Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 283

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0329 дүгээр магадлалтай, Д.А-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 5 сар ажлын 12 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6638800 /зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуу/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0329 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Д.А-ийн нэхэмжлэлийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгасугай” гэж, 2 дахь заалтын “... урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6638800 /Зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуун/” гэснийг “... дундаж цалин хөслтэй тэнцэх олговор 5952018 /Таван сая есөн зуун тавин хоёр мянга арван найм/” гэж тус тус өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Д.А-ийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалт нэмж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж шийдвэрлэснийг үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хянахдаа “Нэхэмжлэгч Д.А-ийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан боловч чиг үүрэг нь шинээр баталсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, бусад баримтаар тогтоогдож байна” гээд Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь гаргасан дүгнэлт, үндэслэсэн хуулийн заалт хоорондоо зөрчилдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол ...”, 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...” гэж заасан байх ба ажлын байрны орон тоо хасагдсан тохиолдол нь хуулийн 27.2.4-т заасны дагуу зохицуулагдана.

Тус байгууллагын зүгээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байх үед нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллах эрхгүй гэж үзээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу “өөр ажил, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах” эсэх асуудлаар мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр утсаар санал авсан бөгөөд нэхэмжлэгч “6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг аваад гарахад болохгүй зүйл алга” гэсэн санал ирүүлсэн бөгөөд тус газраас тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн болно.

Гэтэл санал авч, шийдвэр гарсны дараа хэлтсийн даргаар томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс бодитой дүгнээгүй, хэрэгжих боломжгүй, хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь өөрчлөн байгуулагдсаны улмаас түүний эрхэлж байсан албан тушаал нь газрын даргаас хэлтсийн дарга болж өөрчлөгдсөн боловч өмнө нь эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу Хөсвгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй хэмээн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийн хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буруу” гэх утгатай хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг тооцоход нэхэмжлэгчийн хавсран гүйцэтгэж байсан өөр албан тушаалын /нууцын ажил эрхэлсний/ нэмэгдэл хамаарахгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасанчлан захиргааны байгууллага буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас Засгийн газрын агентлагийн эрх зүй байдлын тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол зэрэг нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн тушаалд дурдсан нэр бүхий этгээдүүдийг /түүний дотор нэхэмжлэгчийг/ эрхэлж байсан үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн, тэдний Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг нь хөндөж байгаагаараа гадагш чиглэсэн, захирамжилсан шийдвэр байхад “дотогш чиглэсэн шийдвэр” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь буруу байх тул магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...нэхэмжлэгч “6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг аваад гарахад болохгүй зүйл алга” гэсэн санал ирүүлсэн бөгөөд тус газраас тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн, гэтэл санал авч, шийдвэр гарсны дараа хэлтсийн даргаар томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс бодитой дүгнээгүй” гэх гомдол нь хяналтын шатны шүүхээс хянах гомдлын үндэслэлд хамаархгүй тул хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас таталзав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0329 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан...” гэснийг “... “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан...” гэж, “... хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ