Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0504

 

ТХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

 

Нэхэмжлэлийн шаардлага: Т ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, Т ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М- ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай "Тэсэлгээний өрмийн машин" тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай "Тэсэлгээний өрмийн машин" тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119/ШШ2026/0040 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 119/2026/0037/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ТХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, ТХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай "Тэсэлгээний өрмийн машин" тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай "Тэсэлгээний өрмийн машин" тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119/ШШ2026/0040 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4, 48 дугаар зүйлийн 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2 50.2.3 дахь заалтуудыг баримтлан "Төгсчимэг" ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, "ТХХК-ийг шалгаруулахаас татгалзсан "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М- ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай "Тэсэлгээний өрмийн машин" тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай Тэсэлгээний өрмийн машин" тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-гийн давж заалдах гомдлын агуулга:

...Захиалагчийн М-ДБ-112-12/2120 дугаартай албан мэдэгдэлд манай компанийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын 1-р бараа: Авто ачигчийн дугуй 45/65R45, дугуйн даацын индекс 245 тул шаардлага хангахгүй гэж үнэлсэн нь тус тендерийн үнэлгээний хороо мэргэжлийн бус мөн шударга өрсөлдөх зарчмийг хангаж ажиллах хуулийн журмыг зөрчсөн буюу техникийн тодорхойлолтод 1. Бараа: Авто ачигчийн дугуй 45/65R45 (эсхүл түүнтэй дүйцэх) гэж заасан байхад дүйцүйлэн үнлээгүй байна. Захиалагч зөвхөн яг 240 байх ёстой гэж хаалттай шаардлага тавьсан бол тэрийг тендер шалгаруулалтад тусгайлан: "240-өөс өөр индекс хүлээн зөвшөөрөхгүй гэж бичих ёстой байсан. Тийм заалт байхгүй бол 240 ба түүнээс дээш гэж ойлгогдоно. Учир нь: Захиалагч нь 1-р бараа: Авто ачигчийн дугуй 45/65R45, Дугуйн даацын индекс 240 гэж заасан байсан харин бид дүйцэхүйц буюу 1-р бараа: Авто ачигчийн дугуй 45/65R45, Дугуйн даацын индекс 245-тай дугуй санал болгосон. Захиалагчийн шаардсан 45/65R45 хэмжээ, даацын индекс 240 үзүүлэлт нь хамгийн бага техникийн босго үзүүлэлт бөгөөд манай  компанийн санал болгосон 45/65R45 хэмжээтэй, даацын индекс 245 дугуй нь уг шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй даацын чадамжийн хувьд давсан үзүүлэлттэй болно. Даацын индекс өссөн нь барааны зориулалт, угсралтын нийцэл, ашиглалтын нөхцөлийг алдагдуулаагүй, харин ашиглалтын найдвартай байдлыг нэмэгдүүлсэн техникийн давуу үзүүлэлт юм. Иймд "245 тул шаардлага хангахгүй" гэж дүгнэсэн нь техникийн үзүүлэлтийн мөн чанарыг буруу тайлбарласан, Төрийн худалдан авах ажиллагаанд техникийн тодорхойлолт нь барааны зориулалт, гүйцэтгэл, техникийн үзүүлэлтээр үнэлэгдэх ёстой бөгөөд өрсөлдөөнийг хязгаарлахгүй, түүнээс дээш буюу түүнтэй дүйцэх үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх зарчимтай байдаг.

Даацын индексийн тоо өсөх тусам даах чадвар нэмэгддэг 240-өөс 245 бол ижил хэмжээтэй илүү өндөр даацтай захиалагчийн шаардсанаас доогуур биш харин ч давсан үзүүлэлт өөрөөр хэлбэл энэ нь "шаардлага хангаагүй" биш, "шаардлагаас илүү үзүүлэлттэй гэсэн үг. Дугуйн даацын индекс (Load Index) гэдэг нь нэг дугуй хамгийн ихдээ хэдэн кг ачаа даахыг илэрхийлсэн тоон үзүүлэлт юм. Энэ тоо дугуйн хажуу ханан дээр хэмжээний кодын ард бичигдсэн байдаг. Тоо өндөр байх тусам даах жин ихэснэ. Харин даацын индекс бага байвал дугуй халалт өгнө, хажуу ханын урагдал үүснэ, хүнд ачаанд тэсвэргүй, карьерт хагарал их гарна, ашиглалтын хугацаа богино болдог. Тиймээс уул уурхайн машинд ихэвчлэн: Даацын индекс өндөр = бат бөх каркас + зузаан ply + илүү их резинэн нөөцтэй гэж үздэг. Даацын индекс их байх ба нэг дугуйн ачаалал даах чадвар уул уурхайн хүнд нөхцөлд тэнхлэгийн төвлөрсөн ачааллыг бүрэн даах олон давхар өндөр бат бэх каркастай байдаг.

Тус тендерт шалгарсан В ХХК-ний илгээсэн материалтай танилцахад дараах алдаа байна. ТШЗ 20.1 Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт: 1.Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: 1.1 Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно). 1.2 Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд: албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, 1.3 Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны этгээд бол дараах нотлох баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт (албан бичиг эсхүл гэрээ)-ыг ойлгоно). 1.4 Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны эрхтэй этгээдээс зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ (Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгох албан ёсны эрхтэй болохыг нотлох баримтыг ойлгоно) гэж заасан мөн техникийн тодорхойлолтод 8-р мөрд санал болгож буй дугуйн үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хаяг ирүүлэх гэж шаардасан байхад "В" ХХК нь техникийн тодорхойлолтод бараа 1-4-т AMERISTAR TIRES LTD дугуйг санал болгож, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хаягаар www.ameristartires.com сайтыг ирүүлсэн атлаа тендерийн баримтад үйлдвэрлэгчийг TNR INTERNATIONAL компанийн үйлдвэр гэж тодорхойлсон нь санал болгож буй барааны жинхэнэ үйлдвэрлэгчийг нэг мөр тодорхойлоогүй, баримт материал хоорондоо зөрүүтэй байгааг харуулж байна. Ийнхүү үйлдвэрлэгчийг TNR INTERNATIONAL гэж тодорхойлсон тохиолдолд ТШЗ 20.1-д заасан үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрлийг тухайн үйлдвэрлэгчээс ирүүлэх ёстой байсан боловч ийм баримт ирүүлээгүй байна. Энэ нь нийлүүлэх барааны гарал үүсэл, үйлдвэрлэгчийн эрх олголт, баталгаат хариуцлага тодорхой бус бөгөөд тендерийн шаардлага хангаагүй байхад захиалагч шаардлага хангасан гэж үзсэн нь үнэлгээний ижил тэгш, шударга зарчмыг зөрчсөн байна. Иймд тендерийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тус тендерийн үнэлгээний хороо шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг тус тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч ТХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан Т ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, ТХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэглийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай Тэсэлгээний өрмийн машин тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай Тэсэлгээний өрмийн машин+ тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн.

2.2. Мөн ТХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын захиргааны актын огноо, дугаарыг Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл гэж тодруулсан.

3. Хэргийн үйл баримтын тухайд,

3.1. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/2025/01021115 дугаартай Тэсэлгээний өрмийн машин нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад нийт 9 компани тендер ирүүлснээс Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар Ц ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтээр Үнэлгээний хорооны зөвлөмжийг дахин нягтлахаар болжээ.

3.2. Тус дүгнэлтийн дагуу тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар ТХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэгдсэний дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/95 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг ТХХК-д, бусад оролцогч компаниудад тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

3.3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Ц ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шаардлагад нийцсэн материал ирүүлсэн Ц ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

3.4. Т ХХК нь дахин уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1831 тоот албан бичгээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсний дагуу Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж, Ц ХХК-ийн тендерийг Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн хүрээнд дахин хянан үзсэн байх бөгөөд Үнэлгээний хорооны 06 дугаар хуралдаанаар шаардлагад нийцсэн оролцогч байхгүй тул тендерийг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

3.5. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр Тэсэлгээний өрмийн машин ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай тендерийг дахин шинээр зарласан байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ, 26.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; гэж тус тус зааснаар тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэхээр байна.

5. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ТХХК-ийн ирүүлсэн тендерийг дараах шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

-Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг нотлох Майнинг эксплорэйшн дриллинг ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээг бодитой эсэх талаар тухайн компаниас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цахим шуудангаар тодруулга авах албан бичиг явуулсан боловч албан ёсны хариу ирүүлээгүй тул ТШЗ 18.1-т заасан шаардлага хангаагүй,

-Оролцогчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт 6-р мөр: Хөдөлгүүрийн мушгих хүч-3600Н.м, 7-р мөр: Хөдөлгүүрийн эргэлт-1900 эрг/мин гэж ирүүлсэн боловч санал болгож байгаа ЛЕА В12 өрмийн автомашины техникийн паспортод Дизель хөдөлгүүрийн загвар: QSC 8.9-С420-30; нэрлэсэн чадал: 324 кВт@1800 эрг/мин, хамгийн их эргүүлэх момент: 1920Н.м @ 1600 эрг/мин гэж зөрүүтэй ирүүлсэн ба санал болгож ирүүлсэн ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины дэлгэрэнгүй мэдээллийгhttp://www.hongwuhuan.com/productinfo/3777 546.html сайтаас шалгаж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй тул ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй гэжээ.

6. Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлага буюу ТШЗ 18.1-д заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд:

6.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-ийн 18.1.2.2-т Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: 18.1.2.2.1-т 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна, 18.1.2.2.2-т Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна, 18.1.2.2.3-т Ижил төстэй гэдэгт Тэсэлгээний өрмийн машин нийлүүлж байсныг ойлгоно гэжээ.

6.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана, 25.2-д Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно гэж тус тус заасан.

6.3. Үүний дагуу холбогдох бусад этгээд болох 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээний нэг тал болох Майнинг эксплорэйшн дриллинг ХХК-иас цахим шуудангаар тодруулга авахаар албан бичиг явуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй боловч тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, 05 дугаартай тэмдэглэлээр Майнинг эксплорэйшн дриллинг ХХК-иас тодруулгын хариу ирээгүй тул ТХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

7. Оролцогчийн нийлүүлэхээр санал болгосон бараа техникийн тодорхойлолтод заасан шаардлага буюу ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд:

7.1. тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага-д тухайн барааны үзүүлэлт тус бүрийг дор жагсааж бичих..., захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх...зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичих, ...дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана гэсэн шаардлага тавьсан. Мөн Тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машин JK Drilling 820-3 /эсхүл түүнтэй дүйцэх/ барааны техникийн үзүүлэлтийн 6-д Хөдөлгүүрийн мушгих хүч 3600 Н.м-ээс багагүй гэж, 7-д Хөдөлгүүрийн эргэлт 1900 эрг/мин багагүй гэж тус тус заасан.

7.2. Нэхэмжлэгч ТХХК нь захиалагчийн шаардсан Тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн JK Drilling 820-3 машиныг биш эсхүл түүнтэй дүйцэх гэсэн шаардлагын хүрээнд ЛЕВ В12 DTH drilling Rig загварын тэсэлгээний цооногийн өрмийн машиныг нийлүүлэхээр санал болгож, техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгтэд техникийн үзүүлэлтийн 6-д Хөдөлгүүрийн мушгих хүч 3600 Н.м багагүй гэсэн шаардлагад 3600 Н.м бүрэн нийцнэ гэж, 7-д Хөдөлгүүрийн эргэлт 1900 эрг/мин багагүй гэсэн шаардлагад 2100 эрг/мин бүрэн нийцнэ гэж бичээд тендерт санал болгож буй тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машины зургийг хавсарган ирүүлсэн.

7.3. Мөн нэхэмжлэгчээс уг өрмийн машины техникийн үзүүлэлтийг http://www.**********.com/productinfo/3777546.html цахим хаягаас орж үзэх талаар албан бичгийг тендерийн материалд хүргүүлсэн, уг сайтад бүх мэдээлэл байгаа гэж маргасан боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сайтын мэдээллийн орчуулга болон сайтаас шинжлэн судлах үед тухайн мэдээлэл сайтад тусгагдсан байгаа зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсонд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө тухайн өрмийн машины техникийн үзүүлэлт тухайн цахим хуудаст бүрэн байсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

7.4. Үүнээс үзэхэд Т ХХК-ийн тендерт ирүүлсэн ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины зургийг техникийн тодорхойлолтод хавсарган ирүүлсэн ч уг өрмийн машины техникийн үзүүлэлтийн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, техникийн паспорт нь тухайн санал болгож буй өрмийн машины техникийн үзүүлэлтийг нотлох баримт бичиг биш, өөр төрлийн өрөмдлөгийн машины техникийн паспорт болох нь тогтоогдсон бөгөөд техникийн үзүүлэлтийг тухайн цахим хуудасны мэдээллээс өөр бусад нотлох баримтыг тендерт оролцогч Т ХХК нь ирүүлээгүй тул техникийн үзүүлэлтийг нотлох баримт, танилцуулгыг ирүүлээгүй гэж үзэхээр байна.

7.5. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т ХХК-ийн санал болгосон бараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1-т энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; гэж заасан шаардлагыг хангаагүй гэж тухайн тендерээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй.

8. Тендерийн Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч Т ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендерийн баримт бичигт дурдсан 2 шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн нэг болох ТШЗ 18.1-д заасан шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу боловч хоёр дахь үндэслэл болох ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй гэж үзсэн нь зөв байх тул шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч ТХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

9. Иймд нэхэмжлэгч Т ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй бөгөөд тухайн тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:, 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 28.4-д Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана гэж тус тус заасныг зөрчөөгүй гэж үзэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо Эрдэнэт ТӨҮГ-ын зарласан ЭҮТӨҮГ/20260102385/01/01 дугаартай Уурхайн техникийн дугуй тендер шалгаруулалтын талаар буюу энэ хэрэгт хамааралгүй тендерт холбоотой агуулгыг дурдсан байсан тул давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ТХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119/ШШ2026/0040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ТХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН