Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

 

  2020             4              7                                          2020/ДШМ/430

 

 

           А.С, Н.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Батнасан,

яллагдагч А.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

яллагдагч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Батнасангийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр А.С, Н.Г нарт холбогдох 1802002670266 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн А-ийн С, 1980 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Ө овгийн Н-ийн Г, 1968 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник ашиглалтын инженер мэргэжилтэй, .... ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр ... дугаар баг, Арвайхээр ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, .... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;

Яллагдагч А.С нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллах байх үедээ тус ангийн захирагч Н.Гтай бүлэглэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх заалтад заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах бүрэн эрх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.13 дахь заалтад заасан “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах”, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Төсвийг ангиллын дагуу оновчтой төлөвлөж, зориулалтаар үр ашигтай зарцуулах” албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж,

2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд тус ангийн албан хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх албан хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаасаа зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Одончимэгээс бэлнээр авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

тус ангийн захирагч Н.Гд 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 180.000 төгрөгийг “Хаан” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “Хаан” банкны 5071194155 дугаарын дансаар шилжүүлэн, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр өгч, өөртөө 443.995.333 төгрөгийн, Н.Гд 3.028.500 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон, Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Яллагдагч Н.Г нь Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Стэй бүлэглэн ажлын байрны тодорхойлолтод заасан “Төрийн өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьж нэг бүрчлэн тооцдог журмыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах албан үүрэг”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, мөн хуулийн 16.5.5 дахь хэсэгт “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.6 дахь хэсэгт “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 16.5.7 дахь хэсэгт “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах”, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна” гэж заасан бүрэн эрх, ангийн захирагчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 180.000 төгрөгийг “Хаан” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “Хаан” банкны 5071194155 дугаарын дансаар, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан үйлдлээр болон Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн хөрөнгийн орлого, зарлагын баримт, санхүүгийн тайланд 1 дүгээр гарын үсэг зурж, тус ангийн санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч А.С 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх албан хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаас зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөгийг, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Одончимэгээс бэлнээр авч, улсад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдэж, өөртөө 3.028.500 төгрөгийн, бусдад буюу А.Ст 443.995.333 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.С, Н.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нарт холбогдох хохирлыг нарийвчлан тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд;

1. 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх алба хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаас зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч Н.Г нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан хэн нь хэдэн удаа хэдэн төгрөгийг авсан нь тодорхойгүй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулах,

2. Шинжээчийн дүгнэлтэд А.С 2016 онд 155.891.507.58 төгрөгийг, 2017 онд 99.637.051 төгрөгийг, 2018 онд 34.900.100 төгрөг, нийт 290.428.658.58 төгрөгийг, мөн нягтлан А.Доржваанчигийн дансаар 2016 онд 21.177.564 төгрөгийг, 2017 онд 6.000.000 төгрөгийг, нийт 27.177.564 төгрөгийг, нярав Баттуяа 2016 онд 1.430.248.24 төгрөгийг авсан, нярав Г.Одончимэг нь 2017 онд 97.181.635.45 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сар хүртэл дансаар 26.763.595 төгрөгийг авсан гэх тул нэр бүхий  хүмүүсийг мөрдөн шалгаж, иргэний хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэх,

3. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүжилтэнд хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтнуудад зохих хууль тогтоомжид заасны дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах,

4. Яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа алдааг засуулах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.С, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Р.Батнасан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд;

1. 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх алба хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаас зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч Н.Г нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан хэн нь хэдэн удаа, хэдэн төгрөгийг авсан нь тодорхойгүй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэжээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд Н.Г, А.С нар өөрийн болон бусдын дансаар дамжуулан хэн нь хэдэн төгрөг авсан болохыг ялгамжтайгаар тусгасан болно. Гэтэл прокурорын шийдвэрт дурдагдсан яллагдагчдын үйлдэл, тухайн үйлдлийн улмаас учруулсан хохирлын дүнг эргэлзээтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх дараах үндэслэлүүдийг бий болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь “яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д зааснаас 6.17-д заасан нөхцөл байдлуудад зөвхөн дүгнэлт хийх ёстой.

Гэтэл яллагдагчдын гэм бурууг тодорхойлох нотлох баримт, яллах талын нотлох баримтын үнэлгээ, хууль зүйн дүгнэлт, прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээ хязгаарыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд Н.Г, А.С нар өөрийн болон бусдын дансаар дамжуулан хэн нь, хэдэн удаагийн үйлдлээр, хэдэн төгрөг авсан болохыг ялгамжтайгаар тусгасан байтал түүнийг шүүх хэрхэн үгүйсгэж, няцааж байгааг тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй байна гэж үзнэ.

2. Шинжээчийн дүгнэлтэд А.С 2016 онд 155.891.507.58 төгрөгийг, 2017 онд 99.637.051 төгрөгийг, 2018 онд 34.900.100 төгрөг, нийт 290.428.658.58 төгрөгийг, мөн нягтлан А.Доржваанчигийн дансаар 2016 онд 21.177.564 төгрөгийг, 2017 онд 6.000.000 төгрөгийг, нийт 27.177.564 төгрөгийг, нярав Баттуяа 2016 онд 1.430.248.24 төгрөгийг авсан, нярав Г.Одончимэг нь 2017 онд 97.181.635.45 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сар хүртэл дансаар 26.763.595 төгрөгийг авсан гэх тул нэр бүхий  хүмүүсийг мөрдөн шалгаж, иргэний хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэх гэжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар А.С нь бусдын дансаар илүү бичсэн цалинг авдаг байсан, уг илүү бичилттэй мөнгийг нягтлан бодогч А.Доржваанчиг, нярав Г.Одончимэг, Баттуяа нарын дансанд шилжүүлснийг А.Доржваанчиг, Г.Одончимэг, Баттуяа нар тухай бүрт мөнгийг нь авч, А.Ст өгсөн байсан үйл баримт нотлогдсон.

Төсвийн хөрөнгөөс хууль бус аргаар гаргасан мөнгийг А.Доржваанчиг, Г.Одончимэг, Б.Баттуяа нар авсан гэх үйл баримт мөрдөн шалгах бүхий л ажиллагаагаар нотлогдоогүй байхад тэд нарыг иргэний хариуцагчаар татах нь тухайн иргэдийн эрхийг ноцтой зөрчих үр дагаварт хүргэнэ.

Энэ агуулгаар авч үзвэл, шүүгчийн захирамжид дурдсан энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь “яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан нөхцөл байдлуудад дүгнэлт хийх хүрээ хязгаарыг зөрчсөний зэрэгцээ, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй байна.

3. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн санхүүжилт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтнуудад зохих хууль тогтоомжид заасны дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэжээ.

А.С нарт холбогдох хэргээс 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр яллагдагч М.Амаржаргал, Л.Оюунболд, П.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг яллагдагч Н.Гантулгын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий прокурор болон Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын дээрх шийдвэрийг хянаж үндэслэлтэй гэж үзэж хариу мэдэгдсэн байна. Иймд энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.

Шүүх дурдсан асуудлаар дахин дүгнэлт хийхийг шаардсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хүрээ хязгаарыг болон шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах зарчмыг тус тус зөрчиж, яллах талын байр суурийг илэрхийлсэн гэж үзнэ.

4. Яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа алдааг засуулах гэжээ.

Яллах дүгнэлт болон хавсралтад хохирлыг зөрүүтэй тусгасан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас яллагдагч нарт тус бүрт ямар хэмжээний эдийн засгийн давуу байдал бий болсон талаар яллах дүгнэлтэд тодорхой тусгасан бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлын хэмжээг нэмж тусгасан болно.

Иймд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Яллагдагч Н.Г “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч А.С “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Яллагдагч А.Сийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч А.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаагүй. 2019 оны 7 дугаар сараас эхлэн сар болгон 500.000 төгрөг өгөх байдлаар хохирлоо төлж байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанд энэ талаарх баримтыг гаргаж өгөх байр суурьтай байгаа” гэв.

Яллагдагч Н.Гантулгын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаартай шүүгчийн захирамж хэргийн нөхцөл байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирлын асуудал дутуу шалгагдсан. Яллагдагч Н.Г тухайн үед Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан. Гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч өнгөрсөн хугацаанд санхүүжилт болоод уг хэрэгт дурдсан үйл явдал дан ганц Н.Гар дамжиж өнгөрөөгүй. Санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нараас гадна Зэвсэгт хүчний жанжин штабын эрх бүхий албан тушаалтнууд уг хэрэгт тодорхой хэмжээгээр буруутай гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. Харамсалтай нь мөрдөн байцаах болон прокурорын шатанд эдгээр хүмүүсийг шалгаж байсан боловч хэрэгсэхгүй болгосон үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр гэж үзэж, Улсын ерөнхий прокурорт гомдол саналаа гаргаж байсан. Тухайн үед нярав, нягтлангаар ажиллаж байсан хүмүүс мөнгийг хууль бус аргаар авсан гэдгийг мэдсээр байж авч байгаа нь санаатай үйлдэл юм. Иймд эрүүгийн хариуцлагад татах, шаардлагатай тохиолдолд иргэний хариуцагчаар татах үндэслэлүүд хавтас хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байдаг. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч А.С, Н.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, А.С, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар шалгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд яллагдагч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд прокурор Р.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.С, Н.Г нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.С, Н.Г нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч А.Сувданчмэг, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ