Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 127/ШШ2020/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:127/2020/0014/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХХААХҮЯАДОБАЗ-ны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ДСЗД, ДСИТХ-нарт холбогдох

            ДСИТХ-ын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол, ДСЗД-н 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож, “Хэрлэнбаян Улаан” аймаг дундын отрын бүс нутагт дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахгүй байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй байхыг сумын Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХААХҮЯАДОБАЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээ хэлцэл, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Э-, гуравдагч этгээд “АР” ХХК--ийн өмгөөлөгч Г.Б-, гуравдагч этгээд “ДТИСНТ”--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ХХААХҮЯАДОБАЗ-ны дарга М.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ...Монгол улсын Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан,Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдын нутаг дэвсгэрт 192.8 мянган га газрыг Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч,хилийн заагийг баталсан.

...улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд улсын хэмжээнд хариуцан ажиллаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тодорхойлолтоос үзэхэд захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх ба тус захиргаа нь нийт малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг.

Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ын дагуу гүйцэтгэж байна.

...Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан журмын 3, 5 дахь хэсэгт “Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна” гэж заасан бөгөөд 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах, ашиглуулах түр зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.

Гэтэл Хэнтий аймаг дахь “Хэрлэнбаян-Улааны” отрын бүс буюу улсын тусгай хэрэгцээний газарт Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь нэр бүхий иргэд болон хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон байна.

Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь холбогдох хууль,тогтоомж, дүрэм журмыг зөрчин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр эрх олгосон хууль бус шийдвэрүүд нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна.

Иймд ... нэр бүхий иргэд, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/2114 тоот, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/2888 тоот, тус захиргааны даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн болно. Хэнтий аймгийн Засаг дарга нь хуулийн хугацаанд дээрх албан бичигт дурдсан Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэрүүдэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

ДСИТХ- тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамжууд нь улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бүсэд иргэн болон хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгаж өгнө үү. Үүнд: ... 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дугаартай захирамжаар “АР” ХХК-, “Дэвшилтэт технологи инноваци судлан нэвтрүүлэх төв”-д ...” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, “Хэнтий аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол, Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дугаартай захирамжаар “Дэвшилтэт технологи инноваци судлан нэвтрүүлэх төв” ХХК-д 100 га, “АР” ХХК--д 150 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, улсын тусгай хэрэгцээний “Хэрлэнбаян улаан” аймаг дундын отрын бүс нутагт дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэн батлахгүй байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй байхыг Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нар нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян улаан багийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээний газар-аймаг дундын отрын бүс гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Манай байгууллага нь аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Үүний дагуу Хэрлэнбаян улаанд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэрийн талаар Газрын тухай хуулийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг дээд шатны Засаг дарга өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй тул Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамжийн талаар Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг захиргааны байгууллагын хүрээнд,  Засгийн газраас хүчингүй болгох боломжгүй тул захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захирамж, тогтоол гаргаж, Хэрлэнбаян Улааны аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутагт иргэн, хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсгийг зөрчсөн. Уг заалтын дагуу улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх эрхтэй. Хариуцагч нар нь Хэрлэнбаян Улааны улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн, хариуцагч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол,  сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна. Отрын бүс нутаг нь малын бэлчээр, малд зориулагдсан газар юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга О.Анхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газрууд нь газрын мэргэжлийн байгууллагын хийсэн  тариалангийн газрын хянан баталгаагаар атаршсан газраар орсон, сумын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан холбогдох журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон” гэжээ.           

            Хамтран хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баясгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус сумын газар нутгийн тавь орчим хувь нь улсын тусгай хэрэгцээний газарт харьяалагдаж байгаа ба атаршсан тариалангийн талбайд аж ахуй нэгж, ХБУ-н багийн иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “з”-д заасны дагуу тогтоол гаргаж газар тариалангийн зориулалтаар газар олгосон байна. Хэрлэнбаян-улаан багийн атаршсан тариалангийн талбайд Отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь үйл ажиллагаа явуулдаггүй болно.

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улаан багийн Тариа бригад болон Шар нохойтын талд 4052 га атаршсан талбайг тариалангийн бүс нутгаар тогтоож баталсан.

 Иймд Улсын тусгай хэрэгцээний газарт, газар тариалангийн зориулалттай атаршсан газрыг олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолуудыг хүчинтэй хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

            Гуравдагч этгээд “Астра руут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. Хэрлэнбаян-Улаан нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 470 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улаан Отор тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдаж, энэ бүс нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явагдаж байгаад шилжилтийн үед зогссон байна. Эдгээр тариалангийн талбай нь тухайн үед ч сангийн аж ахуйн тариалангийн талбайгаар бүртгэлтэй байсан, одоо ч газрын нэгдмэл сангийн ангилал, газрын тооллого, бүртгэлээр тариалангийн талбайгаар бүртгэлтэй байдаг. Манай компани нь Хэрлэнбаян-Улаан Отор тэжээлийн аж ахуйн балансад бүртгэлтэй байгаад ашиглагдахгүй орхигдсон тариалангийн талбайгаас 150 га газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гаргаж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулсан. 

Манай компани нь дээрх газрыг зориулалтын дагуу ашиглаж, уг газарт монгол хунчир, сарьслаг хунчир, чихэр өвс зэрэг эмийн ургамлыг сэргээн нутагшуулж, тарьж байна. Эдгээр эмийн ургамлууд нь олон наст ургамал бөгөөд урт хугацааны судалгаа шинжилгээ, туршилтын үндсэн дээр тарималжуулан ургуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Бид энэ ажилд 2 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж, тарьсан ургамлаа ургуулах гэж байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд тасралтгүй хөдөлмөрлөж байна.

Байгальд ховордсон эмийн ургамлыг сэргээн нутагшуулж тарималжуулах замаар тариалалт эрхлэх нь байгаль экологийн төдийгүй нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Хунчир хэмээх ургамал нь хүний биеийн дархлааг дэмжиж, сайжруулдаг эмт чанартай бөгөөд үүнийг хүмүүс, тэр дундаа азийн орныхон, манай өвөг дээдэс эрт дээр үеэс мэдэж, хоол хүнс ардын эмчилгээндээ хэрэглэдэг байсан. Бидний тарьж ургуулсан хунчирыг хүмүүс одоо хэрэглэх боломжтой болсноос гадна хамгийн сүүлд коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлж тусгаарлалтад байгаа иргэд, мөн ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа өвчтөнүүдийн дархлаа дэмжих, сайжруулах эмчилгээнд хэрэглэгдэж, Эрүүл мэндийн яам болон эмч нарын багийн зүгээс талархал илэрхийлээд байна.

Мөн манай компанийн хийж байгаа үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэмжиж ажилладаг бөгөөд Монгол орны нэн ховор, устаж буй хунчир, дэрвэгэр жиргэрүү зэрэг 4 зүйлийн эмийн ургамлын үрийн плантацийг манай эзэмшлийн 5 га газарт байгуулж, байгалийн ургамлын удмын сан /генетикийн нөөцийг хадгалах, өвлүүлэх стратегийн бодлогын хүрээнд байгалийн ургамлын үрийн сан /генфонд/-г бүрдүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.

2. ЗХШХШтХ 3.1.3-т "нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно, 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн”-ийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааруулна гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллага нь зөвхөн хуульд тодорхой заасан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрснийг нотлох үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалттай улсын тусгай хэрэгцээний газарт хууль зөрчиж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэж буруутгасан байна. Гэтэл отрын бэлчээрийн зориулалттай тусгай хэрэгцээний газарт газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглосон хуулийн зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй байна...

3.  Нэхэмжлэгч нь "...тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох болон хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл, журмыг өөр өөрөөр зохицуулсан байна.

Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд “АР ХХК--ийн өмгөөлөгч Г.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрлэнбаян Улаанд 1962 онд Отор тэжээлийн аж ахуй байгуулагдаж, газар тариалангийн үйл ажиллагаа явагдаж байгаад, шилжилтийн үед зогссон. Эдгээр талбай нь одоо ч газрын нэгдмэл сангийн ангилал, газрын тооллого бүртгэлээр тариалангийн талбайгаар бүртгэлтэй байдаг. Ашиглагдахгүй орхигдсон энэ талбайд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байдаг. Манай компанид Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар 150 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Манай компани уг газарт нэн ховордсон эмийн ургамлуудыг сэргээн нутагшуулж тарьж байна. 2016 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгч нь одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч байгууллага нь захиргааны байгууллага тул хуульд заасан бол нэхэмжлэл гаргах эрхтэй. Нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэдгээ нотолж, тодорхойлсон байх ёстой, гэтэл ийм зүйл хэрэгт байхгүй. Хэрлэнбаян улаанд тариалангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа нь аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй. Үүнд: -цаг хугацааны хувьд отрын бэлчээрийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ашигладаг. Тэгэхэд газар тариалангийн ажил хавраас намрын хугацаанд явагддаг.

-газар тариалангийн газрууд нь Хэрлэн голын зүүн эргээр байдаг бол малын өвөлжөө хойгуур ууландаа байдаг.

- Хэрлэнбаян улаанд мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж байсан. Газар эзэмшүүлэх тухай захирамж нь нийтийн эрх ашгийг зөрчөөгүй.

            Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулж болох эсэх талаар судлахад, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулж болно гэж заасан. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд,  газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж болохоор зохицуулсан.

            Нэхэмжлэлд дурдсан Засгийн газрын 2007 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-д отрын бэлчээрийн зориулалттай тусгай хэрэгцээний газарт газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглосон зохицуулалт байхгүй. Иймд аймаг дундын отрын бэлчээрийн газарт тодорхой горим, дэглэмтэйгээр газар эзэмшүүлж, ашиглуулж болно гэж үзэж байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор  “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсан.Уг журмын 3.13.2, 3.13.3-т заасны дагуу, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулах, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү гэрээг үндэслэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгохоор байна. Гэтэл Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бэлчээрийн тусгай хэрэгцээний газарт энэ журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй байна. Энэ тухай хариуг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өгсөн байгаа.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь өөрөө газар эзэзмших эрхийн гэрчилгээ аваагүй байж хариуцагч нараас хууль журмынх нь дагуу гаргасан газар эзэмшүүлэх тухай захирамж, шийдвэрүүдийн талаар нэхэмжлэл гаргасан байна.

            Монгол улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын 3 дахь аян”–тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр батлагдсан, мөн уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар 2009 онд гаргасан. Дэлгэрхаан сумын Засаг дарга нь үүний дагуу газар эзэмшүүлэх захирамж гаргасан.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.       

            Гуравдагч этгээд ““Дэвшилтэт технологи инноваци судлан нэвтрүүлэх төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Өрнөхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай "Дэвшилтэт инноваци судлан нэвтрүүлэх төв" ХХК нь монгол эрдэмтэн судлаачдын шинэ технологи, бүтээлийг үйлдвэрлэл бизнест нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хүрээнд Монгол оронд нэн ховордсон эмийн ургамлыг тарималжуулах шинэ технологийг судлах ажлыг 2014 оноос хийж эхлэн, өөрийн судалсан технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх ажлыг “АР” ХХК--тай хамтран хийж байна.

Манай компани нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дугаар захирамжийн дагуу олгогдсон 000311218 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу 100 га газрыг эзэмшиж, уг газар дээр “АР” ХХК--ийн хөрөнгө оруулалтаар монгол хунчир, сарьслаг хунчир хэмээх эмийн ургамлыг тариалсан. Энэхүү ажилд манай компани болон хамтран ажиллаж байгаа “АР” ХХК--ийн зүгээс урт хугацааны судалгаа шинжилгээний ажил, хөрөнгө оруулалт зарцуулсан байхад гэнэт Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлд дурдсанаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь 2007 онд байгуулагдсан байх бөгөөд үүнээс хойш 13 жилийн хугацаанд Хэрлэнбаян Улаан багийн нутагт газар тариалан эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд газар эзэмшиж байгаа, эзэмшиж байгаа газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгааг мэдсээр байж, олон жил ямар ч гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрч байсан хэрнээ одоо гэнэт "...байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна" гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1.  ЗХШХШтХ-ийн 14.1 -д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", ЗЕХ-ийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч нь одоо хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрч олон жилийн дараа, мөн газар эзэмшиж байгаа иргэн, компаниуд өөрийн газар тариалангийн үйл ажиллагаандаа их хэмжээний хөрөнгө мөнгө, ажил хөдөлмөр зарцуулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа төдийгүй бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.

2.  Гуравдагч этгээдээр татагдсан иргэн, хуулийн этгээдүүдийн зүгээс Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан нөхцөл байдал байхгүй. Отрын бэлчээр ашиглалт нь өвөл, хавартаа зохих журмын дагуу явагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл бэлчээр ашиглалт хэрхэн яаж тасалдсан нь тодорхойгүй байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Гуравдагч этгээд ““Дэвшилтэт технологи инноваци судлан нэвтрүүлэх төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Хэнтий аймгийн Хэрлэнбаян улаанд 2016 оноос 100 га газар эзэмшиж, нэн ховордсон эмийн ургамал тариалах ажлыг хийж, хөрөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн маргаан үүсч байгаагүй атал газар эзэмшүүлэх тухай Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамжийг илт хууль бус талаар одоо нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Манай компани эзэмшиж байгаа газар дээрээ 3 төрлийн эмийн ургамал тариалсан, үүнд 4 орчим жил зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулсан. Эдгээр эмийн ургамал нь ковид гарсан энэ үед хүний эрүүл мэндэд маш хэрэгцээтэй ургамал. Энэ газар нь мал оторлодог газар биш, нэхэмжлэгч байгууллага ч өөрөө энд газар эзэмшдэг” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ХХААХҮЯАДОБАЗ- нь ДСИТХ- тогтоол, Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамжаар улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бүсэд иргэн болон хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, үүнд: Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дугаар захирамжаар “АР” ХХК-, “Дэвшилтэт технологи инноваци судлан нэвтрүүлэх төв”-д газар эзэмшүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаа “ДСИТХ- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож, “Хэрлэнбаян Улаан” аймаг дундын отрын бүс нутагт дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахгүй байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй байхыг сумын Засаг даргад даалгах” гэж тодруулсан болно.

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            1. Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор, тухайн үеийн нэрээр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан захиргааны байгууллага байна. Уг тогтоолд зааснаар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус заасны дагуу, захиргааны байгууллага нь хуульд тусгайлан заасан бол нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

            Тусгай хэрэгцээний газар болох Аймаг дундын отрын бэлчээрийн талаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2 дахь заалтаар тус тус зохицуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д, “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэнэ, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1...-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь  “Хэрлэнбаян-Улаан” аймаг дундын отрын бэлчээрийн нутагт газар эзэмшүүлсэн захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.

            Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт газар эзэмшүүлсэн хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамжуудын талаар нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

            2. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “Говийн бүсийн аймгуудын малын тэжээлийн болон усан хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 185 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны нутгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг тогтоосон байна. Энэхүү тогтоолд заасан хилийн цэсийн дагуу Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийн тусгай хэрэгцээний газар нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тусгай хэрэгцээний уг газартай Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг буюу Хэрлэнбаян-Улаан тосгоны газар нутаг бүхэлдээ, сумын бусад багийн  газар нутаг хэсэгчлэн  давхацсан байрлалтай болох  нь хариуцагч нарын тайлбар болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 470 дугаар тогтоолоор Отор, тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдсан ба БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 204 дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороо болон зохион байгуулагдсан. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 130 дугаар зарлигаар Хэрлэнбаян-Улаан хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсийг дахин баталгаажуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 36 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улаан хороог татан буулгаж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нэгтгэн, харьяалуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны нутгийг улсын тусгай хэрэгцээнд авчээ.

            БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 130 дугаар зарлигаар баталсан Хэрлэнбаян-Улаан хорооны хилийн цэс, Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор тогтоосон Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутгийн хилийн цэс ижил, бүрэн давхцалтай байгааг дурдах нь зүйтэй байна.

            3. Нэхэмжлэгч  ХХААХҮЯАДОБАЗ- нь, Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бэлчээр нутагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжаар хуулийн этгээдэд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх эрхтэй байхад хариуцагч нар нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан үндэслэл дурдаж, ДСИТХ- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол болон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Маргаан бүхий захиргааны актыг үзэхэд, ДСИТХ- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сумын 2016 оны газрын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг тогтоолын хавсралтад, 1 дүгээр баг, Тариа бригадад 250 га газрыг газар тариалангийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр тусгажээ. Мөн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар Хэрлэнбаян улааны Тариа бригадад “АР” ХХК--д 150 га, “ДТИСНТ”--д 100 га газрыг газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч ДСИТХ- нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “з”-д заасны дагуу, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах эрхтэй, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу,  сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэй. 

Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу, нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах эрхтэй. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхийг эдэлнэ.

Хариуцагч нар нь газрын харилцааны асуудлаар эдгээр бүрэн эрхийг эдлэх боловч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тодорхой газар нутгийг Засгийн газрын 1998 оны 185 дугаар тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан тул тухайн бүс нутагт хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнуудын дээр дурдсан нийтлэг бүрэн эрхэд хязгаарлалт үүснэ, өөрөөр хэлбэл, газрыг эрх бүхий байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор  онцлог, өөр зохицуулалт үйлчилнэ. 

Тухайлбал, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт, улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх эрх хэмжээтэй гэж заасан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, гуравдагч этгээд “АР” ХХК-, “Дэвшилтэт технологи инноваци судлан нэвтрүүлэх төв” ХХК-иудад тариалангийн атаршсан талбайд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзэж байна. Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь хэсэгт, газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тариалангийн газрын зориулалтыг өөрчилж болно гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу, одоогийн Хэрлэнбаян улаан багийн нутаг дэвсгэр дэх Хэрлэн голын зүүн талд байрлах тухайн газар урьд нь тариалангийн зориулалтаар ашиглагдаж байсан боловч 1998 онд аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авснаар тариалангийн зориулалт нь өөрчлөгдсөн гэж үзнэ. 

Мөн түүнчлэн, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд, атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх асуудлыг хуульчилсан ба уг зүйлийн 5.4 дэх хэсэгт, “энэ хуулийн 5.1, 5.2 дахь хэсэг улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй” гэж заасан. Үүнээс үзэхэд, атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх асуудал улсын тусгай хэрэгцээний газрын хувьд байж болохгүй, өөрөөр хэлбэл, улсын тусгай хэрэгцээний газарт тариалангийн бүс нутаг тогтоож болохгүй гэж ойлгогдоно.

Хэрлэнбаян улааны нутаг дэвсгэрт  гуравдагч этгээд “АР” ХХК-, “ДТИСНТ”- ХХК-д эзэмшүүлсэн газар нь “газрын мэргэжлийн байгууллагын хийсэн  тариалангийн газрын хянан баталгаагаар атаршсан газраар орсон, эдгээр талбай нь газрын нэгдмэл сангийн ангилал, газрын тооллого бүртгэлээр тариалангийн талбайгаар бүртгэлтэй” гэх зэргээр хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд тайлбарлаж байгаа ч тухайн газрыг тариалангийн бүс нутгаар тогтоосон Засгийн газрын шийдвэр байхгүй байна[1].

Иймд, хариуцагч ДСИТХ- нь сумын 2016 оны газрын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тусгай хэрэгцээний газар болох Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бэлчээрийн нутаг дэвсгэрт 250 га газрыг газар тариалангийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, үүний дагуу хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар “АР” ХХК--д 150 га, “ДТИСНТ”-ХХК-д 100 га газрыг газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон, “улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх эрх хэмжээтэй байхад хариуцагч нар нь Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бэлчээрийн нутагт тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, илт хууль бус  акт” гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актууд нь 2016 оны 2 дугаар сар болон 4 дүгээр саруудад гарсан байгаа ба Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул уг хуулийн заалтыг баримтлах боломжгүй, харин тухайн үед дагаж мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу “илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнбаян улааны аймаг дундын отрын бэлчээрийн газарт тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол /тогтоолын хавсралтын “1 дүгээр баг тариа бригад 250 га” гэх хэсэг/, сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг шүүхээс илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул тус бүс нутагт дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэн батлахгүй байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй байхыг сумын Засаг даргад даалгах үндэслэл, шаардлага байхгүй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ХХААХҮЯАДОБАЗ-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ДСИТХ- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол /тогтоолын хавсралтын “1 дүгээр баг тариа бригад 250 га” гэх хэсэг/, ДСЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, “тухайн бүс нутагт дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэн батлахгүй байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй байхыг сумын Засаг даргад даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6, 47 дүгээр зүйлийн 47.2-д заасныг баримтлан, хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газраас нийт 35200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА

 

[1] ДСИТХ- 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тогтоол, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт, түүний дотор Хэрлэнбаян улаан багт 4052 га газрыг тариалангийн бүсээр тогтоосон боловч уг газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолд тусгагдаагүй байна.