Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0490

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч Ж.Б

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2026/0023 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 123/2026/0115/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2026/0023 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, хүчинүй болгох нэхэмжлэл гаргасан. Шүүх хурал эхлэхээс өмнө 18 дугаар тогтоолоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дэмжихээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгх гэж нэхэмжлэлээ тодотгосон.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хуулийн үндэслэл нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарахгүй заалтыг үндэслэсэн гэж үзэж байна. Үүнд: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8-д “Сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “газрыг болзол гэрээний дагуу эзэмшүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т хуульд заасан үндэслэлээр татгалзах”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын санал авах” зэрэг хуулийн заалтыг үндэслэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай тогтоолын 9-т Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан хурлын санал нь тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. 10-т Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар Ашигт малтмал эрэх хайх ашиглахыг хориглосон хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж заажээ.

Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заагаагүй үндэслэлээр дэмжихээс татгалзсаныг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Б ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4. Хэргийн үйл баримтын тухайд,

4.1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Төв аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Сэргэлэн сумын нутаг З нэртэй 50 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргасан.

4.2. Уг өргөдлийн хариуд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/2183 тоот албан бичигт “...тус сумаас санал уламжлахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзжээ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн байна.

4.3. Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны “Санал хүргүүлэх тухай” 18 дугаар тогтоолд “... Тус сумын нутаг дэвсгэрт Майдар Сити 12000 га, Олон улсын нисэх онгоцны буудал 19390.4 га, Салхин цахилгаан станц 12000 га нийт 43390.4 га газар, “Таван толгой”, сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх “Богд хан” төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонхи иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй” гэжээ.

5. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10/5777 тоот албан бичигт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэж,

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07/1070 тоот албан бичигт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд газрын кадастрын мэдээллийн санд шүүлт хийж хариу хүргүүлж байна” гээд хавсралтад Б ХХК-ийн 50 га талбай “давхцалгүй” гэж,

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/80 тоот албан бичигт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн З гэх газар иргэн аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлийн газар болон тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна. Тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай залгаа байгаа тариалангийн талбайн хэмжээг хэтрүүлэн тариалалт хийсэн нь Google earth буюу сансарын зурагт харагдаж байна” гэж тус тус хариу өгчээ.

6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасны дагуу аливаа захиргааны байгууллагаас гарах шийдвэр, үйл ажиллагаанд дээрх тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан.

7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах;”, 12 дугаар зүйлийн 12.3-т “Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу тухайн аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ дээрх шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлан шийдвэрлүүлэхээр байна.

8. Маргаан бүхий Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны “Санал хүргүүлэх тухай” 18 дугаар тогтоолоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон суурьшлын болон ногоон бүсэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай давхцаагүй байгааг харгалзан үзэлгүй уг хуульд заагаагүй үндэслэл буюу “мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа” гэх үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн санал гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

9. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг З нэртэй 50 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй нь тогтоогдсон.

10. Энэ тохиолдолд хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны “Санал хүргүүлэх тухай” 18 дугаар тогтоолоор Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг дэмжээгүй шалтгаан нь дээр дурдсан хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй.

11. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр  зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2026/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.3, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны “Санал хүргүүлэх тухай” 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

    ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН