Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

  2020             4              14                                          2020/ДШМ/455

 

 

Ч.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзулын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911000001018 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-ийн Д, 1970 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Дэнжийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:...../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн үүдэнд хохирогч Л.Отгоны халааснаас Самсунг А50 загварын, 777.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,

2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 62 дугаар гудамжны 12 тоот хашааны гадаа Ц.Лхагвасүрэнтэй маргалдан, түүний цээж хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Чимэдцэеэгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Доос нийт 1.772.642 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Дулааны станцын 1-11 тоотод оршин суух Гөрөөчин овгийн Батсүрэнгийн Алтанзулд олгож, өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диск, нийт 23 см урт, ажлын хэсгийн урт 11.5 см, ажлын хэсгийн угийн өргөн 2.4 см, ажлын хэсгийн зүүн талд нил ягаан өнгийн цэцэг бүхий зурагтай, цагаан болон ягаан өнгийн бариултай ажлын хэсэг нумарч мурийсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дын цагдан хоригдсон нийт 123 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, хоригдож байх хугацаандаа өөртөө дүгнэлт хийж, эрдэнэт хүний амь хохироосондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Би ганцаараа амьдардаг бөгөөд эрүүл мэндийн байдал тааруу, зүрх өвдөж эмчийн хяналтанд байдаг.

Миний эх Чимэдцэеэ нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн дүү болох 83 настай Бат-Өлзийн хамт оршин суудаг. Би одоогоор 13 жилийн ял авсан нь ар гэр болох эхэд минь маш их хүндээр тусаж байгаа. Миний энэ байдлыг анхааран үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Дын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Д нь өндөр настай, зүрхний өвчний улмаас эмнэлгийн хяналтад байнга байдаг. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг харгалзан үзэж, ялыг болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү. Хохирлыг төлнө гэдгээ өнөөдрийг хүртэл илэрхийлж ирсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзулын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйгаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн боловч өмгөөлөгчийн хөлс болох 3.000.000 төгрөгийг “мөнгө хүлээлцсэн тухай баримт хавтас хэрэгт байхгүй байна, мөн хувь хүний орлогын албан татвар төлсөн баримт байхгүй байна” гэх үндэслэлээр тухайн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бэлнээр 3.000.000 төгрөгийг өмгөөлөгчид өгсөн гэх баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Гэм буруу болон ял шийтгэлийн тал дээр маргаан байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хохиролтой холбоотой хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн хөлс болох 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс болох 3.000.000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн гадаа хохирогч Л.Отгоны халааснаас Самсунг А50 загварын, 777.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг,

мөн Ч.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байрны 62 дугаар гудамжны 12 тоот хашааны гадаа Ц.Лхагвасүрэнтэй маргалдан, түүний цээж хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Л.Отгоны “...би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын эцэст байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хажуу талын төмөр сэрдийсэн байхаар нь тэрийг янзалж байсан чинь нэг согтуу хүн ирээд “би таньд туслах уу” гэхээр нь би “хэрэггүй, цаашаа яв” гэсэн чинь тэр залуу яваад өгсөн. Би Есөн-Эрдэнэ дэлгүүр рүү орчихоод буцаад гараад явсан. Тэр хооронд миний утас огт дуугарахгүй болохоор нь гар утсаа үзэхэд байхгүй байсан. Гар утас алдсан газарт ирээд камерийн бичлэгийг нь шүүж үзэхэд “над дээр ирээд туслах уу” гээд байсан хүн миний халааснаас хулгайлж аваад өөр хүнд өгч байгаа бичлэг нь байсан. ...” /1хх 213-214/,

гэрч Н.Шинэбатын “Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хажуу талын гудамж руу бие засах гээд явж байхад замд нэг үл таних ах нэг эгчтэй цуг зогсож байсан. Би бие засчихаад эргээд харсан чинь тэр ах гар утсыг нь авч байсан. ...”/1хх 221-222/,

шүүгдэгч Ч.Дын яллагдагчаар өгсөн “...би тухайн үед согтуу, 7 буудал орчмоор явж байхад машины хажууд нэг эмэгтэй хүн доошоо хараад сууж байхаар нь явж очоод юм ярьж байгаад явах гэхэд гар утас нь халаасанд нь ил харагдаж байхаар нь гар утсыг авсан. Тэгээд би цаашаа эргээд явах гэхэд хажуугаас нэг залуу ирээд намайг сугадаад аваад явсан, цаана очоод надаас гар утсыг авсан. ...” /1хх 193-195/ гэх мэдүүлгүүд,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 207-210/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 224-226/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 205-206/,

гэрч Б.Батболорын “...би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед Цагаан байранд байдаг талийгаач Лхагвасүрэнгийн гэрт очсон. ...Д араас орж ирсэн бөгөөд Лхагвасүрэн Дыг гэрээсээ хөөж гаргасан. Лхагвасүрэн “би дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд гараад явсан бөгөөд би гадаа хүлээгээд сууж байтал Лхагвасүрэн дэлгүүрээс 1 шил архи бариад ирж байсан. Гэтэл Д нарийн гудамжнаас гарч ирээд Лхагвасүрэнтэй барьцалдаж авах үед Лхагвасүрэн барьж явсан архиа унагаачихсан. Тэгэхээр нь би архийг нь аваад хашаа руу ороод гэрийн үүдэнд модны хажуу талд тавьчихаад эргээд харахад Лхагвасүрэн хашаа руу орж ирээд дээшээ хараад гэрийнхээ үүдэн дээр уначихсан. Араас нь Д хутга барьчихсан орилоод ороод ирэхээр нь “би юу болж байгаа юм бэ, чи хүн алчихлаа шүү дээ” гэж хэлсэн чинь “чамайг байсан ална шүү” гээд орилоод байсан. ...Д барьж явсан хутгаа жорлон руу шидсэн. ...” /1хх 58-60/,

гэрч Д.Норовсамбуугийн “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 8 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай гэрт Болормаа гэх архи уудаг эмэгтэй орж ирээд ахаа гадаа хүн хутгалчихлаа, та цагдаа дуудаад өгөөч гэхээр нь юу болсон юм бэ гэж сонирхоод гарч ирээд харахад манай 61 дүгээр байрны 12 тоотод амьдардаг, архи уудаг Лхагвасүрэн гэх залуу гэрийнхээ гадаа үүдэнд дээшээ харчихсан, биеийнх нь урд хэсэгт жаахан цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 48-49/,

гэрч Б.Ганбаатарын “...миний бие өглөө 9 цагт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр ирээд, ээлжээ хүлээн авсан. Анхны дуудлага өглөө 10 цаг 30 минутад Жижүүрийн шуурхай албанаас “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 61-12 тоотод цээжиндээ хутгалуулсан хүн байна, хутгалсан хүн нь энд байна” гэх утгатай дуудлага гарсан талаар мэдээлэл өгсөн. Миний бие дуудлага хүлээн авснаас хойш 2 минутын дараа хэрэг болсон гэх газарт ирэхэд Д гэх этгээд хашаанаас гарч зугтаасан байсан ба мэдээлэл авч, араас нь хөөж баривчлаад гавласан. Харин талийгаач Лхагвасүрэн нь тухайн үед байшингийнхаа үүдэнд дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. ...” /1хх 50-51/ гэх мэдүүлгүүд,

Талийгаач Ц.Лхагвасүрэн нь зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээн зүүн ховдол руу нэвтэрсэн урдаас арагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хэсэг 2, 3 дугаар хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн, зулгаралт, цус хуралт гэмтлийн улмаас цус алдаж үнхэлцэг хальсны хөндийд цусан хураа үүсч зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас нас барсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2114 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 83-85/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-30/, хохирлын баримт /1хх 51-55/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, хүнийг алах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Дын бусдын гар утсыг халааснаас нууцаар авч, 777.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүний хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Дын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүх, шүүгдэгч Ч.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын 13 жилээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.МЯГМАРЖАВ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ