Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/351

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321001340317 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “************** -т ажилладаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг хорооллын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу жолоо барихыг хориглосон байхад согтуурсан үедээ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Шинэ-хөгжил сургуулийн хойд талын зам дээр иргэн дайрч зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Маш их харамсаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гурван эрэгтэй дүүтэй. Надаас нэгхэн насаар дүү маань албан ёсны эхнэр, хүүхэд байгаагүй, ээж маань 76 настай, зүрх нь өвдөж, даралт нь ихэсдэг өвчтэй хүн тул хууль шүүхээр явах ямар ч боломжгүй. Иймээс би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон миний өндөр настай ээжийн хувьд сэтгэл санааны маш их хямралтай өнөөдрийг хүрсэн. Дөнгөж 44 настай ид хийж бүтээж, амьдрах насандаа байсан дүүгээ алдсандаа үнэхээр харамсалтай байна. ...Шүүгдэгч  жолооны эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон юм байна. Бид нар чинь эрх зүйт төрийн доор хуулиа дагаж мөрдөх үүрэгтэй шүү дээ. Урьд нэг удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолооны эрхээ хасуулчихаад яагаад жолоо барьсан юм бэ? Өмнө нь зөрчил гаргаж, жолоодох эрхээ хасуулчихаад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж бараг л миний дүүг санаатайгаар алчихлаа шүү дээ, гомдолтой байна. ...Бид нар цагдаа дээр байхдаа хохирлын талаар хэлэхэд шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Гэмт этгээд өнөөдрийг хүртэл хохирол төлбөр төлөөгүй. Ажил дээр маань ганц удаа ирсэн. Зөвхөн өөрийгөө бодоод намайг уучлаарай гэсэн. Сэтгэл санааны хувьд бид нар үнэхээр гомдолтой байна. ...Миний хувьд унтаж чадахгүй байгаа. Одоо ч гэсэн би энэ нөхцөлд маш их бухимдалтай миний хажууд “за тайвшир” гэж хэлэх нэг ч хүн байхгүй. Яагаад гэвэл би нэг ч монгол хүнгүй газар байгаа. Би камерын өмнө дээд зэргээр биеэ барьж байна. ...Би хуулийн дагуу сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна. Энэ нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт байдаг юм байна. Сэтгэцэд учирсан хохирлыг тооцож нөхөн төлдөг болсон байсан. Энэ талаар би болон өмгөөлөгчийн зүгээс мөрдөгчид хэлэхэд шүүхээр хуулийн дагуу шийдүүлээрэй гэж хэлсэн. Оршуулгын зардал, гандан хийдээр явсан зардал, мөн өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна. Нийт гарсан мөнгөн дүнг өмгөөлөгч хэлэх байх. Хуульд зааснаар шүүгдэгчээс оршуулгын зардал, гандан хийдээр явсан зардал, сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний дүүгийн амь насыг хохироогоогүй бол өнөөдөр миний дүү гэр бүлтэйгээ байж байх байсан шүү дээ...” гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрлэн сумын 8 дугаар баг нисэх явах зам руу орж замынхаа урд тал руу бууж зогсоод тэй ойрд уулзаагүй тул машин дотор хэсэг юм ярьж суунгаа авсан пивоо ууж байгаад шөнө 01 цаг 30 минутын орчим бид хоёр хөдлөөд намайг гэр рүү хүргэж өгөх гээд аймгийн хойд талын төв замаар явсан. Ингээд Хэрлэн номин бизнес төв өнгөрөөд явж байхад замын хойд талд 4-5 залуу такси барих гээд хоёр залуу нь гар өргөөд зогсож байхад нь жолооч тэр залуучуудаас зайгаа авах гээд нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шилжих хөдөлгөөн хийж 10-15 метр орчим явж байхад урд талд нэг болон хоёрдугаар эгнээ хоёрын голын тасархай цагаан шугаман дээр хар бараан өнгийн би бодохдоо “куртка” байна гэж харж байхад 5-7 метрийн зайтай ойртоод ирэхэд дээшээ хараад хэвтэж байсан хүн байхаар нь би сандраад жолоочид хандан “хүүе хүүе хүн” гэж хэлэхэд найз баруун тал руу дарж амжилгүй тухайн хэвтэж байсан хүний дээгүүр гарсан. Тэгээд замаа чөлөөлж зогсоод би машинаас буугаад гүйгээд очиход тухайн хүний духан дээр язарчихсан тэр хэсгээс нь маш их цус гарч урсаж байхаар нь би сандраад “хүн дайрчихлаа шүү дээ” гэж орилоод  өөрийн гар утсаар 103 руу залгаж дуудлага өгсөн. Дараа нь цагдаагийн газрын 102 утас руу залгаж мөн дуудлага өгөх үед такси барих гээд зогсож байсан залуучуудын нэг нь наана чинь хүн байсан шүү дээ дайрчихсан юм уу гэж хэлээд бүгдээрээ дөхөж ирээд харах үед нэг залуу нь дуудлага өгчихсөн гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд эмч үзээд нас барчихсан байна гэж хэлэх үед цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 01 цаг өнгөрч байхад гараад Хэрлэн сумын 11 дүгээр баг 71 дүгээр байрны урд буюу төв замын хойд хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй найзуудын хамт тамхи татаад ерөнхийдөө гэр гэр рүүгээ алхаад явах гэж байхад гэнэт бид нарын урд зам дээр тас хийх чимээ гарахаар нь зам руу харсан чинь бид нараас холгүй 100 метр зайд хар өнгийн тээврийн хэрэгсэл бид нарын хажуугаар гараад хүн мөргөөд зогссон байхаар нь би найзуудын хамтаар хэрэг болсон газарт очсон юм. Намайг очоод харахад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн зүүнээс баруун чиглэлтэй хоёр урсгалтай замд миний харснаар толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урагш харж, биеийн хэсэг дээш харсан, толгой хэсгээс их хэмжээний цус гарсан бололтой урсаж байсан.  Зам тээврийн осолд орсон явган зорчигчоос ертөнцийн зүгээр баруун зүгт ойролцоогоор 20 гаран метрийн зайд зогссон хар өнгийн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирсэн юм. Тухайн үед би тэр хоёр хүнд хандан та нар чинь хүн дайраад алчихлаа гэхэд хажууд нь зогсож байсан залуу нь манай найз машин бариад явж байгаад хүн дайрчихлаа гэж хэлж байсан бөгөөд тухайн эмэгтэй цочролд орсон бололтой ямар нэгэн үг хэлэхгүй зогсоод байсан юм. Ингээд би түргэн тусламжийн дуудлага өгөөд удалгүй түргэний болон цагдаагийн машин ирэхээр нь найзуудын хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дагуу алхаад такси барих гэсэн боловч машин зогсохгүй орон сууцны 71 дүгээр байрны урд талд гар өргөөд зогсож байх үед хар өнгийн жижиг машин хажуугаар гараад баруун тийш бид нараас 100 орчим метр яваад түс хийгээд юм мөргөх шиг болохоор нь бид 4 яасан юм бол гэж бодоод дөхөж очиход хүн машинд дайруулчихсан толгой нь зүүн тийшээ харчихсан байсан. Тэр үед өнгөрч зогссон хар өнгийн тээврийн хэрэгслээс эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирээд эрэгтэй нь тухайн дайруулсан хүн рүү дөхөж ирээд эмэгтэй нь жаахан зайнаас хараад зогсоод байсан. Тэгээд би өөрийн дугаараас аймгийн цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгөхөд найз эмнэлгийн 103 утас руу залгаж дуудлага өгч байсан. Тэгээд удалгүй түргэн ирж эмч тухайн хүнийг харчихаад энэ хүн нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дагаад алхаж байхад найз такси барих гээд гараа өргөж орон сууцны 71 дүгээр байрны урд явж байхад зүүн талаасаа баруун тийш хар өнгийн жижиг машин хажуугаар өнгөрөөд 100 метр яваад тас хийх чимээ дуугарахад бид хэд гайхаж дөхөж очиход тухайн хар өнгийн машин замаа шахаж зогсоод машинаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирээд эрэгтэй нь түрүүлж ирээд харчихаад хүн байна шүү дээ гэж хэлж бахирсан. Тэр үед бид 4 тухайн машинд дайруулсан хүнийг хойд талын явган хүний зам дээр зогсож байгаад харахад нэг хоёрдугаар эгнээний голын тасархай зураасан  дээр дээшээ харчихсан 30 гаран насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр үед зүүн талаас машин гэрэлтүүлээд хажуугаар өнгөрөхөд дайруулсан хүнээс машины гэрэлд уур савсаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цаг 30 минутын орчим фэйсбүүк цахим хаягаар найз холбогдож байгаад уулзахаар болоод өвөөгийнхөө гэрээс гараад өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй найзтайгаа Хэрлэн сумын 7 дугаар баг 76 дугаар байрны гадаа уулзсан. Бид 2 уулзаад аймгийн төвийн хойд хэсэгт байх хорооллын дэлгүүрийн гадаа зогсоод орж Сэнгүр нэртэй 500 граммын 6 ширхэг пиво аваад бид 2 ярилцаж байгаад Хэрлэн сумын 8 дугаар баг Нисэх онгоцны буудлын ойролцоо ирж зогсоод авсан пивоо 3,3-аар нь хувааж уугаад юм ярьж хэсэг суусан. Ингээд нэлээн хугацаа өнгөрч 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна найз ыг зам дагуу таксинд суулгаж өгөх гэсэн боловч такси олдохгүй байхаар нь би түүнийг хүргэж өгөхөөр болоод тээврийн хэрэгслээ жолоодоод аймгийн төв рүү хөдөлсөн. Хөдлөөд аймгийн төвийн голд байрлах 4 эгнээтэй төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй найз гэр болох 76 дугаар байр руу явж байгаад Хэрлэн номин худалдааны төв өнгөрөх үед 4-5 залуус замын хойд талд такси барих гээд гараа өргөөд зогсож байгаа харагдсан бөгөөд би нэгдүгээр эгнээнд явж байгаад тэр залуучуудаас зай авч хоёрдугаар эгнээнд орсон. 2 дугаар эгнээ рүү тээврийн хэрэгслээ шилжүүлээд яагаад ч юм тэр залуус руу найз бид 2 хоёулаа хальт эргэж харсан бөгөөд эргэж харчихаад буцаад замаа харах үед “хүүе хүүе” гэж хэлэх үед нь урагш харахад зам дээр хар юм харагдсан. Тэгээд тоормос гишгээд тээврийн хэрэгслээ зайлуулах гэсэн боловч амжилгүй дээгүүр нь гарах шиг болсон. Ингээд би тээврийн хэрэгслийг маш хурдан нэгдүгээр эгнээ рүү зогсоогоод “юу вэ, нохой юу” гэж би аас асуухад “үгүй ээ, хүн юм шиг байна” гээд манай найз тээврийн хэрэгслээс эхэлж буусан. Би араас нь буугаад харахад “энэ хүн байна шүү дээ, яаралтай түргэн дуудъя” гэхээр нь би утсаа авахаар тээврийн хэрэгсэл рүү очих гэхэд цаанаас хэдэн залуус гүйж ирээд хүн байсан, дайрсан юм уу гэж нэг нь хэлж байсан ба нэг залуу нь сая түргэн дуудчихсан гэж байсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирж араас нь эмнэлгийн ажилтан ирээд үзлэг хийж дайруулсан хүнийг нас барсан талаар хэлсэн. ...Би жолоо барьж хөдөлгөөнд оролцож явахдаа хэдэн километрийн хурдтай явж байгаагаа сайн хараагүй. Барагцаагаар 40 орчим километр цагийн хурдтай явж байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 205-207/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот дүгнэлтэд:

1. “*******” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 99-100/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач ийн биед гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл: духны урагдсан шарх, гавлын орой, суурь яснуудын олон хэлтэрхийт болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар, эрүү ясны хугарал, баруун талын олон хавирганы хоёрлосон, зүүн 1-6-р хавирга, өвчүү яс хугарал, орчны эдэд цус хуралт, баруун уушгины урагдал, эдийн няцралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, эрүүнд шарх, баруун зүүн хацар, хамар, баруун тохой, сарвуу, бүсэлхийн баруун хажуу хэсэг, ташаа, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт, зүүн цавь, гуянд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.3.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас дайрагдах үед үүсгэгдсэн байх ба хүнд гэмтлүүд байна.

4. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрчээ.

5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй.

7. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ. /хх-ийн 116-120/

Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/60 тоот дүгнэлт:

1. Бидний зүгээс өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

2. маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Дээрх зам тээврийн осол нь явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дугаар заалтуудыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна.

5. Уг зам тээврийн осол гарахад замын гэрэлтүүлэг ажиллахгүй байсан нь сөргөөр нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

6. Нэмж тусгах санал үгүй. /хх-ийн 174-176/

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05/47 тоот дүгнэлт:

1. Монгол Улсын ШШТ хуулийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна, 17.2-д “Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна.

2. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

3. Шинжээчдэд ирүүлсэн материалаас харахад “ ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан материал, автомашинд үүссэн эвдрэлээс үзэхэд явган зорчигч нь зорчих хэсэг дээр хэвтээ байрлалтай байсан байна. Тиймээс явган зорчигч нь МУ-ын ЗХД-ийн 5.12 “б”-р заалт буюу “Явган зорчигчид ...аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр ...саатах ...-г хориглоно” гэснийг зөрчсөн байна.

5. Явган зорчигч болон нь МУ-ын ЗХД-ийн 5.12 “б”-р заалт, маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.

6. Дээрх тээврийн хэрэгсэл нь техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. улсын дугаартай автомашин осолд холбогдох үедээ техникийн хяналтын үзлэгийн хугацаа хэтрээгүй байсан байна.

7. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /хх-ийн 184-185/

Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 15 тоот дүгнэлт:

1. Бидний зүгээс “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан 23/60 дугаартай дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.

2. Бидний зүгээс Механик тээврийн сургуулийн “тээврийн салбар”-ын багш, шинжээч нарын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гаргасан 05/47 дугаартай дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.

3. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөр хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

18.1а-д Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана гэсэн дүрмийн заалт зөрчсөн байх магадлалтай.

4. Тормозны мөр байхгүй тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

5. Явган зорчигч зам дээр хэвтэж байсан тул явган зорчигч гэж үзэх боломжгүй. ЗХД-ийн 1.2.52-д ЗХАБТХ-ийн 3.1.11-д “Явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг. 1.2.26-д “Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйлийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг.

6. Аливаа зам тээврийн осол нь олон хүчин зүйлээс нөлөөлөн гардаг боловч нэг гол хүчин зүйл бол жолооч нарын ЗХД-ийн мэдлэг, жолоодлогын чадвар муу, хайхрамжгүй байдлаас болж гардаг. ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хөдөлгөөнд оролцсон нь самбаачлах хугацаанд нөлөөлж богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чадаагүй, гэрэлтүүлэггүй замд холын гэрлийг хэрэглэх нь үзэгдэлтийг сайжруулж холоос зам дээр байгаа саадыг харах боломжтой байсан боловч тухайн үед ойрын гэрлээр / 53-р хуудас/ явсан, замаа хараагүй анхаарал сарниж замын баруун гар талд яваа хүмүүсийг харж явсан гэх мэдүүлгээс /******* 49-р хуу, 53-р хуу/ үзэхэд жолоочийн анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гарах нэг үндсэн шалтгаан болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн:

1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт,шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

3.7а Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолооч./, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

18.1а-д Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана гэсэн дүрмийн заалтууд зөрчигдсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл 150м орчим зайд буюу бусад жолооч нарыг гялбуулахаар бол зай үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Эдгээр ЗХД-ийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

7. Тухайн үзлэг оношилгоонд орсон хугацаа нь дуусаагүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна. /хх-ийн 192-194/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 25-33/

- Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 34/

- Зам тээврийн осолд холбогдсон маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35/

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 41/

- Хэв загвар, дээж авсан тухай  тэмдэглэл /хх-ийн 42/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-47/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-51/

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 52/

- Камерын видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 53-56/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 66-67/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 13 тоот дүгнэлт /хх-ийн 134-135/

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын инженер-техникийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1546 тоот дүгнэлт /хх-ийн 145-146/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1545 тоот дүгнэлт  /хх-ийн 154-156/

- Инженер техникийн шинжилгээний газрын шинжээч С.Мөнхдалайн мэдүүлэг /хх-ийн 166-167/

- *******ийн ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийтийн байрны түрээсийн гэрээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 208-216/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 218/

- *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 219-220/

- *******ийн хувийн байдлын талаар гаргаж өгсөн тодорхойлолтууд /хх-ийн 222-223/

- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 224, 226/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 229/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашин үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232-233/ болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс амь хохирогч ийн оршуулгын болон буяны зан үйлд зарцуулсан хохирол нэхэмжилсэн 53 хуудас баримт /задгай/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах Шинэ-хөгжил сургуулийн хойд талын зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу жолоо барихыг хориглосон байхад, согтуугаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж хохирогч дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот “*******” гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот “Талийгаач ийн биед гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтэл: духны урагдсан шарх, гавлын орой, суурь яснуудын олон хэлтэрхийт болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, аалан хальсан доорх цус харвалт, хамар, эрүү ясны хугарал, баруун талын олон хавирганы хоёрлосон, зүүн 1-6-р хавирга, өвчүү яс хугарал, орчны эдэд цус хуралт, баруун уушгины урагдал, эдийн няцралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, эрүүнд шарх, баруун зүүн хацар, хамар, баруун тохой, сарвуу, бүсэлхийн баруун хажуу хэсэг, ташаа, хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт, зүүн цавь, гуянд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас дайрагдах үед үүсгэгдсэн байх ба хүнд гэмтлүүд байна. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрчээ” гэх дүгнэлт,  Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/60 тоот дүгнэлт, Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05/47 тоот дүгнэлт, Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 15 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас  хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “Энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч нар хохирогчийн оршуулгын болон буяны зан үйлд зарцуулсан зардалд 22,131,181 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 82,500,000 төгрөг нийт 107,631,181 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан нийт 20,830,076 төгрөгийн зардлын баримт байна. Мөн шашны зан үйлд 635,000 төгрөг зарцуулсан /баримтгүй/ байх тул үүнийг нэмж шүүгдэгчээс нийт 21,465,076  /20,830,076+635,000/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Учир нь аливаа оршуулгын ажлын үед ламаар шашны зан үйл гүйцэтгүүлэх нь тухайн ажлын заавал байх ёстой нэг хэсэг болж тогтсон заншил юм. Өргөл барьц ч тодорхой хэмжээнд гарцаагүй зүйл бөгөөд ердийн жам ёсоор эсхүл өвчний улмаас нас барсан тохиолдолтой харьцуулахад гэнэтийн золгүй учралаар нас барсан хүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн сэтгэл санаанд учирч буй сөрөг нөлөөллийн хэр хэмжээ, түүнтэй холбогдон гарах шашин, сэтгэл заслын зан үйлийн хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан үзэж дээрх зардлыг шүүгдэгчээр төлүүлэхэд хуульд харшлах зүйлгүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэхүү хөлсийг өмгөөлөгчид төлөөгүй байхаас гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хэд хэдэн өмгөөлөгчтэй гэрээ байгуулж өмгөөлүүлэх боломжтой юм. Тухайн өмгөөлөгчид төлөх хөлс нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өөрийн болон хохирогчийн төрсөн эхийн сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг, Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус баталсан. Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч гэмт хэрэгт өртөж амь насаараа хохирсны дараа  буюу 2023 оны 07 дугаар сард хууль батлагдаж, дагаж мөрдөгдсөн учраас хууль, тогтоомжийг буцаан хэрэглэж сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдааныг завсарласан үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн ба шүүгдэгч *******ээс гаргуулах 21,465,076 төгрөгөөс энэ шүүх хуралдаанаар төлсөн 4,500,000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 16,965,076 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 /хоёр/, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн  хугацаагаар хасах  ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд 16,965,076 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг  CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА