Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02618

 

 

 

 

 

 

 

 

 

    2020       10          22                                        181/ШШ2020/02618 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтэд:

Би одоо Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Нарийн сухайт гэдэг газар ажиллаж байгаа, өнөөдрийн хуралд ажлаасаа чөлөө авч ирсэн. Тиймээс дахин дахин нааш цааш явах боломжгүй тул хурлыг үргэлжлүүлэн явуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү.

Би Б ХХК-тай гэрээ хийж, сарын 800,000 төгрөгийн цалинтай байхаар тохирч, 2019 оны 9 дүгээр сарын 05-аас 2019 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх хугацаанд 2 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацааны цалин 1,600,000 төгрөг болсон боловч миний цалинг өгөөгүй, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цувуулан 800,000 төгрөгийг өгсөн. Үлдэх 800,000 төгрөгийг 2 сар хүлээчих, 2020 оны 5 дугаар сард төлье гэж захирал О.Чимэддорж хэлсэн. Би энэ хугацаанд хүлээсэн, тэрээр хэлэхдээ над руу болон эхнэр рүү битгий утсаар залгаарай, би эр хүн учир хэлсэн амандаа хүрнэ гэж өөрөө хэлсэн боловч 5 сарын сүүлээр 300,000 төгрөг өгснөөс өөр мөнгө өгөөгүй. Би утсаар ярихаар утсаа авахгүй, ажил дээр нь очихоор өөрөө байхгүй, компанийн нягтлан бодогч болох эхнэр рүү нь ярихаар данс улайсан, дансанд мөнгө байхгүй гээд би үлдсэн 500,000 төгрөгөө авч чадаагүй.

Ингээд шүүхэд хандсан. Гэтэл хурлын өмнөх өдөр буюу өчигдөр О.Чимэддорж захирлаас цалин гэсэн гүйлгээний утгаар 200,000 төгрөгийг надад шилжүүлсэн байна билээ.

Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа төлсөн 200,000 төгрөгийг хасаад үлдэх 300,000 төгрөгөө гаргуулмаар байна гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 200,000 төгрөг төлсөн үндэслэлээр шүүх хуралдаанд шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж, 300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх уг нэхэмжлэлд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч компанийн захирал О.Чимэддоржид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч тал ийнхүү хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй учир шүүх хуралдааныг товлосон бөгөөд товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч талаас хүн ирээгүй.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч тал нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн дэмжиж буй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан хөлс 1,600,000 төгрөгийн үлдэгдэл гэж 500,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн эсэх тайлбарыг шүүхэд гаргаагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид 200,000 төгрөгийг төлсөн, үүний улмаас нэхэмжлэгч шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж, 300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.”, 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтад тус тус үндэслэн дараах дүгнэлтийг хийлээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуулиар уг гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй учир шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр хууль буюу гэрээнд зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй.

 

Хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр 2 сарын хугацаанд ажилласан, сарын хөлсийг 800,000 төгрөг байхаар тохирсон, үүнээс одоо 500,000 төгрөг дутуу байгаа гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлд хариуцагч маргаагүй, ажиллагааны явцад 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлд заасан хугацаанд тодорхой ажил гүйцэтгэсэн, ажлын хөлсийг талууд 800,000 төгрөгөөр тохирсон байна гэж үзлээ.

 

Хариуцагч тохирсон хөлсийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тохиолдолд тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хөлс төлөх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэв.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийг хөлс шаардах эрхтэй гэж үзэж, гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дэмжиж буй шаардлагыг хангаж, хариуцагчаас 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Б ХХК-аас 300,000 төгрөгийг гаргуулж Н.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА