Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

       2023        12         27                                      2024/ШЦТ/27

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч С.Т-т холбогдох эрүүгийн 2309000992767 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны ....дугаар сарын .....-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав ээжийн хамт Орхон аймгийн .................................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Т, ....................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд С.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Л" нэртэй бааранд 2022 оны 12 дуг сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн удаа үл зүйлээр шалтаглан Б.М-г зодож түүний биед духанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дугаар тал/, хохирогч Б.М-гийн "... 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой ажил тараад Э, А, Н, Д, Б, Дгийн найз М нарын хамт найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж "Л" нэртэй баар луу орж согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүжиглээд байж байсан чинь хажууд байсан хэдэн залуучууд Э руу пивоны шил шидээд маргаан үүсээд нөгөө шил шидсэн залуу нь хувцсаа өмсөөд зугтчихаар нь Э, А, Н бид гурав араас нь гараад баарны гадаа араас нь явж байсан чинь эргэж ирээд учиргүй нүүр нүдгүй гар хөлөөрөө өшиглөөд балбаад зугтчихсан чинь араас нь Д ганцаараа очоод явуулахгүй гээд тэврэлдээд хэвтсэн гэсэн. Тухайн үед бид нарын зүгээс биед нь халдаж зодсон хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, гэрч Б.Д-ийн "...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10 жилийн найзуудаараа уулзахаар болцгоогоод орой Сансарын ойролцоо уулзацгаагаад М-ийн ажил дээр юм ярьж сууж төрсөн өдөр тэмдэглэцгээж байгаад тэндээсээ шөнө гараад Сүхбаатарын талбайн урд байдаг "Л" нэртэй бааранд Э,М, А, Б, Л, миний багын найз Т нартай орцгоогоод тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоол унд идээд, юм ярьж сууцгааж байсан чинь Э руу нэг хүн шил шидчихсэн байсан би тэр үед 1 давхарт өөр газар байсан тэгээд намайг нэг нь дуудаад ширээн дээр нь очсон чинь бужигнацгаагаад хоорондоо маргалдаад байсан тэгээд би аль нь шидсэн юм гээд маргалдсан би тухайн үед гайгүй согтолттой байсан тэгээд хэрэлдэцгээгээд байж байсан. Тэгээд би цагдаа дуудсан чинь шил шидсэн нь гараад зугтчихсан тэгээд би араас нь хөөгөөд баарны гадаа би араас нь гарсан чинь нөгөө залуу гадаа уначихсан байсан тэгээд босоод тэгээд дахиж зугтсан тэгэхэд араас нь Э, А,М нар хөөсөн чинь нөгөө залуу тэр гурвыг дахиж зодсон байсан тэгээд би араас нь хөөж байгаад нөгөө залуу халтираад уначихсан тэгээд би тэврээд хэвтчихсэн чинь баарны хамгаалагч нар ирээд намайг салгасан одоо дэмий ахын дүү цагдаа дуудчихсан юм чинь одоо та нарыг бүгдийг нь явуулахгүй гэж хэлсэн тэгэхэд нөгөө залуугийн нүд нь улайсан харагдсан тэгээд бүгдээрээ цагдаа иртэл байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/, гэрч Д.Эгийн "...Тус өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн чанх урд байх "Л" нэртэй бааранд М, А, Д эрэгтэй найз, Б гэж дууддаг эрэгтэй найз, Н бид зургаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд би 2 давхарт зогсож байсан чинь гэнэт шилээр цохигдсон. Тэгээд би доошоо сууж байсан чинь манай найзууд над руу шил шидсэн залуу руу явж очоод хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд залуу гарч явахаар нь араас нь М, А хоёр очоод хэрэлдэж  байхаар нь би зүгээр байна гэж хэлээд салгах гэж байсан чинь хэрэлдээд болихгүй байсан. Тэгээд нөгөө залуу цаашаа яваад байхаар нь бид гурав араас нь уурлаад явсан чинь эргэж ирээд бид гурвыг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг аймар зодчихоод яваад өгсөн чинь баарны хамгаалагч нар нь тухайн залууг авчирсан юм шиг байна лээ. Гэхдээ хэн нь яаж цагдаа дээр авчирсныг мэдэхгүй байна. Бааранд цагдаа нар ирсэн байсан. Над руу шил шиддэг залуу Мгийн нүүр лүү цохисон, өшиглөж зодсон. Аг бас цохиж зодоод байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 259 дугаартай “... Б.М-гийн биед духанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 290 дугаартай "...Д.Эгийн биед духанд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/, яллагдагч С.Тийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч С.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Хохирогч Б.М нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гараар бичсэн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-т тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Т /РД:...................../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидийг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ