| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
2023 12 25 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С , Б.З нарт холбогдох эрүүгийн 2309000001997 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн; С.С , /РД:... /.
2. Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.З , /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С, Б.З нар нь бүлэглэж цахим орчинд биеэ үнэлэх талаар зар байршуулж, улмаар 2023 оны 7 дугаар сарын 25-ны шөнө холбогдсон М.И , Б.Т нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд уулзаж “...нэг шөнийн турш нэг хүний 350,000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орно...” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар М.И , Б.Т нарыг төөрөгдөлд оруулан тус бүрээс нь 350,000 төгрөгийг Хаан банк дахь Б.З гийн эзэмшлийн ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч С.С, Б.З нар нь бүлэглэж цахим орчинд биеэ үнэлэх талаар зар байршуулж, улмаар 2023 оны 7 дугаар сарын 25-ны шөнө холбогдсон М.И , Б.Т нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд уулзаж “...нэг шөнийн турш нэг хүний 350,000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орно...” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар М.И , Б.Т нарыг төөрөгдөлд оруулан тус бүрээс нь 350,000 төгрөгийг Хаан банк дахь Б.З гийн эзэмшлийн ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Ө.И ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр найз Т г Солонгос улс руу явах болсон тул гаргаж өгөхөөр уулзацгаасан. Тэгээд орой нь фейсбүүк дээр санхүү өгнө гэсэн группэд санхүү авна, цэвэрхэн хоёр охин байна, нас-21, үйлчилгээ сайн, дуудлагаар очно, ... гэсэн постын дагуу холбогдтол хотын төвтэйгөө ойрхон буудалд өрөө авчих, авчих, яваад очно, хоногийн 350,000 төгрөг гэж хэлсэн. Т бид хоёр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ... гэх газар буудлын өрөө авч, хоёр охин үүрийн 05 цагийн үед ирсэн ба буудлын өрөөнд орж ирээд “бид хоёр төлбөрөө 100 хувь авчхаад үйлчилгээгээ эхэлнэ” гэхээр нь Т бид хоёр З гэх Хаан банкны данс руу тус тусдаа 350,000 төгрөг шилжүүлсэн ба мөнгө шилжүүлсний дараа гэнэт хоёул хоёулаа машинаас юм авах хэрэгтэй байна гэхээр нь яахаараа тэгдэг юм бэ, явах гээд байгаа юм биш үү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз И бид хоёр 2023 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 04 цагийн үед Модны хоёрын тэнд байдаг нэг баарнаас гараад И фейсбүүкээр Санхүү өгнө, авна гэсэн групп руу ороход "2 охин байна, санхүү авна" гээд утасны дугаараа тавьчихсан байсан. Тэгээд И дугаар луу нь залгахад буудлаа авчих, өрөөнийхөө дугаарыг хэлчих гэсэн. И бид хоёр тэндээсээ таксинд суугаад 3 дугаар сургуулийн эсрэг талын 1 зочид буудалд ирээд өрөөгөө авчхаад дуудсан юм. Төд удалгүй 2 охин ирсэн. Хоногийн 1 хүний 350,000 төгрөг гэж үнээ хэлж байсан Тэгэхээр нь бид хоёр эхлээд 50 хувийн төлбөрийг нь хийчихье, үйлчилгээгээ авсны дараа үлдсэн 50 хувийг нь хийчихье гэхэд тэр хоёр үгүй, бид төлбөрөө 100 хувь авч байж үйлчилгээгээ хийнэ гэсэн. И бид хоёр тухайн үед хашир байсан бөгөөд та хоёр тэгээд гараад явчихвал яах юм бэ, эсхүл регистрийн дугаараа хэл гэхэд үгүй, тийм юм байхгүй, би чамд өөрийнхөө дансны дугаарыг өгөөд байхад энэ чинь баталгаа биз дээ гээд байсан. Тэгээд И тэр хоёрт хандаж одоо ингээд мөнгөө шилжүүлчихвэл орж гарна гэсэн асуудал байхгүй биз дээ гэхэд тийм асуудал байхгүй гээд байсан. Тэгээд И бид хоёр тус тусдаа өөр өөрсдийнхөө данснаас тус бүр 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн эмэгтэйд нийтдээ 700,000 төгрөг өгсөн. Мөнгөө авангуутаа хар өнгийн нэвсгэр цамцтай нь хүнтэй утсаар яриад гар утас авна, машиныхаа түлхүүрийг авна, гялс гарчхаад ороод ирье гэхээр нь бид хоёр үгүй, наад хүнээ оруулж ирээд өгчих, эсхүл буудлын ресейпшнд өгчих гээд хэлчих гэхэд үгүй, та хоёр чинь яасан шалчигнасан 2 банди вэ, эсхүл цуг гараад авчхаач гээд байсан. Тэгээд жаахан маргалдсан чинь тэр хоёр хаалгаар гарч явах гээд И болохоор хаалга хааж зогсоод гаргахгүй байсан. Тэр хоёр хоёулаа И ийг татаад хаалгаар чихэлдэж гараад хоёулаа уначихсан юм. Босож ирээд нөгөө нэвсгэр цамцтай нь би жирэмсэн хүн, намайг зодлоо гээд эхэлсэн. Бид хэдийг буудлын өрөөнөөс гарсан чинь 2 залуу коридорт зогсож байсан, нүүр амаараа битүү шивээстэй 2 залуу байсан. Тэгээд тэр залуу нь И бид хоёр луу дайраад яагаад наад жирэмсэн эмэгтэй дээрэлхээд байгаа юм бэ гэж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С, Б.З нараас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.С, Б.З нар нь бүлэглэж цахим орчинд биеэ үнэлэх талаар зар байршуулж, улмаар 2023 оны 7 дугаар сарын 25-ны шөнө холбогдсон М.И , Б.Т нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд уулзаж “...нэг шөнийн турш нэг хүний 350,000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орно...” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар М.И , Б.Т нарыг төөрөгдөлд оруулан тус бүрээс нь 350,000 төгрөгийг Хаан банк дахь Б.З гийн эзэмшлийн ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, шүүгдэгч Б.З нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч С.С, Б.З нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч С.С, Б.З нарын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч С.С, Б.З нарыг “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.И эд 350,000 төгрөгийн, хохирогч Б.Т д 350,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.З г 01 жил, 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна… ” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шинж чанар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулна гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь ангиллын хувьд Эрүүгийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Шүүгдэгч нарын тухайд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгч Б.З гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б.З гийн хувьд 1 сартай нярай хүүхэдтэй, 19 настай, шүүгдэгч С.Сгийн хувьд 20 настай залуу хүүхдүүд байгаа. Шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял тохиромжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дөнгөж төрсөн нярай хүүхэд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд Эх нялхас эмнэлэг рүү явна. Тиймээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага хугацаагаар тэнсэж өгнө үү. Шүүгдэгч Б.З гийн хувьд нялх хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаж үзэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.С нь хохирол төлбөрөө өөрөө төлж барагдуулсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч С.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолууын хуулбар /хх-ийн 78-84 дүгээр тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/,
Шүүгдэгч Б.З гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.С, Б.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.С, Б.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.
Шүүгдэгч С.С, Б.З нарыг дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Б.З нарт шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож;
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.С , Б.З нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Б.З нарыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Б.З нарт шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.С, Б.З нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, Б.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН