Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0529

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

         Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “С” ХХК

          Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

          Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

          Хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

          Гуравдагч этгээд “Д” ХХК

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/*** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулалтаар шалгарсан “С” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0472 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д

          Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.Б

          Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 128/2025/0697/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/*** дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шалгарсан “С” ХХК-тай төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/*** дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шалгарсан “С” ХХК-тай төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Анхан шатны шүүх маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/*** дугаар мэдэгдлийн хууль зүйн шинж, эрх зүйн үр дагавар, хууль ёсны эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр маргаан үүссэний дараа бий болсон нөхцөл байдлуудыг үндэслэл болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Захиргааны актын хууль ёсны байдлыг тухайн акт гарсан үеийн бодит нөхцөл байдал, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид үндэслэн шалгах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар захирамж, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын албан бичиг, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн дараах нөхцөл байдлыг маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-тай нийцэхгүй байна.

          3.2 Налайх дүүргээс 2 дахь төсөл сонгон шалгаруулалт явуулж, Ажлын хэсэг хуралдах өдрөө дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, дуудлага худалдаагаар олгохоор байсан газрын зориулалтыг өөрчилж, төрийн байгууллагын хэрэгцээнд тухайн газрыг авч байж өөрсдөө дуудлага худалдаагаа зохион байгуулна гээд сонгон шалгаруулалтыг хүлээлгэж байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа 2 дахь сонгон шалгаруулалтыг явуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шалгаруулалтыг хийж үнэлж байсан. Ингээд шалгаруулалтын үр дүнг танилцуулж, гэрээ байгуулах эрх олгосон, шалгаруулалтын ялагч болсон талаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/**** дугаар албан бичгийг манайд ирүүлж байсан. Шалгаруулалтын үр дүнг мэдсэнээр бидний хувьд тухайн харилцаа үргэлжилнэ, бид хөрөнгө оруулалтаа хийх эрх нээгдэж, итгэл төрсөн, тиймдээ ч бид хөрөнгө оруулагчтай нартай гэрээгээ байгуулах, хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийж эхэлсэн. Үүний дараа Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтын 1221-д “Оршуулгын газар 68132 м.кв газрын байршил, хэмжээ” Засгийн газрын тогтоолоор баталгаажсан байдаг. Шүүх энэ байдалд огт дүгнэлт өгсөнгүй. Налайх дүүргийн Засаг даргын “намайг байгаа үед танайтай хэзээ ч энэ гэрээ байгуулагдахгүй, би ямар нэг цаас шидсээр байх болно, “Д” ХХК-тай бол гэрээ байгуулж, хамтарч ажиллана болно” гэдэг өнцгийг шүүх дэмжсэн шийдвэр гаргаад байна.

          3.3 Шүүх 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ** дүгээр тогтоолоор баталсан “Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар түүний хэмжээ, ашиглалтын журам”-ын 6.4-д зааснаар “оршуулгын үйл ажиллагаа”-г газрын эзэмших эрхээр бус, эзэмших эрхтэй этгээдтэй газар ашиглах эрхээр явуулдаг гэдэг агуулгыг ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар “төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” буюу эзэмшилд авч, оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг байдалд дүгнэлт өгөлгүй, газар эзэмших эрх олгох ойлголтоор маргааныг үндэслэлгүй хянан шийдвэрлэлээ. Мөн үндэслэлдээ маргаан бүхий газрын байршил “Налуу ухаа эдийн засгийн тусгай бүстэй давхцалтай” гэх дүгнэлтийг өгч хэргийг хэрэгсэхгүй болголоо. Гэтэл Засгийн гарын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай тогтоол, Танилцуулгад дурдсанаар “Тусгай бүсийн 7850 га газрын хил заагт 1366,3 га газарт иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд ямар нэг газар чөлөөлөлт хийгдэхгүй болно” буюу тусгай бүс нь газрын дахин төлөвлөлт оруулах, шинэчилсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө бүтэц хийхгүй байдлыг огт ялган заагласангүй. Тиймдээ дараа дараагийн орон нутгийн болон Засгийн газрын тогтоол шийдвэр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр маргаан бүхий газар “оршуулгын үйл ажиллагаа” зориулалтаар хэвээр батлагдаад байгаа байдалд огт дүгнэлт өгсөнгүй.

          3.4 Манай компанийн эрх ашиг хөндөгдөж, гаргаж буй шаардлага, үр дагаварт дүгнэлт өгөхгүй, дараа үүссэн нөхцөл байдалд дүгнэлт өгч буй нь харамсалтай байна. Өөрөөр хэлбэл шүүх Газрын тухай хуулийн 21.5.3, 33.1.2 дахь заалтыг үндэслэн газар эзэмшүүлэх асуудлыг төсөл сонгон шалгаруулалтаар шийдвэрлэдэг гэж зөв дүгнэсэн атлаа тухайн төсөл сонгон шалгаруулалтын эцсийн үр дүн хүчин төгөлдөр байсан эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Дахин зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр “С” ХХК шалгарсан болох нь хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/**** дугаар албан бичгээр тогтоогдсон. Шүүх газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатай гэж Үндэслэх хэсгийн 14-д дүгнэсэн, маргаан бүхий төсөл нь 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан бөгөөд уг үндэслэлээр сонгон шалгаруулалт зарлагдаж, ялагч тодорсон. Сонгон шалгаруулалт дууссаны дараа төлөвлөгөөнд өөрчлөлт орсон нь өмнө үүссэн эрх зүйн харилцааг автоматаар хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хариуцагч байгууллагын нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах боломжгүй, “Д” ХХК-тай гэрээ байгуулах боломжтой, төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаль орчинд ээлтэй байдалд нийцнэ гэх аж ахуй нэгжид ялгавартай хандаж байгаа, төрийн байгууллага эрх бүхий этгээдийн хууль тогтоомжоор хийгдсэн чиг үүргийг үгүйсгэн дураар авирлаж буй байдалд дүгнэлт өгсөнгүй.

          3.5 Иймд анхан шатны шүүх нь маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/*** дугаар мэдэгдлийн хууль ёсны байдлыг тухайн акт гарсан үеийн нөхцөл байдал, хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтад тулгуурлан шалгахын оронд түүнээс хойш бий болсон үйл баримт, шинээр гарсан шийдвэрүүдээр зөвтгөж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны ажиллагааны зарчим, эрх зүйн тодорхой байдлын зарчим, “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын мөн чанарт нийцээгүй бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гараад байна. Иймд анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар Нас барсан иргэдийг газрын хөрсөнд оршуулах хэлбэрийг бууруулах, газар ашиглалт, байгаль орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор олон улсын чанарын стандартыг хангасан байгаль орчинд ээлтэй шарил чандарлах байгууламж байгуулах асуудлыг нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж шаардлага хангасан хуулийн этгээдийг нээлттэй сонгон шалгаруулах эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р-т шилжүүлжээ.

          4. Улмаар Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/** дугаар захирамжаар “...орчин үеийн технологийн дагуу шарил чандарлах, түүний дагалдах бусад үйл ажиллагаа эрхлэх төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан.

          5. Дээрх Ажлын хэсгийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаар хуралдаанаар Оршуулгын үйлчилгээний зан үйлийн Чандарлах байгууламж байгуулах төсөл сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцэж, уг сонгон шалгаруулалтад “С” ХХК болон “Д” ХХК-иуд оролцсон бөгөөд үнэлгээгээр “С” ХХК нь 1572 оноо, “Д” ХХК нь 1673 оноо авч, үнэлгээний дүнгээр “Д” ХХК-ийг шалгаруулсан боловч зарим гишүүд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төслийн материал, үнэлгээний хуудсыг дүүргийн Засаг даргад танилцуулж, эцсийн шийдвэр гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

          6. Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04/**** дугаар албан бичгээр төсөлд шалгараагүй болохыг “С” ХХК-д, 04/**** дугаар албан бичгээр төсөлд шалгарсан болохыг “Д” ХХК-д тус тус мэдэгджээ.

          7. Улмаар Налайх дүүргийн Засаг дарга болон “Д” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Чойр явах зам дагуу 6,8 га талбайд Оршуулах үйл ажиллагааны чандарлах байгууламжийг барьж байгуулах, ашиглах, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ** дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулагдсан байна.

          8. “С” ХХК-иас уг сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын газар, Хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн В.Б гомдлыг хянан үзээд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Илтгэх хуудсаар “...төслийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг даалгах санал гаргасан”-ны дагуу Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Д.А 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 05-02/**** дугаар албан бичгээр уг Илтгэх хуудсыг Налайх дүүргийн Засаг даргын орлогч Н.М-д хүргүүлсэн байна.

          9. Ингээд Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/*** дугаар захирамжаар дээрх төслийг дахин үнэлж, шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, уг Ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж “Чандарлах байгууламж байгуулах төсөл сонгон шалгаруулах төслийг үнэлэх үнэлгээний нэгтгэл”-ээр “С” ХХК 1159 оноо, “Д” ХХК 1147,5 оноог тус тус авчээ.

          10. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/**** дүгээр албан бичгээр “С” ХХК-д “...танай төсөл 1159 оноо буюу 85,8%-иар үнэлэгдэж шалгарсан болно. ...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар олгохоор тусгасан байсныг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/** дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газарт авсан. Нийтийн эдэлбэрт авсан газрыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын кадастрын нэгдсэн цахим системд баталгаажуулаагүй тул гэрээ байгуулах ажил удаашрах талаар”, 14/**** дугаар албан бичгээр төсөлд шалгараагүй талаар “Д” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.

          11. Дээрх төсөл сонгон шалгаруулалтыг дахин үнэлсэн үр дүнг “Д” ХХК-иас эс зөвшөөрч гомдол гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/*** дугаар албан бичгээр “...Ажлын хэсгийн гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрсдийн үнэлгээг өгсөн байх бөгөөд үүнд хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй юм. Ажлын хэсэг хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан байна” гэх хариуг “Д” ХХК-д хүргүүлжээ.

          12. Нэхэмжлэгч “С” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/** дугаар албан бичгээр “...төсөл сонгон шалгаруулах журам болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг хэрэгжүүлэх бололцоогоор хангаж өгөх”  тухай Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан.

          13. Маргаж буй Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/*** дугаар албан бичгээр “...Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК, “Д” ХХК-иас ирүүлсэн төсөлтэй танилцаж, үнэлэхэд “Д” ХХК шалгарч 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Хамтран ажиллах №* дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул Засаг даргын 2024 оны А/*** дугаар захирамж, чандарлах байгууламж байгуулах төсөл сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн шийдвэр хүчингүйд тооцож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж “С” ХХК-д мэдэгдсэн дээрх үйл баримтууд тогтоогдож байна.

          Маргаан бүхий газартай холбоотой бусад шийдвэрүүд;

          14. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/** дугаар тогтоолоор “Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, маргаж буй байршил дахь Чандарлах байгууламжийн зориулалттай 6,8 га газрыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт” гэж өөрчлөлт оруулсан. 

          15. Мөн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөө батлах тухай” 05/** дугаар тогтоолоор тус дүүргийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөг баталж, Хавсралтын 2.3-д “Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” гээд 14-д Налайх дүүргийн * дугаар хороо, Чойр явах зам дагуу, Оршуулгын газрын зориулалтаар 6,8 га газрыг Газар зохион байгуулалтын алба, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэж тусгагдсан.

          16. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хот, тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталж, уг жагсаалтын 1221-д “Налайх дүүрэгт 68132 м2 газрыг оршуулгын газрын зориулалт”-аар батлагдсан.

          17. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/*** дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолоор улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталсан тул газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн байдаг.

          18. Улмаар Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн Хавсралтын 8-д Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт * дугаар хороонд Оршуулгын газрын зориулалтаар 6,8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгожээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          19. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна” гэж,

          20. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.22-д “оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежмент”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Дүүргийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 25.1.11-д “оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт”, 35 дугаар зүйлийн 35.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах журмыг батална”, 35.2.3-д “оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулгын үйл ажиллагааны жишиг  үнэ, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам” гэж тус тус хуульчилсан.

          21. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор ”Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 3.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон байршил, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч оршуулгын газар байгуулах шийдвэрийг гаргаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 3.1.3-д “холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан этгээдийг сонгон шалгаруулж "Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ" байгуулах, хяналт тавих (оршуулгын газартай тохиолдолд сонгон шалгаруулалтад хамаарахгүй)”, 3.2-т “Дүүрэг, хорооны Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 3.2.1-д “дүүргийн Засаг дарга оршуулгын газар, талбайн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавих” гэж журамлан зохицуулжээ. 

          22. Дээрх хууль тогтоомжоос үзэхэд оршуулгын газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарах бөгөөд нийслэлийн Засаг дарга оршуулгын газрын зохицуулалт, менежментийг, дүүргийн Засаг дарга оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалтыг тус тус хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байх ба дээрх Журмаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагаа явуулах нөхцөл шаардлагыг хангасан этгээдийг сонгон шалгаруулах, түүнийг эрхлэхэд тавигдах шаардлага, оршуулгыг зохион байгуулах, оршуулсан шарилыг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна.

          23. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь 2024 оны “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар олон улсын чанарын стандартыг хангасан байгаль орчинд ээлтэй шарил чандарлах байгууламж байгуулах асуудлыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, нээлттэй сонгон шалгаруулах эрхийг Налайх дүүргийн Засаг даргад олгосны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/*** захирамжаар сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулж (2 дахь удаа), уг Ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин сонгон шалгаруулалт явуулж, үнэлгээний дүнгээр “С” ХХК нь 1159 оноо, “Д” ХХК нь 1147,5 оноо тус тус авсан.

          24. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14/**** дүгээр албан бичгээр “С” ХХК-д 1159 оноо авч шалгарсан тул гэрээ байгуулах талаар мэдэгдсэн атлаа хариуцагчаас “С” ХХК-тай "Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ" байгуулаагүй болох нь тогтоогдсон.

          25. Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 04/*** дугаар албан бичгээр “...А/** дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үнэлгээгээр танай байгууллага шалгарч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ (* дугаар) хүчин төгөлдөр байгаа болно. Иймд төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана уу” гэж “Д” ХХК-д хүргүүлсэн.

          26. Харин маргаж буй захиргааны акт болох 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/*** дугаар албан бичгээр ...Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Д” ХХК шалгарч 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ (* дугаар) хүчин төгөлдөр, дүүргийн Засаг даргын 2024 оны А/*** дугаар захирамж, Ажлын хэсгийн шийдвэр хүчингүйд тооцож байгаа тухай “С” ХХК-д мэдэгдсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

          27. Тухайлбал, Налайх дүүгийн Засаг даргын 04/*** дугаар албан бичиг нь өөрөө А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож буй эрх зүйн акт болохгүй бөгөөд уг албан бичгээр өмнө гаргасан захиргааны актыг хүчингүй болгосон эрх зүйн үр дагаврыг шууд үүсэхгүй. Захиргааны актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгох асуудал нь зөвхөн мэдэгдлийн шинжтэй уг албан бичгээр бус, хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр буюу захиргааны актаар хэрэгжих учиртай.

          28. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасанчлан нэгэнт хүчин төгөлдөр болсон захиргааны актыг хүчингүй болгосон, цуцалсан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй тохиолдолд эрх зүйн үйлчлэл хэвээр байна.

          29. Өөрөөр хэлбэл хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь 2024 оны А/*** дугаар захирамжийг хүчингүй болгосон, эсхүл цуцалсан талаар тусгайлан захиргааны акт гаргаагүй атлаа 04/*** дугаар албан бичгээр уг захирамжийг “хүчингүй болгож байна” гэж мэдэгдсэн нь дээрх хуулийн зохицуулалт болон захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй.

          30. Мөн тухайн оршуулгын газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад “С” ХХК шалгарч, гэрээ байгуулах харилцаа үүссэн байхад хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь 04/*** дугаар албан бичгээр “Д” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг хүчинтэй гэж мэдэгдэж байгаа нь захиргааны байгууллагын хэтэрхий дур зоргын шинжтэй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмууд зөрчигдсөн байна.

          31. Түүнчлэн хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь “...нэхэмжлэгчтэй "Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ"  байгуулах эрх хэмжээ олгогдоогүй, Нийслэлийн Засаг дарга нь зөвхөн сонгон шалгаруулалт явуулах чиг үүргээ шилжүүлсэн...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

          32. Учир нь хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга өмнө нь “Д” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж байсан атлаа “...нэхэмжлэгчтэй гэрээг Нийслэлийн Засаг даргатай байгуулах ёстой” гэж байгаа нь захиргааны байгууллага чиг үүргээ өөрийн үзэмжээр буюу дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдэл болно.

          33. “Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх журам”-ын 3.3-д “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэ журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан чиг үүргээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер, эсхүл дүүргийн Засаг даргаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно”, 3.1.3-д “холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан этгээдийг сонгон шалгаруулж “Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ” байгуулах” гэж тус тус зохицуулсан байна.

          34. Нэгэнт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар байгаль орчинд ээлтэй шарил чандарлах байгууламж байгуулах асуудлыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, сонгон шалгаруулах бүрэн эрхийг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад шилжүүлсэн байх тул Налайх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч “С” ХХК-тай “Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ” байгуулах нь зүйтэй.

          35. Түүнээс гадна Ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явуулсан мөн өдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/** дугаар тогтоолоор “Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд “Чандарлах байгууламжийн зориулалттай 6,8 га газрыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт” гэж өөрчлөлт оруулсан.

          36. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1221-д “Налайх дүүрэгт 68132 м2 газрыг оршуулгын газрын зориулалт”-аар гэж 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар захирамжийн Хавсралтаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Оршуулгын газрын зориулалтаар 6,8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгожээ.

          37. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар оршуулгын газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарах бөгөөд төрийн мэдэлд байх ба дээрх захирамжийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн захиргааны байгууллагын хувьд газар эзэмших субъект байх боловч оршуулгын үйл ажиллагаа эрхлэн явуулах эрх зүйн үндэслэлгүй, харин ”Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх журам”-ын 3.1, 3.2, 3.3-д заасны дагуу олон улсын чанарын стандартыг хангасан байгаль орчинд ээлтэй шарил чандарлах байгууламж, оршуулгын газар байгуулах асуудлыг зохион байгуулах, сонгон шалгаруулах, оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулах, хяналт тавих зэрэг чиг үүргийг тухайн шатны Засаг дарга хуульд заасан нөхцөл, журмын дагуу хэрэгжүүлэхээр байна.

          38. Анхан шатны шүүх “...Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийг тогтоож, 7850 га талбайг тусгай бүсийн хэрэгцээнд авсан... маргаан бүхий 6.8 га газар нь тусгай бүсийн хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай... Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэх дүгнэлт учир дутагдалтай болжээ.

          39. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай” 220 дугаар тогтоолоор “...олон улсын тээвэр логистик, аялал жуулчлалын төрөлжсөн үйлчилгээ, аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилгоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг  байгуулахаар тогтож”, Тогтоолын 3-д “Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн газар нутгийн хэмжээ, эдэлбэр газрын байршил, хил заагийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нягтлан үзэж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт тус тус даалгасан.

          40. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тусгай бүсийн газар нутгийн хэмжээ, байршлыг тогтоох тухай” ** дүгээр тогтоолоор Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн газар нутгийн хэмжээг 7850 га байхаар тогтоож, газрын байршил, хилийн заагийн солбицлыг хавсралтаар баталжээ.

          41. Хэрэгт авагдсан Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаар албан бичгээр “...Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах сонгон шалгаруулалтыг зарлаж, 4 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэгч байгууллагын тодруулж, гэрээ байгуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил эхлээд байна... тусгай бүсийн эдэлбэр газарт газар эзэмших, ашиглах эрх олгох эрх зүйн харилцааг түр хугацаанд зогсоогоод байна” гэжээ.

          42. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Дүгнэлт өгөх тухай” 1/**** дүгээр албан бичгээс үзвэл ...Налайх дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгагдсан нэгж талбар бүхий газруудыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн мэдээллийн санд шалгаж, дүгнэлт гаргасан бөгөөд “...4699866, Оршуулгын газар, 6.8132 га, давхцалгүй” гэж байсан болохыг дурдав.

          43. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тусгай бүсийн эдэлбэр газрын хил зааг, хөгжлийн ерөнхий төлөвлөлт болон газар эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой эрх зүйн харилцаа бүрэн эцэслэн шийдвэрлэгдээгүй, харин төлөвлөлтийн болон зохион байгуулалтын ажиллагаа үргэлжилж байсан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх маргаан бүхий 6.8 га газрыг зөвхөн “Налуу-Ухаа тусгай бүсийн хэрэгцээний газартай давхцалтай” гэх байдлаар тодорхойлж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

          44. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 46 дугаар зүйлийн 46.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.22, 25 дугаар зүйлийн 25.1.11, 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/*** дугаар (албан бичиг) мэдэгдлийг хүчингүй болгож, “С” ХХК-тай оршуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрээ  байгуулахыг даалгаж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 23,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Л.ОДБААТАР

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА