Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0503

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0452 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

 

Хэргийн индекс: 128/2026/0196/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Б.Б-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0452 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н давж заалдах гомдлын агуулга:

“Маргаан бүхий акт нь хуульд заасан бодит үндэслэлгүй буюу илт хууль бус талаар:

Анхан шатны шүүх нь уг захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч дараах бодит нөхцөлийг анхаарч үзээгүй байна. Нэхэмжлэгчийн газар нь Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөлд орсон, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, газрыг барилгажилтад зориулахаар хувь нийлүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа тул нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломж бодит нөхцөл байдлаар хязгаарлагдсан байхад "2 жил ашиглаагүй" гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган хариуцлага хүлээлгэсэн захирамж нь бодит нөхцөлд нийцээгүй хууль зүйн бодит үндэслэлгүй илт хууль бус акт гэж үзнэ. Хэнийг ч зөрчил гаргаагүй байхад нь хариуцлага хүлээлгэж болохгүй.

"Хүндэтгэх шалтгаан"-ыг огт үнэлээгүй нь илт зөрчил Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэх шалтгаангүйгээр ашиглаагүй" тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Гэтэл дахин төлөвлөлт, төслийн гэрээ, төрийн шийдвэрээр газар ашиглах боломжгүй болсон нөхцөл нь хүндэтгэх шалтгаан мөн. Анхан шатны шүүхээс уг нөхцөлийг үнэлээгүй, зөвхөн зориулалтын дагуу "ашиглаагүй" гэж дүгнэсэн нь хууль дээдлэх, хуульд үндэслэх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж илт алдаа бүхий дүгнэлт гаргасан.

Сонсох ажиллагаа бодитоор хангагдаагүй. Хариуцагч цахим хуудсаар нийтэлснийг "сонсох ажиллагаа" гэж тайлбарласан. Анхан шат үүнийг сонсох ажиллагаа явагдсан гэж зөвшөөрсөн. Гэвч нэхэмжлэгчид шууд мэдэгдэл өгөөгүй, тайлбар гаргах бодит боломж олгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 32-р зүйлд заасан оролцоог хангах тайлбар гаргах боломж олгох шаардлага зөрчигдсөн. Иймд захиргааны акт нь процессын ноцтой зөрчилтэй энэ нь илт хууль бус актын шинжид хамаарна.

Хуулийн зарчим зөрчсөн. Иргэний зөрчил тогтоогдоогүй байхад шууд хамгийн хатуу арга хэмжээ (эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох) хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагаанд мөрдөх тусгай зарчмыг ноцтой зөрчсөн”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах байтал гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа нь тогтоогдсон. Эзэмшигч зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантайг мэдсээр байж хууль зөрчсөн илэрхий үйлдэл хийсэн нь илт хууль бус актын шинж бүрдүүлнэ.

Захиргааны шийдвэр бодит нөхцөлтэй зөрчилдсөн. Анхан шатны шүүх газар дахин төлөвлөлтөд орсон, төсөл хэрэгжүүлэгч ажилласан гэдгийг тогтоосон. Гэтэл энэ нөхцөл байдал үргэлжилж байхад "ашиглаагүй" гэж дүгнэж эрх цуцалсан нь бодит нөхцөлтэй илэрхий зөрчилдсөн шийдвэр болно.

Иймд маргаан бүхий захирамж нь бодит нөхцөлд нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн, сонсох ажиллагаа хангагдаагүй, хүндэтгэн үзэх бодит шалтгааныг тогтоосон хэрнээ үнэлээгүй, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг ноцтой зөрчсөн, зөрчил гаргаагүй иргэнд хариуцлага хүлээлгэсэн акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан "илт хууль бус захиргааны акт"-ын шинжийг бүрдүүлж байгаа учраас Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч Б.Б-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

           3. Хэргийн үйл баримтын тухайд,

           3.1. Нэхэмжлэгч Б.Б-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 10-27 тоот хаягт байрлах, 410 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэснээр 000545250 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон.

           3.2. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар 15 жилээр сунгасан.

           3.3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дарааллан ашиглаагүй ... 45 иргэний газрын эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Б.Бы Төмөр замын 10-27 тоот хаягт байрлах, 410 м.кв газар багтсан байна.

           3.4. Шүүхээс хийсэн газрын үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/773 тоот албан бичгээр нэгж талбарын 1331402982 дугаар бүхий 410 м.кв талбайтай газрыг тус газрын архивд хадгалагдаж буй 2014, 2015, 2017, 2018, 2019, 2021, 2022 оны сансрын зурагтай тус тус давхцуулан ирүүлсэн зургаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн газарт амьдардаггүй, өмнө нь амьдарч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

           3.5. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 тоот албан бичгээр “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил, зааг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр ... тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн шийдвэрийг Засгийн газарт танилцуулж эцсийн шийдвэр гартал шинээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохгүй байхыг үүгээр мэдэгдэж байна...” гэх чиглэл хүргүүлсэн байна.

           4. Нэхэмжлэгчээс газраа 2 жил дарааллан ашиглаагүй үндэслэлээ “...маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь өөрөөс хамаарах шалтгаан биш...” гэж тайлбарлан маргасан.

           5. Хариуцагчаас хариу тайлбартаа “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох чиглэл өгсөн байдаг. Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон...” гэжээ.

           6. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

           6.1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан, мөн тухайн албан тушаалтанд уг асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхын зэрэгцээ өөр бусад эрх бүхий этгээдийн эрхэд халдсан шийдвэр гаргасан, алдаатай байхыг ойлгоно.

           6.2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/ 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэл, дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тус тус зохицуулсан. 

          6.3. Үүнээс үзэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13 болон 24 дүгээр, 2014 оны А/30 дугаар тогтоолуудаар баталсан 2013, 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төмөр зам” гэх байршилд иргэдэд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, төлөвлөөгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг зөрчиж Б.Бд анх газар эзэмшүүлсэн байна.

          6.4. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг захиргаа бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, түүний эрхийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

          6.5. Дээрх хуулийн зохицуулалтаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамж гарах үед тус хуулийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан зохицуулалт үйлчилж байсан бөгөөд уг зохицуулалтаар дүүргийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээх хүчингүй болгох эрхтэй тул маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус захиргааны акт гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй.

          6.6. Тодруулбал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллоор тогтоон, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, уг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж ХХК-ийг нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар батламжилсан байх бөгөөд Ж ХХК-иас нэхэмжлэгч Б.Б-тай 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хоёр талт гэрээг байгуулсан ч уг гэрээг хүчин төгөлдөр болгох 3 талт гэрээг байгуулаагүй тул нэхэмжлэгчийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор газраа ашиглаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй буюу энэ шалтгаанаар газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзнэ.

          6.7. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан ба хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны facebook цахим хаягаар газраа 2 жил дарааллан ашиглаагүй иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нийтэд мэдээлсэн байна.

         6.8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий актаар 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй.

         6.9. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1009 дүгээр захирамжийн 1 дэх  заалтад ...газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг хэрэглэж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн чиглэлийг харгалзан үзсэн байх бөгөөд мөн нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж дүгнэх хууль зүйн хувьд боломжгүй.

          7. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, анхан шатны шүүхийн “маргаан бүхий захиргааны акт нь тодорхой эрх зүйн зохицуулалтад тулгуурлан гарсан, огт үндэслэлгүй, илэрхий хууль зөрчсөн шинжгүй, захиргааны үйл ажиллагааны ноцтой зөрчил агуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус захиргааны акт биш...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН