| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
2023 12 25 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 2309000002568 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б , /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй пабад байрны найз А , П бид гурав пиво, нигрони уусан. Ингээд тухайн газраас 23 цагийн үед гарч дуудлагын жолооч дуудан ... дугаар байрныхаа гадаа буусан. Буугаад зогсож байтал хэн нь мэдэхгүй нэг хүнтэй би маргалдаж байсан. Сайн санахгүй байна. Тэгсэн чинь 28а дугаар байрны залуу нэг булангаас гарч ирээд хар өнгийн иштэй хутгаар 3-4 удаа зүүн гарын булчин хэсэгт хатгасан. Тухайн хүний биед халдаж цохисон зүйл байхгүй. А , П хоёр яг хажууд байгаагүй, машиндаа байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12848 дугаартай “...Б.А ийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,
2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/,
Хохирогч Б.А ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 22-27 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед гэртээ ганцаараа байхдаа гадаа тамхи татаад зогсож байхад 4 залуу машинтайгаа ирж зогсоод намайг доромжилж дайрсан. Би тэр залуучуудын урдаас ямар ч үйлдэл хийгээгүй. А машинаасаа бууж ирээд над руу дайраад байсан. Намайг зугтах үед араас ирээд дайрсан. Би зугтаад гэр лүүгээ ороод ширээн дээрээ байсан хутгыг аваад хол байгаарай гэсэн чинь урдаас дайраад байсан. Би эргээд гэртээ ороход А ганцаараа байсан. Тэгээд цагдаа дуудчихсан байсан. Түүнээс би тэр залуучууд руу ямар ч үйлдэл хийгээгүй. Гэр лүүгээ орж хутга авч дайрсан нь миний буруу байх. Гэхдээ миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Би мөрдөгчид хүртэл хяналтын камерын бичлэгээр хараарай гэж хэлсэн. Даанч бичлэг байгаагүй...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Б.Б аас 162,182 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А эд олгуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12848 дугаар дүгнэлтээр хохирогч Б.А ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б ын хохирогч Б.А ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт 162,185 төгрөгийн баримт ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Б аас 162,185 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А эд олгуулах нь зүйтэй.
Харин хохирогч Б.А нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан гаргасан ба шүүгдэгч Б.Б аас: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б аас 162,185 /нэг зуун жаран хоёр мянга нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.А эд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН