Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 01190

 

Ц.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 183/ШШ2018/00554 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бы хариуцагч Ц.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 875 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0.5 хувийн алданги авахаар зээлийн гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг Ц.Мт шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу үүргээ Ц.М огт биелүүлээгүй эргэн төлсөн төлбөр байхгүй өнөөдрийг хүрлээ. Ц.М зээлийг төлөх боломжтой хэрнээ зээлээ төлье гэсэн санаачлага гаргаагүй. Ц.Б тухайн өдөр бэлэн мөнгөтэй байсан учир өөрийн данс руу мөнгөө хийгээд түүнийгээ Ц.Мын данс руу шилжүүлсэн. Үүнийг л Ц.М мөнгийг өгсөн гэж тайлбарлаад байна. Тухайн өдөр хариуцагч нэхэмжлэгчээс 100 000 төгрөг буцалтгүй тусламжаар өгөөч гэхэд Ц.Б тухайн өдөр 100 000 төгрөгийг Ц.Мт өгсөн. Иймд Ц.Б надад дээрх зээлийн гэрээний дагуу Ц.Маас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 250 000 төгрөг, алданги 2 625 000 төгрөг, нийт 7 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан өөрийн 5027599198 дугаар дансанд хийснийг нь мөн өдөр бэлэн аваад Ц.Бы 5374418754 дугаар дансанд буцааж хийсэн учир зээлийн гэрээ тэр өдрөө дуусгавар болсон. Тухайн өдөр 12:58 цагт Ц.М өөрийн данснаас 5 100 000 төгрөг зарлагадаад 5 100 000 төгрөгийг 12:59 цагт Ц.Бы данс руу хийсэн. Ц.М нэг теллерээс мөнгө аваад тухайн теллерээрээ Ц.Бы данс руу хийлгэсэн нь теллерийн гарын үсэг, нэг теллерээр үйлчлүүлсэн байдал зэргээр нотлогдоно. 12:43 цагт шилжүүлсэн 100 000 төгрөгийг нэхэмжлэгч шүүх хуралдаан бүр дээр өөр, өөр байдлаар тайлбарлаад байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед зээлийн гэрээ байгуулаад 5.000.000 төгрөгийг авсан боловч түүнийг тэр даруйдаа мөнгө зээлэхээ болиод буцааж өгсөн учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн  заасныг баримтлан хариуцагч Ц.Маас 7 875 000 төгрөг гаргуулж Ц.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Маас 140 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь өөрийн данснаас мөнгө авч нэхэмжлэгчийн данс руу хийсэн. 1 теллер дээр хийсэн дараалсан үйлчилгээ байсан нь талуулын дансны хуулгаар тогтоогдоно. Мөн хариуцагч талаас дарааллсан гүйлгээ, 1 теллер дээр хийгдсэнийг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч 5 100 000 төгрөгөө буцаан авчихаад одоо нэхэмжлээд байгаа нь хууль бус юм. 100 000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч янз бүрээр тайлбарладаг. Нэхэмжлэгчийн дансанд хариуцагч Ц.М хэдэн цагт, хэдэн төгрөг орсныг мэдэж байгаа нь мөнгөө төлсөн гэдгийг нотолж байгаа болно. Өөр хэн ч хэний данс руу хэдэн төгрөг орсныг мэдэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 875 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.27/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүхээс хуульд заасан журмын дагуу явуулах нь ач холбогдолтой. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган, шүүх хуралдааныг товлоогүй атлаа хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Уг захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл, товлосон хугацаа тодорхой болно.

 

Шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох нь “шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” зарчмыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах тухай хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

Түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 534 дугаар шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар хэрэгт авагдсан байна. /хх.117-129/ Уг шинжээчийн дүгнэлтийн шинжилгээнд ирүүлсэн зүйл хэсэгт “Ц.Бы гэх бичвэр”, дүгнэлт хэсэгт “Ц.Мын гэх бичвэр” гэж хольж бичсэн, агуулга нь илт зөрүүтэй, эргэлзээтэй нотлох баримт байна. Энэ тохиолдолд шүүх нь шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллагын хувьд уг байдлыг арилгуулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх журмыг баримтлаагүй байна.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.1, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 183/ШШ2018/00554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                                 ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ