| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
2023 12 26 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэг,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2209014581170 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Улсын .................. эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..................................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ц, .................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүл плаза төвийн лифтнээс буухдаа хохирогч Н.Э "лифтэнд намайг шахаад байна" гэж хэлсний төлөө "чамайг шахахаар яадаг юм бэ" хэмээн үл ялих зүйлээр маргаан үүсгэн маргалдаж лифтнээс буухад нь нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун бугалга, баруун гарын сарвуу цус хуралт, зүүн болон баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн хэсэгт дотор салстад шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал/, хохирогч Н.Э-ийн "...Би 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүл плаза төвийн 10 давхарт үйл ажиллагаа явуулах караокеноос найз нартайгаа уулзчихаад уг караокеноос 01:00 цагийн орчимд гарахаар Сөүл плаза төвийн цахилгаан шатанд өөрийн эхнэр Ө-Э түүний найз А-ийн хамт цахилгаан шатанд суусан. Тэгээд цахилгаан шат 10 давхраас доош буух үед уг барилгын дундаас 3 залуу, 3 эмэгтэй хүн нэмэгдэж суусан. Тэгээд цахилгаан шатаар бууж байхад тухайн 3 залуугийн өндөр шар залуу нь намайг биеэрээ шахаад түлхээд байсан. Тэгэхээр би залууд чи намайг шахаад байна гэсэн чинь, уг залуу чамайг шахахаар яадаг юм бэ гэхээр нь би дуугай болоод тухайн залуутай ямар нэг зүйл яриагүй. Тэр үед тухайн 3 залуутай хамт явсан 3 эмэгтэйгийн нэг эмэгтэй нь наад хэд чинь маргааш моргийн ширээн дээр хүрээд ирнэ, наад хэдтэйгээ битгий харьц гэсэн. Тэгээд нэг давхарт цахилгаан шат ирэхэд нь би цахилгаан шатнаас буухдаа та нарын эмч надад ямар хамаатай юм бэ гэж хэлээд буух гэх эхэд, өндөр биерхүү шар залуу нь намайг буулгахгүй цахилгаан шатны буланд шахаад, түүнтэй хамт явсан нэг залуу нь намайг нүүрэн тус газар нэг удаа, намайг шахсан махлах залуу нь мөн нүүрэн тус газар нэг удаа гараа цохисон. Тэгээд цахилгаан шатнаас буусан чинь өндөр махлаг залуу нь намайг нааш ир гээд гараараа тохиод гадагшаа дуудаад байсан. Тэгэхээр нь би Сөүл плаза төвийн үүдэнд очоод, өндөр шар залууд хандаж чи яахаараа намайг цохидог юм бэ гэж хэлэхэд, чамайг цохихоор яадаг юм бэ гэж намайг үл тоосон байдалтай байсан. Тэгээд Сөүл плаза төвийн гадагш гарах үүдэн хэсэгт уг залуучуудтай маргалдаад байж байхад манай эхнэрийг тухайн 3 залуугийн нэг эрэгтэй нь үснээс татаад цохиод унагаасан. Тэгэхээр би эхнэр дээрээ очих гэсэн чинь намайг оруулахгүй уг залуучууд гадаа хаалгаар гадагш шатны уруу түлхсэн. Тэгэхээр нь би буцаад Сөүл плаза төв рүү орж эхнэрийгээ авах гэхэд тухайн залуучууд тухайн барилгын гадна талд 3-уулаа нийлээд цохиж зодож эхэлсэн. Би тухайн 3 залууд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Би тухайн 3 залууг явах гээд байхаар нь та нар хүн цохичхоод явахгүй шүү, цагдаа дуудсан тул та нар байж бай гэсэн. Тэгсэн тухайн хүмүүс таксинд суугаад явах гээд байхаар нь араас нь очоод та нар байж бай гээд өндөр шар залуугийн гараас нь барьсан чинь, түүнтэй хамт явсан нэг намхан нүдний шилтэй залуу нь мөн миний гараас бариад хоёр эмэгтэй нь мөн миний гараас бариад өөр нэг нүдний шилтэй залуу нь намайг олон удаа нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би цохиулаад ухаан балартаад за та нар явцгаа би маргааш та нарыг олноо гэж хэлэхэд чаддаг юм бол олоорой гээд таксинд суугаад явцгаасан. Тухайн Сөүл плаза төвийн гадна тухайн 3 залуу бүгд намайг цохиж зодсон. Тухайн залуучуудын хэн нь намайг цохиж миний биед гэмтэл учруулсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7738 дугаартай “...Н.Э-ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун бугалга, баруун гарын сарвуу цус хуралт, зүүн болон баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн хэсэгт дотор салстад шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, хохирогч Н.Э-ийн дахин өгсөн ".... тухайн үед яг хэн нь миний хаана цохиж байгааг мэдэх боломжгүй байсан учраас ялгаж хэлж чадахгүй. Харин зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун сарвуу цус хуралт гэмтлүүдийг Ц болон түүний эхнэр мөн хамт явж байсан өндөр нуруутай шар залуу нар гараас барьж байх үед үүссэн гэмтэл байна. Тухайн үед эдгээр хүмүүс миний гараас барьж байх үед нүдний шилтэй залуу нь зодож байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, гэрч Б.Ө-Э-ийн "...энэ үед цаад талд нөгөө 3 залуу нийлээд Э-г цохиж зодож байсан...биднийг зүгээр байхад тэд нар бидэнд хандан цогцсын ширээн дээр хэвтэн гэсэн зүй бус үг хэлж маргаан эхэлсэн ...тэнд байсан 3 залуу Э-г ээлжлээд зодоод байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар тал/, гэрч Г.А-ийн “...тэнд байсан 3 эрэгтэй бүгд цохиж зодсон. Тэдэн дундаас намхан нуруутай, харааны шилтэй залуу хамгийн их далжганаж гүйж ирээд үсэрч цохиж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар тал/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 112-128 дугаар тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 177-179 дүгээр тал/, яллагдагч Б.Ц-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч Н.Э нь ямар нэг гомдол саналгүй, эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан гэсэн байх тул /хх 81/ шүүгдэгч Б.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан тул шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн түүний холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/, 1 ширхэг флаш зэргийг тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц /РД:................../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Ц-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди, 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ