Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 158/ШШ2018/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Я.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох

Бугат сумын Цохионы өвөрт байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Я.Сэлэнгийн нэр дээр гаргахыг сумын Засаг даргад даалгах, Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжинд үндэслэж олгогдсон газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2018/0005/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Булганчимэг, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, гуравдагч этгээд Ж.Идэрзуу, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр гэх газарт иргэн Я.Сэлэнгэ миний бие 2013 оны 10 дугаар сараас чацаргана, үхрийн нүд, монос, зэрлэг сонгино, шинэс, хар саваа моднуудыг тариалж эхэлсэн. Одоо ч гэсэн тэр газарт моднуудаа усалж, арчилж жимснүүдээ хурааж авдаг. Тухайн газар нь иргэн Ж.Идэрзуугийн хууль ёсны эзэмшлийн газар боловч тус газрыг надад эзэмшүүлэхээр бид харилцан тохиролцож, 2,5 га газрыг тусад нь хашаалж надад бодит байдлаар эзэмшүүлсэн байдаг. Үүний дагуу би тухайн газарт маш их хөрөнгө босгож, юм хийсэн. Бид хамтран төсөл бичиж, чацаргана авч тариалсан. Чацарганыг зээлээр авах гэрээг иргэн Ж.Идэрзуутай хамт очиж, би мөн адил гарын үсэг зурж авсан. Тэрнээс Идэрзуу ганцаараа гарын үсэг зурж авсан юм биш. Идэрзуу нь мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ надад 2 га газрыг эзэмшүүлэхээр өгсөн нь үнэн гэж мэдүүлсэн байдаг. Үүний дагуу миний бие Бугат сумын засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож өгөх тухай өргөдөл гаргасан боловч татгалзсан хариу ирүүлсэн. Иймээс Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөрт байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Я.Сэлэнгэ миний нэр дээр гаргаж өгөхийг Бугат сумын Засаг даргад даалгаж өгнө үү. Мөн Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамжийн Ж.Идэрзууд холбогдох хэсгийг, энэ захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Гуравдагч этгээд Ж.Идэрзуу нь 5 га газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь үнэн боловч иргэн Сэлэнгэтэй хамтран ажилласан хирнээ газар эзэмшигчийн үүргээ ноцтой зөрчсөн, эзэмшиж байгаа газрынхаа талыг өөр хүнд эзэмшүүлж, ашиглуулсан талаараа газрын өмчлөгчид мэдэгдээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авах үндэслэлтэй. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдаж үүнийхээ дагуу тухайн газар дээр маш их юм хийсэн байдаг. Гуравдагч этгээд Ж.Идэрзуу нь нэхэмжлэгч Я.Сэлэнгийг хууран мэхлэж байсан нь тодорхой болсон. Газар эзэмшигч нь газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Я.Сэлэнгэ нь Засаг даргын тамгын газарт удаа дараа өргөдөл гаргаж, хуулийн дагуу тайлбарыг өгч байсан. Ж.Идэрзуу, Я.Сэлэнгэ нар нь 2,5 га газрын эзэмшлийн маргаанаа харилцан тохиролцож, дээд шатны байгууллагаар шийдвэрлүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоход татгалзах зүйлгүй. Цохионы өвөр гэх тариалангийн газарт иргэн Жүгдэрийн Идэрзуу чацаргана тарих зориулалтаар 5 га газар эзэмших хүсэлт гаргасныг 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамжаар шийдвэрлэж 265923 дугаартай гэрчилгээ олгосон байна. Тухайн газрыг эзэмших өргөдөлд хамтран эзэмшигчийн бүртгэлд Я.Сэлэнгийн нэр байхгүй тул Ж.Идэрзуу дангаар эзэмшиж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь газар эзэмшиж байгаа этгээд газрыг бусдад ашиглуулахдаа захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл энэ тухай мэдэгдээгүй одоо маргаад байгаа нь зохимжгүй байна. Маргаанаа шийдвэрлэж чадахгүй бол бид газрыг эгүүлэн авах талаарх асуудлыг хэлэлцэнэ гэж бодож байгаа гэв.

Гуравдагч этгээд Ж.Идэрзуу шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие өмнө нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Я.Сэлэнгэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан ба иргэний хэрэг үүсгэн шалгаж байх явцад Я.Сэлэнгэ нь миний эзэмшлийн 5 га газраас 2,5 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Үүнийг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл дахин энэ асуудлаар Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь Бугат сумын Цохионы өвөрт байрлах 5 га газрыг 2010 оноос хойш эзэмшиж ашиглаж ирсэн. Нэхэмжлэгч Я.Сэлэнгэтэй миний бие өмнө нь хуучин автомашины сэлбэг худалдаалах үйл ажиллагааг хамтран эрхлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2013 оноос уг газарт мөн хамтран ажиллахаар тохиролцож ажилласан. 2014 онд бидний дунд хамтран ажиллах асуудалд маргаан гарснаар хамтын ажиллагаа дуусгавар болж, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч нь миний эзэмшлийн 5 га газрын талыг буюу 2,5 га газрыг өөрт нь өгсөн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн газар дээр хамтран ажиллах санал тавьснаас газрыг Я.Сэлэнгэд шилжүүлэх хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй. Бидний хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгаагүй, тэр тухай харилцан тохиролцсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад газар эзэмшүүлэх эрх олгосон Бугат сумын Засаг даргын 28 тоот захирамж нь Я.Сэлэнгэд чиглэгдээгүй, түүний эрх ашгийг хөндөөгүй болно гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Өнөөдөрийн шүүх хуралдаанаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай маргааныг шийдвэрлэх гэж байна. Газар эзэмших эрх шилжүүлэх зохицуулалт нь Газрын тухай хуульд маш тодорхой заагдсан байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх тухай ямар нэг гэрээ хэлцэл байхгүй. Талууд гэрээ байгуулж, ноториатаар батлуулаагүй байгаа. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэдгийг гэрчлэх этгээд нь ноториатч болохоос хэн нэгэн мөрдөн байцаагч биш юм. Иймд газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд сумын Засаг даргын 28 тоот захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашигт халдаагүй, эрхийг нь ямар байдлаар хөндсөн бэ гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө нотлохгүй байна. Газрын хууль ёсны эзэмшигч өөрийн эзэмшиж буй газраа бусдад ашиглуулсан эсэх талаар бид маргаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Я.Сэлэнгээс Бугат сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Цохионы өвөр-т байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Я.Сэлэнгийн нэр дээр гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх явцад маргаан бүхий 2,5 га газрын эзэмшигч иргэн Ж.Идэрзууг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нь хүсэлт ирүүлсэн байх ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс өмгөөлөгч М.Ганзоригийг оролцуулахгүй хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Бугат сумын Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны Засаг даргад гомдол гаргаж, аймгийн Засаг даргаас 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08/632 дугаарын албан бичгээр хариу өгсөн нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмаар маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй[1].

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Ж.Идэрзуу өөрийн эзэмшлийн 5 га газрын 2,5 га газрыг миний нэр дээр шилжүүлнэ гэсний дагуу хүсэлтээ тавихад сумын Засаг дарга татгалзсан нь үндэслэлгүй, 2010 оны 28 тоот захирамж нь дээрх газрыг надад эзэмшүүлэхэд саад болж байгаа гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар газар эзэмших эрх шилжүүлэх тухай харилцан тохиролцсон тухайгаа нотлож, маргаанаа шийдвэрлэвэл 2,5 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд татгалзахгүй, 2010 оны 28 тоот захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж маргажээ.

1.      Маргаан бүхий Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр-т байрлах жимс, ногоо тариалах зориулалт бүхий 5 га газрыг Бугат сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамжаар иргэн Ж.Идэрзууд 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна[2].

Нэхэмжлэгч Я.Сэлэнгэ гуравдагч этгээд Ж.Идэрзуу нар нь хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөр гэх газарт чацаргана тариалсан байх ба хамтран ажиллах гэрээг дуусгавар болгон ажиллах хугацаанд гарсан зардал, хөрөнгийн маргаанаа Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Уг шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газар дээрх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд иргэн Ж.Идэрзуугийн эзэмшиж буй 5 га газраас 2,5 га газрын газар эзэмших эрхийг иргэн Я.Сэлэнгэд шилжүүлэх тухай тусгаагүй гэдэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогджээ[3].

Нэхэмжлэгч Я.Сэлэнгэ гуравдагч этгээд Ж.Идэрзуу нар нь 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ба гэрээ байгуулсан үеэс хойш иргэн Ж.Идэрзуугийн эзэмшиж байгаа газраас иргэн Я.Сэлэнгэд тодорхой хэсэг газрыг шилжүүлэх тухай хоорондоо ярьж тохирсон гэх боловч тэдний хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хэлцэл хийгдээгүй, хэн хэн нь Бугат сумын Засаг даргад маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн авах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Харин гуравдагч этгээд Ж.Идэрзуу 2017 онд, нэхэмжлэгч Я.Сэлэнгэ нь 2018 онд газар эзэмших тухай хүсэлтийг гаргаж байсан нь Бугат сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэл, Бугат сумын газрын даамалд ирүүлсэн газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой хүсэлтийн бүртгэлүүдээр тогтоогдож байна. Дээрх газар эзэмших тухай хүсэлтүүд нь маргаан бүхий газартай давхцаагүйн дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь газар эзэмших талаар хамтарч гаргасан хүсэлт, өргөдөл зэрэг нотлох баримт Бугат сумын газрын даамал болон Засаг даргын тамгын газарт байхгүй байна[4].

Иргэд хоорондын эзэмшлийн газар шилжүүлэх, барьцаалах харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг заажээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана гээд талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ болон бусад баримтыг бүрдүүлж эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гаргахаар хуульчилсан. Уг хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан /сумын Засаг дарга/ нь шаардлагатай бичиг баримтыг шалгаж, талуудын хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 /Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ...-д бүртгүүлснээр эрхийг гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно/-т заасан хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй. Иргэн Ж.Идэрзуу, Я.Сэлэнгэ нар нь хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй, холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтанд ирүүлээгүй гэдгээ хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг ба сумын Засаг даргын зүгээс шаардлагатай бичиг баримт, хүсэлтээ ирүүлээгүй байхад газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг 2,5 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлнэ гэснээ хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэж маргадаг боловч иргэн Я.Сэлэнгээс Булган аймгийн Прокурорын газарт 2017 оны 1 дүгээр сард гомдол гаргаж, гомдлын дагуу Цагдаагийн газраас холбогдох ажиллагааг хийсэн байдаг ба нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тайлбар авч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ[5]. Уг материалд Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ, Хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсан тухай эдийн засгийн асуудлыг тохиролцож шийдвэрлэсэн тухай гэрээ хавсаргагдсан байх бөгөөд Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ-г 2013 онд байгуулсан. Харин эдийн засгийн асуудлыг тохиролцож шийдвэрлэсэн гэрээ нь 2015 оны 2 дугаар сарын 14-ны өдөр байгуулагдсан байна. Үүнээс харахад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь 2013 онд анх гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаад гэрээг дуусгавар болгохдоо чацаргана тариалсан газар дээр боссон хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж 2015 онд дахин харилцан тохиролцож гэрээ байгуулж, гарын үсэг зурсан гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед нэхэмжлэгчээс 2,5 га газрын газар эзэмших эрхийн асуудлыг хөндөөгүй, гуравдагч этгээдээс дээрх газрын газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гуравдагч этгээд Ж.Идэрзууг газар эзэмшүүлэх гэрээг ноцтой зөрчсөн, газрыг бусдад эзэмшүүлж ашиглуулах талаараа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хуулиар сумын Засаг даргад олгосон ба сумын Засаг дарга газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг хангуулах, гэрээний дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаад хяналт тавьж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

2.      Нэхэмжлэгчээс сумын Засаг даргын 28 тоот захирамжийг маргаан бүхий 2,5 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хангахад хүндрэл учирч болзошгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т Сумын Засаг дарга энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасны дагуу сумын Засаг дарга Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 07/01 тоот тогтоолыг үндэслэж, 2009 онд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Ж.Идэрзууд 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамжаар 5 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн[6]. Уг шийдвэрийн дагуу сумын газрын даамал эзэмшигч нарын хооронд газар эзэмшүүлэх гэрээ хийгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[7] олгожээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Сэлэнгэ, гуравдагч этгээд Ж.Идэрзуу нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаас 3 жилийн өмнө буюу тухайн эзэмшихийг хүссэн газар хамтран ажиллаж эхлээгүй байхад иргэн Ж.Идэрзуу дангаараа эзэмших хүсэлт тавьсаны дагуу эрх олгосон байгаа нь тогтоогдож байна. Үүнээс харахад 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн иргэн Ж.Идэрзууд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь иргэн Я.Сэлэнгэд маргаж буй 2,5 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх эсэх асуудалтай хамааралгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн байх ба сумын Засаг даргын 28 тоот захирамж болон иргэн Я.Сэлэнгэд иргэн Ж.Идэрзуугийн хууль ёсоор эзэмшдэг 5 га газрын талыг буюу 2,5 га газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан шийдвэрүүд нь захиргааны актад хамаарч байна. Дээрх захиргааны актууд нэхэмжлэгч Я.Сэлэнгийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, түүнд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан иргэн Я.Сэлэнгээс Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Бугат сумын Цохионы өвөр-т байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийг Я.Сэлэнгийн нэр дээр шилжүүлэхийг сумын Засаг даргад даалгах, Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ