Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/02607

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2020          10          21                                     181/ШШ2020/02607          

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулж, 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

П.Б нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 355 дугаар лангуунд гоо сайхны бөөний барааг худалдах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд 2019 оны 2 сарын 14-ний өдөр “Б” ХХК-ийн борлуулагч Г.Шинэбаяртай холбогдож, угаалгын нунтаг худалдан авах зорилгоор 22,644,600 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Үүнээс өмнө 2 жил орчим хугацаанд энэ зарчмаар л “Б” ХХК-д бараагаа захиалж, мөнгөө төлөөд бараагаа авдаг байсан. Гэтэл энэ удаад 3,144,600 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд 19,500,000 төгрөгийн барааг өгөөгүй. Одоо бараа авах шаардлагагүй болсон тул 19,500,000 төгрөгөө буцаан авмаар байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Г.Шинэбаярыг өөрийн компанийн борлуулагч байсан үйл баримтад маргаагүй боловч өөрийн компанид 64,000,000 төгрөгийн барааг шамшигдуулсан хохирол учруулсан, түүнтэй тооцоо нийлбэл нэхэмжлэлд дурдсан үнийн дүнд угаалгын нунтаг нийлүүлж болно гэж тайлбарласан. Борлуулагч Г.Шинэбаяр нь П.Бас шилжүүлсэн мөнгийг компанид шилжүүлээгүй гэж анхны уулзалтад Г.Наранбаатар захирал хэлсэн учир бидний хувьд Г.Шинэбаярыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан.

Хэрэг бүртгэлтийн явцад Г.Шинэбаяр нь Б шилжүүлсэн мөнгийг компанийн дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон учир түүнийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ ажиллагааны явцад П.Бас 22,644,600 төгрөгийг Г.Шинэбаярын дансаар шилжүүлсэн, Г.Шинэбаяр нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 19,016,400 төгрөг, түүнээс гадна 518,400 төгрөгийг тус тус “Болдтрейд” ХХК-ийн 5028736736 тоот дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ баримтыг хариуцагч няцааж чадаагүй тул татгалзал үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Манай компани нь гадаад дотоодод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэр ахуйн цэвэрлэгээний бодисыг худалдан борлуулдаг. 2019 онд өдрийн борлуулагч Г.Шинэбаяраар дамжуулж Нарантуул худалдааны төв дээр бараагаа борлуулж байсан. Гэтэл борлуулагч Г.Шинэбаяр нь компанийн 64,000,000 төгрөгийг шамшигдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж шалгуулж байгаа.

Иргэн Б гомдол дурдагдсан этгээд нь борлуулагч Г.Шинэбаяр бөгөөд харилцагчаас мөнгө аваад бараа нийлүүлэхээр тохирсон гэх боловч компани дээр тооцоо хийж нийлээгүй.

Иймд тэрээр бараа нийлүүлсэн тооцоогоо дуусгавал харилцагч Б бараа худалдан авах захиалгын дагуу бараа нийлүүлж болно гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “Болдтрейд” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулж, 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч борлуулагчтайгаа тооцоо нийлсний дүнд нэхэмжлэгчийн захиалгын дагуу бараа нийлүүлж болно гэж мөнгө гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хаан банк дахь 5013129729 тоот данснаасаа 22,644,600 төгрөгийг хариуцагч “Болдтрейд” ХХК-ийн борлуулагч Г.Шинэбаярын Хаан банк дахь 5003807913 тоот данс руу “к355 nice bok” гүйлгээний утгаар шилжүүлсэн, борлуулагч Г.Шинэбаяр нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 19,016,400 төгрөгийг “Болдтрейд” ХХК-ийн Хаан банк дахь 5028736736 тоот данс руу “шинээ орлого” гүйлгээний утгаар шилжүүлсэн, хариуцагч компани нь гэр ахуйн цэвэрлэгээний бодисын худалдаа эрхэлдэг, Г.Шинэбаяр нь тус компанид борлуулагчийн ажлыг хийдэг байсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

 

Б гомдлоор үүсгэсэн эрүүгийн 200601571 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд Г.Шинэбаяр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 2018 оны эхээр “Болдтрейд” ХХК-д ажилд орж борлуулалтын ажил хийдэг байсан ба 2019 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан... Нарантуул захын өргөтгөл хэсэгт байх 355 дугаартай лангуунаас Nice нэртэй угаалгын нунтаг манай “Болдтрейд” ХХК-аас худалдан авах захиалга авсных нь дагуу 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 5003807913 дугаарын дансаар 22,644,600 төгрөгийг 5013129729 дугаарын дансаар хүлээн авсан. Би 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн данснаас “Болдтрейд” ХХК-ийн 5028736736 дугаарын данс руу 19,016,400 төгрөгийг шилжүүлсэн ба энэ мөнгө нь 355 дугаар лангуунаас угаалгын нунтаг захиалсан 22,644,000 төгрөгийн мөнгө байсан ба үлдэгдэл мөнгийг нь би тухайн үед “Болдтрейд” ХХК-ийн данс руу хийж байсан ба яг хэзээ хийж байснаа одоогоор сайн санахгүй байна. ...Би 355 дугаар лангуунаас өөрийн дансаар авсан 22,644,000 төгрөгийг “Болдтрейд” ХХК-д бүрэн өгсөн...” гэжээ.

 

Дээр дурдсан тогтоогдсон үйл баримтууд болон Г.Шинэбаярын гэрчийн мэдүүлгээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үндэслэлтэй байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч нь 22,644,600 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авахыг хүсэж, үнийг урьдчилан төлсөн болох нь нотлогдсон, харин хариуцагч нь үнийн дүнд дүйцэх бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нь 22,644,600 төгрөгийг шилжүүлж аваагүй гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг няцааж чадаагүй тул шүүх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 3,144,600 төгрөгийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан гэж тайлбарласан, хариуцагч үүнээс илүү үнийн дүн бүхий бүтээгдэхүүн шилжүүлэн өгсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх дүгнэлтэд хүрэв.

 

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим Иргэний эрх зүйн харилцаанд үйлчилдэг.

 

Манай тохиолдолд талууд бичгээр гэрээ байгуулаагүйгээс шүүх үүрэг гүйцэтгэх хугацааг шүүх тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэсэн заалтын дагуу тодорхойлно.

 

Нэхэмжлэгч нь “...19,500,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг авах гэхэд борлуулагч Г.Шинэбаяр бараа тасарсан байгаа гэж хэлсэн, дараа нь “Болдтрейд” ХХК-аас лавлахад мөнгө орж ирээгүй гэсэн учир Г.Шинэбаярт холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэж тайлбарласан бөгөөд хэдийд хариуцагчаас бүтээгдэхүүн шаардсан болох нь тодорхойгүй, харин түүний гаргасан гомдлоор 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3999 дүгээр прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул энэ хугацааг үүргийн гүйцэтгэлийг шаардсан хугацаа гэж тодорхойлох нь хууль зөрчихгүй.

 

Тиймээс хариуцагчийг 19,500,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т заасан 10 хоногийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч үүргийг энэ хугацаанд биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний үлдэх хэсгээс татгалзаж, худалдах, худалдан авах гэрээг хэрэгжсэн хэмжээнд цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хариуцагчийн үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хэрэгжсэн хэмжээндээ цуцлагдсан тул шүүх гэрээ цуцлагдсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар арилгах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч “Б” ХХК-аас 19,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож шийдвэрлэлээ.

 

Эцэст нь, хариуцагч байгууллага болон түүний борлуулагчийн хооронд үүссэн маргаан нь худалдагч байгууллагын дотоод харилцаанд хамаарахаас биш худалдан авагчийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-аас 19,500,000 төгрөгийг гаргуулж П.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                       Ө.УЯНГА