Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01624

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Э-ийн хариуцагч А.А-д холбогдох газар чөлөөлүүлж, хохиролд 4 747 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Э, өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 84 тоот шийдвэрийн дагуу 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 0059403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл Баянгол дүүргийн харьяат А.А гэгч 2006 оноос эхлэн дураараа газар дээр минь байшин барьсан. Холбогдох төрийн байгууллагад хандаж Мэргэжлийн хяналт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас газар чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж байсан хэдий ч шаардлагыг биелүүлээгүй.

Энэ хугацаанд А.А Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг өөртөө олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд миний эзэмшлийн 0059403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч А.А-ийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Мөн хууль зүйн туслалцаа авсны төлбөр 4 300 000 төгрөг, анхан болон Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 52 100 төгрөг, нийт 4 352 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадивлан зуслангийн газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр 450 м.кв га газрыг 430 тоот гэрчилгээгээр Д.Хулганаад олгосон. Уг газрыг миний бие 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Хулганаагаас эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. 2005 онд өөрийн эзэмшлийн газар дээр хашаа барьж, 2007 онд тус газарт кадастрын зураг хийлгэж, 2007 оны 05 дугаар сард байшин барьж эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын сүүлд бүрэн барьж дуусгасан.

А.А миний бие болон манай гэр бүл өнөөг хүртэл өөрийн эзэмшлийн зуслангийн газартаа барьсан байшиндаа амьдарч байгаа. Миний бие газрын албанд очиж өөрийн эзэмшлийн газраа маргаантай эсэхийг тодруулахад давхацсан газар байна гэсэн хариуг амаар хэлсэн. Иймд миний бие Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадивлан зуслангийн өөрийн газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Эийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадавлин гудамжны 1864232118306 нэгж талбарын дугаартай 465 м.кв газрыг хариуцагч А.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үлдэх 4 352 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие хувийн шалтгаанаар БНХАУ-руу зорчих болсон тул 2018 оны 5 дугаар сарын 14-ны шүүх хуралдаанд оролцож чадахгүй болж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гарган, БНХАУ руу зорчих билетийг хүсэлтэд хавсаргаж өгсөн байтал нэхэмжлэгчийн хүсэлтээр намайг байхгүй үед хуралдсан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвгшөөрөх боломжгүй гэжээ

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч А.А-д холбогдуулан газар чөлөөлүүлж, хохиролд 4 747 110 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны 395 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4 352 100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Я.Э нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зуслангийн 18642321183608 нэгж талбарын дугаартай 465 м.кв газрыг эзэмших эрхтэй болох нь 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрхийн 0059403 дугаартай гэрчилгээ болон 2006 оны 5, 6 дугаар сард хийлгэсэн газрын кадастрын зураг зэргээр тогтоогджээ.  

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр /1.хх.20/ Д.Хулганаагийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зуслангийн газарт 450 м.кв газрыг 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр /1.хх.21/ шилжүүлэн авсан хариуцагч А.А нь дээрх газрын кадастрын зураг хийлгэсэн, хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж тайлбарласан боловч газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэргүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 706 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул А.А-г газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Я.Э-ийн эзэмших эрх бүхий газар нь А.А-гийн барьсан хашаа байшинтай давхацсан болох нь “тус газар нь Я.Э-ийн нэр дээр бүртгэлтэй боловч бүхлээрээ А.А-гийн барьсан хашаа, байшинтай давхцаж байна” гэх Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт, “Я.Э-ийн 18642321183608 нэгж талбарын дугаартай 465 м.кв талбайтай газар нь хариуцагч А.А-гийн эзэмшиж буй 633 м.кв талбайтай газартай бүтэн талбайгаар давхцаж байна” гэх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт болон шинжээч М.Базарсүрэнгийн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ. /1хх.85-89, 197-199, 221-223,/

Түүнчлэн, хариуцагч А.А-г маргаан бүхий газрыг чөлөөлөх тухай Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичиг хүргүүлж байсан нь хэргийн 57-59 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч А.А-г маргаан бүхий газрын хууль бус эзэмшигч гэж үзэн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хууль зүйн туслалцаа авсан болон шинжээчийн зардал, нотариатын зардалд нийт 4 352 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, түүнтэй холбоотой баримтуудын шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэхэд болон өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахад шаардлагатай зардлыг нэхэмжлэгч нь өөрөө хариуцах тул дээрх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Хариуцагч А.А 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгааны нотлоогүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ