Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 127/ШШ2021/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 127/2021/0003/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Х-т холбогдох

            Хэнтий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хийсэн эрхийн улсын бүртгэлийн ................... /.................../ дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий

            Гуравдагч этгээд: Э-ны

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ................... дүгээр бүртгэл бүхий 000087876 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч О, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын ахлах бүртгэгч С- /цахимаар/, гуравдагч этгээд Х.Баатарбилэг, нарийн бичгийн дарга Д.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие улсад 33 жил ажиллаж байгаагаас 1994-2010 онуудад Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт орон сууцны байцаагчаар тасралтгүй 16 жил ажилласан.

            2004 оны 12 дугаар сард батлагдсан, Бор-Өндөрийн УБҮ-ийн мэдлийн орон сууцны 2 дахь шатны хувьчлалын журмын 1.2-ийн “а”-д заасны дагуу, үйлдвэрт тасралтгүй 10 жилээс дээш ажилласан тул миний бие өөрийн амьдарч байсан 49-57 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлан авсан.

            Үйлдвэрийн захиргаанд орон сууцны нөхцөл сайжруулах өргөдөл гаргасны дагуу 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Ц.Баттөмөрийн чөлөөлсөн 49-06 тоот 3 өрөө орон сууцыг надад олгохоор шийдвэрлэсэн. Уг орон сууцыг надад Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу өгсөн. Х-т хүсэлтээ өгөхөд улсын бүртгэгч О.Нарангарав ................... дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон. Тухайн үед улсын бүртгэгч 49-06 тоотыг өөр айл өмчлөгчөөр бүртгүүлсэн тухай хэлээгүй. Миний хувьд давхар бүртгэгдсэн гэж ойлгоогүй.

            2020 оны 2 дугаар сард Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс дуудаж, Э-ны гаргасан, 49-06 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг танилцуулахад С.Ганхуяг нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байсныг мэдсэн.

            Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн өргөтгөсөн хурлын протоколоос үзэхэд, 49-06 тоот орон сууцыг “С.Ганхуяг  хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах” гэж шийдвэрлэсэн байдаг. С.Ганхуяг нь Улаанбаатар хот руу шилжиж, байрнаасаа татгалзаад үйлдвэрт буцааж өгсөн. Уг орон сууцыг орон сууцны комиссын 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хурлаар ТЗМЦ-ийн механик Ц.Баттөмөрт өгсөн. Үйлдвэр хүний өмчийг хуваарилж өгөхгүй шүү дээ. Ингээд Ц.Баттөмөр шилжихэд нь 49-06 тоот орон сууцыг надад хувьчлан олгосон. Уг орон сууцанд манайх 13 жил амьдарч байна. Бид бүхний эрх хөндөгдөж байгаа учраас С.Ганхуягт олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүсэж байна. С.Ганхуягийг өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээг хүчингүй болгох дараах үндэслэлүүд байна:

            -С.Ганхуяг нь Улаанбаатарт орон сууц хувьчлан авсан нь нотлогдсон

            - Бор-Өндөрийн УБҮ-ийн 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн өргөтгөсөн хурлын протокол

            -Гэрч З.Лхагвасүрэнгийн мэдүүлэг зэрэг баримтууд байгаа.

            С.Ганхуягийг 49-06 тоот орон сууцыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээвэл Орон сууц хувьчлах тухай хууль зөрчигдөнө. С.Ганхуяг болон түүний хүүхдүүд Улаанбаатар хотод бүгд байртай. Манайд 49-06 тоотоос өөр орон сууц байхгүй учраас манай эрх хөндөгдөнө. Иймд эд хөрөнгө өмчлөх эрхийн ................... дугаар бүртгэлийг хэвээр байлгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгч Б-ийн өмгөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 49-06 тоот орон сууц нь Б-т хуулийн дагуу хувьчлагдсан. Уг орон сууцыг анх С.Ганхуягт хувьчлахаар шийдвэрлэсэн боловч С.Ганхуяг нь хотод байр авна гэж 49-06 тоот орон сууцнаас татгалзсан тул үйлдвэр буцааж авсан байдаг. С.Ганхуяг нь хотод өөр байр авсан тул Бор-Өндөр сум дахь 49-06 тоот орон сууцны гэрчилгээгээ хүчингүй болгуулах ёстой байсан боловч тэгээгүй байна. Ингэснээр С.Ганхуяг нь хоёр орон сууц хувьчилж авсан. Энэ нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, “нэг удаа үнэгүй” хувьчлах тухай заалт зөрчигдсөн.

            Энэ алдаа зөрүүтэй асуудлыг залруулахаар Х-т хандсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д, ... өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасан байдаг.  Х- нь хүсэлтийг хангаагүй тул захиргааны хэргийн шүүхэд хандсан. С.Ганхуяг нь Бор-Өндөр сум дахь 49-06 тоот орон сууцнаас татгалзаж, Улаанбаатар хотод орон сууц хувьчлан авсан тул улсын бүртгэлийн байгууллага С.Ганхуягийн 49-06 тоот орон сууц өмчлөх эрхийг дуусгавар болгож, бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхийн улсын бүртгэлийн ...................1 /.................../ дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь 49 дүгээр байрны 1-06 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны зориулалттай, С.Ганхуяг /СЩ52070213/, Э-н /СЩ75021259/, Г.Эрдэнэлхам /СЩ79011512/, Г.Энх-Оюун /СЩ73112303/ нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэлд анх удаа бүртгүүлэх мэдүүлэг, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тогтоол, орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн 01 тоот гэрчилгээ, үйлчилгээний хураамж, зэрэг нотлох баримтыг гаргаж өмчлөх эрхийг бүртгүүлсэн.

... Эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь 49 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай, П.Хишигбаяр /ЕТ64031713/, Б- /СЩ63112021/, Х.Баатарбилэг /СЩ79011512/, Х.Уранбилэг /СЩ95031001/ нарын 2005 оны 3 сарын 16-ний өдөр гаргасан төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 146 тоот тогтоолоор орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн 146 тоот гэрчилгээ, үйлчилгээний хураамж, зэрэг бусад нотлох баримтыг үндэслэж өмчлөх эрхийг бүртгэсэн.

Мөн 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б- нь “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын орон сууц сольсонтой холбоотой 49 дүгээр байрны 57 тоот орон сууцыг хувьчлах тухай 2004 оны 146 тоот тогтоол гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай тушаал, мөн 49 дүгээр байрны 06 тоот орон сууцыг өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгосон тухай тушаал, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор Бор-Өндөр хот дахь 49 дүгээр байрны 06 тоот орон сууцыг өмчлөх орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн 06 тоот гэрчилгээ, үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт, өмчлөгчийн гаргасан өргөдөл, Бор-Өндөр 2 хэсгийн 49 дүгээр байрны 06 тоотод оршин суудаг багийн, ЗД-ын тодорхойлолт, хувьчлалын товчооны хурлын тэмдэглэл, орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ, орон сууцны фото зураг, план зураг, зэрэг нотлох баримтыг гарган Бор-Өндөр 2 дугаар хэсэг 49 дүгээр байрны 06 тоот болгон эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Иймд төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуул”-ийн 7.1, 10.1, 10.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 182.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны тогтоол буюу /өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр/, орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн, эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлтийн оруулах бүртгэл бүртгэхдээ “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын орон сууц сольсонтой холбоотой 49 дүгээр байрны 57 тоот орон сууцыг хувьчлах тухай 2004 оны 146 тоот тогтоол гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай тушаал, мөн 49 дүгээр байрны 06 тоот орон сууцыг өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгосон тухай тушаал, Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор Бор-Өндөр хот дахь 49 дүгээр байрны 06 тоот орон сууцыг өмчлөх орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн 06 тоот гэрчилгээ, үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт, өмчлөгчийн гаргасан өргөдөл, Бор-Өндөр 2 хэсгийн 49 дүгээр байрны 06 тоотод оршин суудаг багийн ЗД-ын тодорхойлолт, хувьчлалын товчооны хурлын тэмдэглэл, орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ, орон сууцны фото зураг, план зураг, зэрэг “нотлох баримтыг тус тус үндэслэн бүртгэсэн байна.

Иймд Б-ийн нэхэмжлэл, Э-ны гаргасан шаардлага хуулийн үндэслэлгүй байна.

49-06 тоот орон сууцыг хэн өмчлөх эрхтэй болохыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Гуравдагч этгээд Х.Баатарбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр сумын 49-06 тоот орон сууц нь миний аав, ээж, дүү бид дөрвийн өмч юм. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны шийдвэрээр хувьчилж авсан. Авсан цагаасаа одоог хүртэл тасралтгүй амьдарч байна. Энэ хугацаанд С.Ганхуяг нь бидэнд хандаж байгаагүй. Нэг байранд хоёр бүртгэл хийгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд, эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болсон бол улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг хаахаар заасан байдаг. Иймд Э-ны бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Гуравдагч этгээд Э-н шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: “...Миний аав Сурахын Ганхуяг Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхайд уурхайчин МУ-ын Хөдөлмөрийн баатар цолтой одоо амьд сэрүүн амьдарч байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр уурхайд ажлынх нь үр бүтээлийг үнэлж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, холбоо 49 дүгээр байр, 06 тоот, 37,8 мкв метр орон сууцыг өгч уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Ганхуяг /СЩ52070219, Э-н СЩ75021251, Г.Эрдэнэлхам СЩ79011512, Г.Энх-Оюун СЩ73112303 нар бүртгүүлэн “ҮЛ ХӨДЛӨХ УЛСЫН БҮРТГЭЛ”- ийн гэрчилгээг 2001 онд аваад аав маань эмчилгээ хөөцөлдөж Улаанбаатар хот руу, дүү нар өөр өөрсдийн амьдралыг хөөж 2000 оны үед Улаанбаатар хот орж ирсэн. Миний хувьд эрдэм ном хөөж гадаад улс руу явсан. Ингэж явахдаа Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Уурхайн засвар механикийн цехэд ажиллаж байсан миний өөрийн танил найз Ц.Баттөмөрт тавилгын хамт үлдээж явсан. Баттөмөр хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд "Орон сууцны байцаагч"- аар ажиллаж байсан Б- нүүж орсон байсан. Бидний зүгээс Бадамцэцэгийг орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Эрдэнэлхам өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Б- загнаад хөөгөөд явуулсан. Иймд бид арга буюу “ Б-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Бор- Өндөр сум дахь сум дундын шүүхэд гаргасан.

Гэтэл холбогдох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Ганхуяг, Э-н, Г.Эрдэнэлхам, Г.Энх-Оюун нарын өмчлөл болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, холбоо 49 дүгээр байр, 06 тоот, 37,8 мкв метр орон сууцыг Б- нарын 4 хүний хууль ёсны өмчлөгч гэж тогтоон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай “ГЭРЧИЛГЭЭ”-г 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр давхар олгосныг нотлох баримт цуглуулах явцдаа мэдээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь “Сум дундын шүүхэд" гаргасан нэхэмжлэлээ “татан” авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус “ үндэслэлээр “Нэхэмжлэлийг хүлээн авах”-аас татгалзсан.

Бидний зүгээс “...ямар учраас Бадамцэцэг гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гарсныг шалгаж өгнө үү” гэсэн утгатай "Хүсэлт"-ийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандан гаргахад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас “Хүсэлт”-ийг хянаад ... эрхийн улсын ..................., ................... дугаартай дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Б- нарт ийнхүү давхардуулан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн “ГЭРЧИЛГЭЭ” олгосон нь дээрх орон сууцыг өмчлөгч С.Ганхуяг, Э-н, Г.Эрдэнэлхам, Г.Энх-Оюун нар хохирч байна.

Иймд 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ................... дугаарт бүртгэж олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000087876 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б- нь Хэнтий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хийсэн эрхийн улсын бүртгэлийн ................... /.................../ дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Мөн, гуравдагч этгээд С.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-н нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ................... дүгээр бүртгэл бүхий 000087876 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад уг шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

            1. Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

            Нэхэмжлэгч Б-ийн хүчингүй болгуулахыг хүссэн, Хэнтий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын /тухайн үеийн нэрээр/ 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн бүртгэлээр, Сурах овогтой Ганхуягийг /4 хүний хамтын өмч/ Бор-Өндөр хотын 3 дугаар хороо 49 дүгээр байрны 06 тоот /37.8 м2 гурван өрөө/ орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0027640 дугаар гэрчилгээ олгосон байна[1].  Уг эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга бөгөөд эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 168 дугаар тушаалаар хүчингүй болгож, залруулан шинээр ................... дугаар олгожээ[2]

            Мөн, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн газрын 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлээр П.Хишигбаяр, Б-, Х.Баатарбилэг, Х.Уранбилэг нарыг Бор-Өндөр хот 2 дугаар хэсэг 49-06 тоот /62.2 м2 талбайтай/ орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000087876 дугаар гэрчилгээ олгогджээ[3].

            Гуравдагч этгээд С.Ганхуягийг Бор-Өндөр сумын 49-06 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Б- болон түүний өмгөөлөгч О нар тайлбарлахдаа, “С.Ганхуяг нь тухайн үед Улаанбаатар хотод орон сууц хувьчлан авах болсон  тул 49-06 тоот орон сууцыг үйлдвэрт буцаан өгсөн,  гэвч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж, гэрчилгээгээ хүчингүй болгуулаагүйн улмаас өмчлөгч бидний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. С.Ганхуягт “Монголросцветмет” нэгдлээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 204-38 тоот орон сууц олгож, 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хувьчилсан, С.Ганхуяг нь  Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотод орон сууц үнэгүй хувьчилж авчихаад, бидний хууль ёсоор олж авсан байрыг олон жилийн дараа авах гэж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа, С.Ганхуягийн гаргасан мэдүүлгийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь 49 дүгээр байрны 1-06 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр холбогдох нотлох баримтыг үндэслэн, Эрхийн улсын бүртгэлийн ...................  /.................../ дугаарт 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдөр бүртгэсэн, уг бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан болно.

            Гуравдагч этгээд Сурахын Ганхуягийг Бор-Өндөр сумын 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны өмчлөгчөөр /4 хүний хамтын өмч/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд,

- “Монголросцветмет” нэгдлийн орон сууц хувьчлах журамд заасан нөхцөлийн дагуу эзэмшиж байгаа орон сууцаа хувьчлан авах болзол хангасан хүмүүсийн нэрсийн жагсаалт /2001 оны 3 сарын 26/[4]

- Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тогтоол, 01 тоот гэрчилгээ,[5]

- Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0027640 дугаар гэрчилгээ[6] зэргээр нотлогдож байгаа ба эдгээр үйл баримттай хэргийн оролцогч нар маргахгүй байна. /Ийнхүү бүртгүүлснийг 2020 оны 02 дугаар сард мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлав/

            Нэхэмжлэгч Б- нь С.Ганхуягийг “Монголросцветмет” нэгдлээс Улаанбаатар хотод орон сууц хувьчлан авсан гэж тайлбарлан, нэхэмжлэлдээ Орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, орон сууц хувьчлалын 2004 оны 5 дугаар сарын 10-ны 0101835 тоот гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /2006.03.28-ны өдрийн/ зэрэг С.Ганхуягтай холбоотой нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн[7].

            Эдгээр нотлох баримтаар, гуравдагч этгээд С.Ганхуяг нь Бор-Өндөр сумын 49-06 тоот орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснийхээ дараа, 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 204-38 тоот орон сууцыг хувьчлан авсан үйл баримт тогтоогдож байгаа ч энэ нь хариуцагч Хэнтий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын /тухайн үеийн нэрээр/ үйл ажиллагаатай холбоогүй байна. Нэхэмжлэгч Б-ийн тайлбарлаж байгаа, орон сууцыг “нэг удаа үнэгүй” хувьчлах зарчим зөрчигдсөн гэх үндэслэл нь хариуцагч   Хэнтий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын үйл ажиллагаа, чиг үүрэгт хамааралгүй тул хариуцагч байгууллагын 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хийсэн эрхийн улсын бүртгэлийн ................... /.................../ дугаар бүртгэлийг буруу ташаа, эсхүл хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

            Гуравдагч этгээд С.Ганхуягийг үйлдвэрээс хувьчилж өгсөн 49-06 тоот орон сууцнаас татгалзан, буцааж өгсөн гэж нэхэмжлэгч Б- тайлбарлаж байгаа ч үүнийг нотолсон баримт байхгүй, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн, орон сууцны тухай өргөтгөсөн хурлын протокол[8]  /уг протоколд, 49-06 тоот - С.Ганхуяг хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах гэж тусгасан/-оос өөр нотлох баримт байхгүй, улсын бүртгэлийн байгууллагад ямар нэгэн шийдвэр хүргүүлээгүй байна.

            Иймд, эрхийн улсын бүртгэлийн ................... /.................../ дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

            2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ны бие даасан шаардлагын тухайд,

Гуравдагч этгээд С.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-н өөрсдийнх нь өмчлөлийн Бор-Өндөр сумын 49-06 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б- нарын 4 хүний өмчөөр давхар бүртгэсэн гэх үндэслэл дурдаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ................... дүгээр бүртгэл бүхий 000087876 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан.   

            Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа, “нэхэмжлэгч Б-ийн гаргасан мэдүүлгийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь 49-57 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.Хишигбаяр нарын 4 хүнийг 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Мөн Б- нь орон сууц сольсонтой холбоотой холбогдох нотлох баримтыг үндэслэн, Бор-Өндөр 2 дугаар хэсэг 49-06 тоот болгон өөрчлөлт оруулсан. Э-ны гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан болно.

            Нэхэмжлэгч Б-т Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар тогтоолоор Бор-Өндөр хот дахь 49 дүгээр байрны 57 тоот 2 өрөө орон сууцыг хувьчилж өгсөн бөгөөд Б-ийн гаргасан мэдүүлгийн дагуу Хэнтий аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1804002087 дугаарт бүртгэж, 000107474 дугаар гэрчилгээ олгосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ[9], эд хөрөнгө өмчлөх эрхийн 000107474 дугаар гэрчилгээ[10]  зэргээр тогтоогдсон.

            Нэхэмжлэгч Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа, “орон сууцны нөхцөл сайжруулахыг хүсч, өргөдөл гаргаж байсны дагуу Бор-Өндөрийн УБҮ-ийн орон сууцны комиссын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр 49-06 тоот 3 өрөө орон сууцыг надад хуваарилсан” гэж тайлбарлан, Бор-Өндөрийн УБҮ-ийн Орон сууцны хурлын протокол[11], Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 150, 151 дүгээр тушаал[12], орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ №06[13]  зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн.

Эдгээр баримтууд болон бусад баримтуудыг үндэслэн, Б-ийн гаргасан мэдүүлгийн дагуу, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь Бор-Өндөр сумын 49-06 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Хишигбаяр, Б-, Х.Баатарбилэг, Х.Уранбилэг нарыг эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгосон, эд хөрөнгө өмчлөх эрхийн  000087876 тоот гэрчилгээ[14] зэргээр нотлогдож байна.

Энэхүү бүртгэлийн талаар хариуцагчаас тайлбарлахдаа, Б- нь 49-57 тоот орон сууцаа сольсонтой холбоотой эрхийн улсын бүртгэлд 49-06 болгон өөрчлөлт оруулсан гэж тодорхой бус тайлбар гаргасан.  Хариуцагч түүнчлэн, 49-06 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Ганхуяг нарыг бүртгэсэн ................... дугаар бүртгэл хүчинтэй гэж тайлбарлаж байна.

Ийнхүү, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 49 дүгээр байрны 06 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн эрхийн  улсын ................... дугаар бүртгэлээр С.Ганхуяг, Э-н, Г.Эрдэнэлхам, Г.Энх-Оюун нар бүртгэлтэй байгаа бол 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эрхийн улсын ................... дугаар бүртгэлээр П.Хишигбаяр, Б-, Х.Баатарбилэг, Х.Уранбилэг нар мөн өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа нь тогтоогдож байна. Иймээс эрхийн улсын бүртгэлийг давхардуулан бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй, 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эрхийн улсын бүртгэлээр гуравдагч этгээд С.Ганхуяг нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзнэ. Эрхийн улсын бүртгэлийг давхардуулан бүртгэсэн үндэслэлээр хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5318 дугаар дүгнэлтээр эрхийн улсын ..................., ................... дугаартай бүртгэлүүдийг түдгэлзүүлсэн болохыг дурдах нь зүйтэй[15]

Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн талаар тайлбарлахдаа “Улсын бүртгэгч О.Нарангарав нь төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1, 10.1, 10.6 дахь хэсэгт заасны дагуу бүртгэсэн” гэж тайлбарласан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эрхийн улсын ................... дугаар бүртгэлийг хийх үед 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиуд үйлчилж байсан тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан бүртгэлийн үйл ажиллагаандаа эдгээр хуулиудыг баримталсан эсэхэд дүгнэлт хийнэ.

Бор-Өндөр сумын 49-06 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Ганхуяг болон түүний хүүхдүүдийг 2001 онд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд уг бүртгэл хүчинтэй байхад хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь нэхэмжлэгч Б-ийн мэдүүлгийг 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 15.4-д тус тус заасныг зөрчжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.8-д тус тус зааснаар, улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж олгох, улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт, мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгөхөөр заасан.

Мөн уг хуулийн 15.4-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана” гэж заажээ.

Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам”-ын 13 дугаар зүйлд, эрхийн улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг заасан бөгөөд уг 13 дугаар зүйлийн 10 дахь заалтад, эрхийн улсын бүртгэлийн дугаарыг давхардуулан олгох, тухайлбал, нэг эд хөрөнгөд нэгээс илүү дугаар олгохыг хориглох, 11 дэх заалтад, эрхийн улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эд хөрөнгийг хууль бусаар дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглохоор заасан.

Хууль, журмын эдгээр заалтууд зөрчигдсөн тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ны бие даасан шаардлагыг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн, эрхийн улсын бүртгэлийн ................... дүгээр бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000087876 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б-,  “зохих хууль, журмын дагуу шударгаар олж авсан байрыг С.Ганхуяг нар 20 жилийн дараа авах гэж байгаад эрх ашиг зөрчигдөж байна” гэж тайлбарласан, мөн шүүх хуралдаанд оролцсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С- “49-06 тоот орон сууцны өмчлөгчийг тогтоож өгнө үү” гэх тайлбар гаргасан. Өмчлөх эрх болон өмчлөгчөөр тогтоохтой холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн мэдлийн 49-06 тоот орон сууцыг хувьчлах тухай Орон сууц хувьчлалын  товчооны 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 01 тоот тогтоол[16] болон 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот шийдвэрийн[17] талаар хэргийн оролцогч нар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997/ хуулийн 6 дугаар зүйлийн 1,2, 11 дүгээр зүйлийн 1,2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2001 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн ................... /.................../ дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагч Х-т  даалгах тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 18 дугаар зүйлийн 18.1.5, 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 15.4-д тус тус заасныг баримтлан, гуравдагч этгээд С.Ганхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ны бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн, эрхийн улсын бүртгэлийн ................... дүгээр бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000087876 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Б-, гуравдагч этгээд Э-н нараас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Э-нд олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЛЖМАА

 

[1] Хавтаст хэргийн 87 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 102 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 123 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 107, 111 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 87 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 20-25 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 127-129 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 171 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 59,172 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 16 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 58, 13 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 14 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 75 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 107 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 12 дугаар тал