Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1238

 

 

   2023           12            12                                     2023/ШЦТ/1238      

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ,

Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э д холбогдох эрүүгийн 2303002720367 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ... ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Э , /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, "Улсын Их Дэлгүүр" худалдааны төвийн урд замд "Toyota Land Cruiser Prado-120" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 10.4-д заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ" гэх заалтуудыг тус тус зөрчиж зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс чиглэлийн тээврийн хэрэгслийн урдуур буюу 1 дүгээр эгнээ рүү орсны улмаас "Hyundai Aerocity” маркийн ... улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Ж нь огцом тоормосолж, зогсоох арга хэмжээ авахад уг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.С унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.Э  нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, "Улсын Их Дэлгүүр" худалдааны төвийн урд замд "Toyota Land Cruiser Prado-120" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 10.4-д заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ" гэх заалтуудыг тус тус зөрчиж зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс чиглэлийн тээврийн хэрэгслийн урдуур буюу 1 дүгээр эгнээ рүү орсны улмаас "Hyundai Aerocity” маркийн ... улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Ж нь огцом тоормосолж, зогсоох арга хэмжээ авахад уг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.С унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч схем зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-12 дугаар тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00%) /хх-ийн 13 дугаар тал/,

 

Хохирогч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ...автобусанд хүүгийнхээ хамт суусан. Автобус дотор ороход нэлээн хүнтэй байсан. Жолоочийн харалдаа автобусны дунд хавьд хойд хаалганы чиг хавьцаа нэг хүний сандалд хүүгээ суулгаад өөрөө хажуухан талд нь зогсоогоороо явж байсан. Тэгтэл автобус гэнэт тоормослоод би шууд жолоочийн ард талын хаалгыг толгойгоороо мөргөөд тас хийгээд явсан. Тэгээд босож чадахаа байсан. Тэр үед хажууд байсан хүмүүс түргэн дуудаач гээд жолоочид хэлээд түргэн дуудсан. Удалгүй 20-30 орчим минутын дараа түргэний машин ирж эмч нь автобусанд орж ирээд босох боломж байна уу гэхэд нь би боломжгүй байна гэхэд автобусанд үлдсэн хүмүүс өргөж чирсээр байгаад автобусны сандал дээр суулгасан. Түргэний эмч нуруу дарж үзээд "Та бараг зүгээр байна даа, өөрөө босож чадахгүй юм уу" гээд байсан. Тэгсэн эмч носилкоо оруулж ирээд түргэний машин руу намайг оруулаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэл дээр очоод рентген зураг авхуулахад “нурууны 11, 12-р хугаралтай байна, нугас руугаа бага зэрэг орсон байна, та хагалгааны заалттай юм байна" гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай гэр бүлийн хүн ирээд хоёрдугаар эмнэлэг рүү авч явъя гээд сайд нарын 2 дугаар эмнэлэгт нуруу, нугасны тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлээд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нурууны хагалгаанд ороод 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад гэртээ эмчлүүлж байгаад 2023 оны 5 дугаар сарын сүүлээр Япон-Монголын эмнэлгийн сэргээн засах тасагт хэвтэж физик эмчилгээ хийлгэсэн. Дараа нь Анагаахын шинжлэх ухааны сургуулийн харьяа Эрхэс сувилалд физик эмчилгээ хийлгэсэн. 2023 оны 6 сарын 05-ны өдөр хэвтээд 6 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Одоо гэрээрээ эм, эмчилгээ хийлгэж байгаа. Осол болох үед хүү маань сандал дээр суугаад би болохоор автобусны дунд хавьд зогсоогоороо баруун гараараа дээд бариулаас зүүн гараараа суудлын аравчны бариулаас барьж явсан. Надаас хэдэн төгрөг гарсныг хэлж мэдэхгүй байна. Манай гэр бүлийн хүн мэдэж байгаа, жолоочоос мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Хөдөлж болохгүй болохоор ажлаа ч хийж чадахгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа буруутай жолоочоос нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний эхнэр Д.С нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим автобусанд зорчиж явж байгаад унаад бэртэл аваад улмаар манай охин над руу залгаснаар би шууд Гэмтлийн эмнэлэг дээр очиход анхны тусламж аваад байж байсан. Би тэр үед нь уг эмнэлэгт хэвтүүлэхгүй гээд түргэн тусламжийн машиныг хөлслөөд шууд улсын төв хоёрдугаар эмнэлэгт авч очиж хэвтүүлсэн. Тэр өдөр нь би өөрөө эхнэрээ сахисан. Маргаашаас нь манай хүүхдүүд эхнэрийг үргэлжлүүлээд сахисан. Тэгээд уг эмнэлэгт эхнэр Д.С 7 хоног хэвтээд гарсан. Түүнээс хойш биеийн байдал нь тааруу, өвдөлт ихтэй, байнгын өвдөлт намдаах эм болон тариа хийлгэж байгаа. Би эхнэрээ эмнэлгээс гарсных нь дараа өөрсдийн амьдардаг Дархан-Уул аймагт хэсэг эмчилгээг гэрээрээ хийлгэж байгаад өнөөдөр Улаанбаатар хотод байдаг Япон-Монголын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай эхнэр ирэх боломжгүй учир би өөрийн биеэр энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлттэй байна. ...Манай эхнэрийн биеийн байдалтай холбогдуулан эмчилгээний зардлууд болон бусад зардлуудад нийт 14,369,289 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү мөнгөн дүнг өргөдөлдөө задалж бичиж байгаа. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 39 дүгээр тал/,  

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Манай эхнэр 4 дүгээр сарын 18-ны өдөр автобусанд явж байгаад осолд орж эрүүл мэндээрээ хохирсон. Эхний байдлаар 14,866,269 төгрөг нэхэмжилсэн. Нэмээд 5,622,825 төгрөг, сэтгэл санааны хохирол 12,644,500 төгрөг, нийт 33,133,594 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй байна. Тухайн үеийн бензин, эмчилгээ зэрэг зардлыг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт MRI хийлгэсэн 600,000 төгрөг гэсэн зүйл авагдсан байгаа. Ийм зүйл болоогүй учир энэ баримтыг хасуулах байсан... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.С нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,784,730 төгрөг raрсныг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын еренхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 27 дугаар тал/,

 

Гэрч Ж.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим Hyundai Aerocity маркийн ... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслээр Зүүнсалаанаас Халдвартын чиглэлд явж байсан ба намайг Улсын Их дэлгүүрийн урд талын замын нэгдүгээр эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай 35 орчим зорчигчтой баруунаас зүүн чиглэлд явж байхад хоёрдугаар эгнээнээс нэг Тоёота Прадо маркийн цагаан өнгийн /дугаарыг нь харж амжаагүй/ машин гэнэт баруун дарж миний урдуур буюу нэгдүгээр эгнээ рүү орж ирсэн. Би тэр үед шууд тоормосоо гишгээд зогссон. Зорчигч нар хүн уначихлаа гэхээр нь суудлаасаа босоод хойшоо гараад хартал жолоочийн ард хэсэгт 60 орчим настай эмэгтэй хүн шалан дээр унасан байдалтай сууж байсан. Би тэр эгчийг өргөөд сандал дээр суулгаад өөрийнхөө гар утсаар цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Тэгээд удаагүй түргэн ирээд тэр эгчийг үзээд аваад явсан. Би автобусаа хөдөлгөөд шугамандаа явж байтал над руу залгахаар нь би цагдаа дээр очсон. ...Цагаан өнгийн Тоёота Прадо маркийн машин байсан, дугаарыг нь харж амжаагүй, тэр машин миний автобустай мөргөлдөөгүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 45 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5281 дугаартай: “...Д.С гийн биед сээрний 11-12-р нугалмын их биеийн хугарал гэмтэл, хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-ийн 49-50 дугаар тал/,

 

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 999796 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 53 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 832 дугаартай магадлагаа /1хх-ийн 74-75 дугаар тал/,

 

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Хохирогч Д.С гийн Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх-ийн 151-179, 182-250, 2хх-ийн 1-13 дугаар тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л оос гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх-ийн 111-119 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим би Улсын Их дэлгүүрийн урд замаар баруунаасаа зүүн чиглэлд гуравдугаар эгнээгээр өөрийн эзэмшлийн Toyota Prado маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хоёрдугаар эгнээрүү эхэлж ороод дараа нь нэгдүгээр эгнээрүү орох гээд машиныхаа хамраа цухуйлгатал нэгдүгээр эгнээнд явж байсан автобус тоормослоод зогссон. Би уг нь замын тасархай шугам дээр ирээд машиныхаа хамраа оруулсан байсан. Мөн би тэр үед зүүн эргэх дохиогоо өгсөн. Би тэгээд автобусны жолочооос уучлаарай гэж хэлж цонхоороо гараа гаргаад дохьчихоод чигээрээ яваад баруун эргэсэн. Тэр үед би автобус дотор хүн унасаныг мэдээгүй, хоёр хоногийн дараа цагдаагаас намайг дуудсан. ... Би анх С эгчийн имрайны мөнгийг төлсөн. Мөн оёдлыг нь авхуулахад хамт яваад төлбөрийг нь төлсөн. Надаас нийт 600 орчим мянган төгрөг гарсан байгаа. Мөн би С эгчийг гуравдугаар эмнэлэгт хэвтүүлж өгөхөөр болсон боловч маргааш нь хүүхдүүд нь С эгчийг Дархан-Уул аймаг руу аваад явсан байсан. Дараа нь хүүхдүүдийнх нь ... дугаарын утас руу нь залгасан боловч тэд нар утсаа аваагүй. Түүнээс хойш холбоо бариагүй. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Б.Э  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Их дэлгүүрийн урд 3 дугаар эгнээнд түгжрээд явж  байсан. Хойшоо эргэж хараад нэгдүгээр эгнээ хоосон байхаар нь баруун тийшээ дарсан. Автобус тоормослоод зогссон. Тэгээд би цонхоороо гараа өргөөд уучлаарай гээд явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нийт 13,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Түүнээс би 8,000,000 гаруй төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлээд байгаа бензин, тэтгэврийн зээл зэрэг нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлснийг дурдав.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Э  нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, "Улсын Их Дэлгүүр" худалдааны төвийн урд замд "Toyota Land Cruiser Prado-120" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 10.4-д заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ" гэх заалтуудыг тус тус зөрчиж зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс чиглэлийн тээврийн хэрэгслийн урдуур буюу 1 дүгээр эгнээ рүү орсны улмаас "Hyundai Aerocity” маркийн ... улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Ж нь огцом тоормосолж, зогсоох арга хэмжээ авахад уг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.С унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч Д.С гийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн эмчилгээний нийт зардалд 8,519,382 төгрөг гаргуулахаас шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар 8,000,000 төгрөг төлсөн учир үлдэгдэл 519,382 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, эрүүл мэндийн даатгалын санд төлсөн 5,781,730 төгрөгийг шүүгдэгч Энх-Амгалангаас гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргалаас: ...Гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байгаа. Хэрэгтэйгээ танилцаад хүлээн зөвшөөрсөн баримт болох 8,000,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгөн дүнд эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой зардлыг оруулан нөхөн төлсөн. Тухайн үед Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд байршуулна гэдгээ мэдээгүй хохирогч руу шилжүүлсэн байсан. Дархан хотоос эм тариа авах зэрэг баримтууд байсан. Үүнийг харгалзахгүйгээр гарсан эрүүл мэндтэй холбоотой зардлуудыг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Сэтгэцэд учирсан хохирол 12,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн тогтоол 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Энэхүү тогтоол нь энэ хэрэг үйлдэгдхээс хойно батлагдсан. Мөн шинжээчийн дүгнэлт зэрэг гаргуулаагүй учраас уг нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Зээлийн төлбөр, бензин болон ажилгүйдлийн зардал зэргийг мөн төлөх үндэслэлгүй. Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан бодитой хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэх ёстой.  Эмчилгээний 8,519,382 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд төлсөн 5,781,730 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5281 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 49-50 дугаар тал/ хохирогч Д.С гийн биед сээрний 11-12-р нугалмын их биеийн хугарал гэмтэл, хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх;

Мөн мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 832 дугаартай магадлагаанд: “...шүүгдэгч Б.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 10.4-д заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ" гэх заалтуудыг зөрчсөн...” /1хх-ийн 74-75 дугаар тал/ талаар тус тус дурдсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.С гийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардалд 14,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлсэн.

Мөн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохиролтой холбоотой баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх дээрх баримттай танилцахад 9,211,559 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна гэж үзэн шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлоос “...сойз, цай, давс, хоол...” авсан гэх үнийн дүнг хохиролд тооцон гаргуулах боломжгүй гэж үзэн хассан болно.

Шүүх хуралдаанд хохиролд 8,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн тул 9,211,559 төгрөгөөс хасаж 1,211,559 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,784,730 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд зарцуулсан, иргэний нэхэмжлэгч уг хохирлыг гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л  нь хохирогч Д.С гийн цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, хүн асарсан ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргалаас:...Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой дэмжлэг үзүүлсэн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө баримтын хүрээнд төлж барагдуулсан байгаа. Үлдэгдэл 519,382 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн данс руу шилжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 43 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 82 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /1хх-ийн 78 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 79 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 80 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 81 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 103 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 49 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Тус битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э гаас 1,211,599 /нэг сая хоёр зуун арван нэгэн мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ид, 5,784,730 /таван сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л  нь хохирогч Д.С гийн цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, хүн асарсан ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН