Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

2023        12    27                                     2024/ШЦТ/28

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө.Б-д холбогдох эрүүгийн 2309022932564 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ..-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ........................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил, 01 сарын хорих ялаар,

мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1071 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 05 сарын хорих ялаар,

мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ө.Б, .................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Ө.Б нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дэлгүүрийн гадна хохирогч О.С-ийн өмчлөлийн "Macbook pro" загварын 1.828.000 төгрөгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудлын орчимд хохирогч Т.Д-ийн гадуур хувцасны халааснаас эзэмшлийн "Айфоне икс эс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/, хохирогч О.С-ийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр цагийн үед хүнсний 50 дугаар дэлгүүрийн ойролцоо байдаг СU сүлжээ дэлгүүрийн гадна талын сандал дээр сууж байсан. Тэр үед би цүнхээ өөрийнхөө хажууд сандал дээр тавьчихсан байсан. Тухайн үед би чихэвч зүүчихсэн утсаар ярьж байсан тэгээд хажууд нэг зүйл хөдлөх шиг сонсогдоод тэр үед би тоогоогүй Тэгээд төд удалгүй миний цүнх байхгүй байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, "Д" ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн СБ1-23-1506 дугаартай "....Macbook pro загварын зөөврийн компьютер 1.828.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-23 дугаар тал/, яллагдагч Ө.Бийн "...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүүхдийн 100-д явж байгаад "Си Юу" дэлгүүрийн гадаа буруу харчихсан сууж байсан залуугийн хажуудаа тавьсан цүнхийг авсан, цүнх нь хөх өнгийн цүнх байсан шиг санаж байна. Би цүнхийг авчхаад М төвийн ойролцоох гарааш дээр очоод цүнхнээс нөүтбүүкийг нь аваад цүнхийг нь гарааш дээр гаргаад хаячхаад явсан. Би тухайн өдрөө М төв дээр ирж М төвийн гадаа гар утас авдаг хүнд нөүтбүүкийг 150.000 төгрөгөөр зарчихсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, хохирогч Т.Д-ийн: "2023 оны 10 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчимд  Сүхбаатарын талбайн урд талд байх Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас хичээл тараад би нэг найзтайгаа хамт гэртээ харих гээд багшийн дээдийн автобусны буудал руу алхаж байсан ба сургуулиас гарахдаа би гар утсаа халаасандаа хийсэн байсан юм. Тэгээд би Сүхбаатарын талбайн урд талд явж байгаад гар утсаа үзэхэд халааснаас алга болсон байсан. Тэгээд гар утас руугаа залгаж үзэхэд нэг хүн аваад цагдаа байна чиний гар утсыг олсон талбайн урд талд байх цагдаагийн хэсэг дээр ирж уулз гэхээр нь би очиж уулзсан. Тэгээд намайг цагдаагийн хэлтэс рүү явуулсан утсаа дараа нь аваарай гэж хэлсэн. Тэгээд би ирж мэдүүлэг өгч байгаа нь энэ юм. Цагдаа хэлэхдээ чиний гар утсыг хулгайлсан хунийг барьсан байгаа гэж надад хэлсэн. Айфоне икс эс маркийн цагаан өнгийн гар утас, 2023 оны 04 сарын орчимд Мобикомоос 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, эд зүйл хураан авсан тухай цагдаагийн алба хаагчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 92 дугаар тал/, хохирогч Т.Д-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 93 дугаар тал/, "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШД-03 дугаартай “...Айфоне икс эс загварын гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 100-104 дугаар тал/, яллагдагч Ө.Бийн: "...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн талбайн урд талын багшийн дээд рүү явдаг автобусны буудал өнгөрөөд явж байхад урд хоёр охин явж байхаар нь нэгнийх нь өмсөж явсан куртикний нь баруун талын халааснаас нь Айфоне икс маркийн гар утсыг хулгайлж авсан, би авчхаад зам хөндлөн талбай руу гараад явж байгаад талбайн хонхны орчим явж байгаад эргүүлийн хоёр цагдаад баригдсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дугаар тал/, яллагдагч Ө.Б-ийн өмгөөлөгч А.Б-ын Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ө.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах,  хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Хохирогч Т.Д нь баримтаар 700.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эд зүйлээ хүлээн авсан гомдол саналгүй болох нь хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.С нь баримтаар 1.828.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан Г банкны төлбөрийн баримт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг дурдав. 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр нэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-ийг тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө.Б /РД:................../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 560 /таван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ