж барих” зорилгоор газар эзэмших, ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ гаргах, эрх бүхий албан тушаалтнаас олгох зохицуулалттай.
13. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “О” ХХК-иас MV-0***** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай Бутлах боловсруулах байр, тэсэлгээний агуулах, Үйлдвэр нэрэх агуулах байр, лаборатори, жинлүүр пүү, Аж үйлдвэрийн тунгаах усны цөөрөм зэрэг зориулалтаар нийт 34,190 м2 уурхайн эдэлбэр газар ашиглуулах шийдвэр гаргуулах хүсэлтийг Д сумын Засаг даргад гаргасан байна.
14. Гэтэл хариуцагч Д сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан 34,190 м2 газрын хэмжээгээр бус ашигт малтмал ашиглалтын MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт газрын хэмжээгээр буюу 1240.93 гектар талбайд газар ашиглуулах шийдвэр гаргасан нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
15. Тодруулбал, нэхэмжлэгчээс үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 34,190 м2 газрыг ашиглах хүсэлтээ илэрхийлж Д сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргасан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харгалзаж үзэлгүйгээр 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамжаар “...“О” ХХК-д ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 1240,93 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах”-аар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.
16. Иймд маргаан бүхий Б аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамж болон “О” ХХК-д олгосон Аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн 0000****** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй бөгөөд улмаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн хүсэлтийн дагуу 34,190 м2 газрын хэмжээгээр газар ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Д сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
17. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус зааснаар газар ашиглагч нь газрын төлбөрийг дээрх хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрх олгогдсон талбайн хэмжээгээр газрын төлбөр ногдуулж, төлөхөөр байна.
18. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...нэгэнт хариуцагч захирамжийг буруу гаргаснаас болж газрын төлбөрийн хэмжээ өндөр гарсан. Д сумын Засаг дарга манай компанид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа бидний хүсэлтэд дурдсан хэмжээгээр биш, нийт ашиглалтын талбайн хэмжээгээр ашиглуулах шийдвэр гаргасан нь бидний эрх ашгийг зөрчсөн, газрын төлбөрийн нэхэмжлэхээр 2025 оны 2, 3, 4 дүгээр улирлын газар ашигласны төлбөрт нийт 140,098,691 төгрөгийн газрын төлбөр ногдуулсан. Д сумын Засаг дарга тухайн үед буруу шийдвэр гаргаснаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн” гэж маргадаг.
19. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.3.7-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 23.3.8-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” гэж заасан.
20. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь дээрх хууль бус А/** дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгчээс 2025 оны 2, 3, 4 дүгээр улирлын газар ашигласны төлбөрт нийт 140,098,691 төгрөг төлөхийг шаардаж, нэхэмжлэх үүсгэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
21. Дээр дүгнэсэнчлэн хариуцагч нь энэ хэсгийн 16-д заасан шинээр гаргасан захиргааны актад нийцүүлэн нэхэмжлэгчид 34,190 м2 газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин олгох, мөн уг гэрчилгээний дагуу “О” ХХК-ийн 2025 оны газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасны дагуу тооцож, ногдуулахыг Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
22. Анхан шатны шүүх “...Тусгай зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч “О” ХХК-ийн “ашигт малтмал ашиглах” эрх авсан газрын хэмжээ 1240.93 га байхад зөвхөн дээрх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай барилга, байгууламж барих 34190 м² газрын хэмжээгээр биш тусгай зөвшөөрөлд заасан нийт 1240.93 га газрыг ашиглуулахаар шийдвэр гаргасан нь буруу гэж нэхэмжлэгч маргасан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
23. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
24. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй ба харин нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд найруулж бичсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7, 23.3.8 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/** дүгээр захирамж болон Аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн 0000****** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, “О” ХХК-ийн хүсэлтийн дагуу 34,190 м2 газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Д сумын Засаг даргад даалгаж, “О” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин олгох, уг гэрчилгээний дагуу 2025 оны газрын төлбөрийг тооцохыг Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ны давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА