Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01625

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01571 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч М.Эын хариуцагч “С” ХХК-д холбогдох, зуучлалын гэрээний дагуу төлсөн 3 278 808 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Э-аас 1 540 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.Мөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “С” ХХК-тай харилцан тохиролцож элсэлтийн зөвлөх үйлчилгээ нэртэй, Австрали улс руу суралцуулахаар зуучлуулах гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, гэрээний хөлсөнд бэлнээр 300 000 төгрөгийг төлж баталгаажуулсан. Хариуцагч байгууллагын ажилтан н.Наранцацралт гэх хүнтэй гэрээ байгуулж, шаардсан төлбөрийг нь захирал Н.Мөрөнгийн Хаан банкны 5006523144 тоот дансанд нийт 10 757 190 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч тал зөвлөх үйлчилгээгээ дутуу үзүүлснээс болж надад 3 278 808 төгрөгийн хохирол учирсан. Би сургалтын төлбөрт 7 976 000 төгрөг, үйлчилгээний хөлсний урьдчилгаанд 300 000 төгрөг, визний хураамж болон эрүүл мэндийн даатгалын төлбөрт 2 218 190 төгрөг, визтэй холбогдох орчуулгад 174 000 төгрөг, нотариатын зардалд 89 000 төгрөг, нийт 10 757 190 төгрөгийг төлснөөс надад сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын 7 478 382 төгрөгийг буцааж шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 3 278 808 төгрөгийг өгөөгүй тул “С” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба өмгөөлөгчид төлөх хөлсийг өөрөө төлөх үүрэгтэй учир уг төлбөрийг би төлөх хууль зүйн үндэслэлгүй. Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаа 300 000 төгрөгийг би төлж, үлдэгдэл 740 000 төгрөгийг виз гарсан тохиолдолд төлөхөөр заасан. Миний виз гараагүй учир үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: М.Э 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Австрали улсад суралцахаар гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөрт 300 000 төгрөг төлсөн. Энэ төлбөрт сургуулиас урилга авч, виз мэдүүлэх хүртэл бүх үйл ажиллагааны зардал орсон тул буцаан олгогдохгүй болно. М.Э-ын төлсөн 10 194 190 төгрөг төлснөөс манай байгууллагаас 10 183 752 төгрөгийг холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн. Иймд манай байгууллагаас гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Австрали улсад суралцуулахтай холбоотой бүхий л төлбөр тооцоог суралцагчийн өмнөөс хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч М.Э нь гэрээний 4.3-т заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, Австрали улсын оюутны визний үндсэн шаардлага болох нэг жилийн амьдрах зардал, сургалтын төлбөрөө бүрэн хариуцах чадамжтай гэдгийг нотолсон бэлэн мөнгөний баталгааг хуурамчаар гаргаснаас болж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Австралийн элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан. Иймд байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгч Т.Одгалд төлсөн төлбөр 800 000 төгрөг, зөвлөх үйлчилгээний төлбөр 740 000 төгрөг, нийт 1 540 000 төгрөгийг М.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3 278 808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 67 420 төгрөг, хариуцагчаас төлсөн 39 590 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 67 420 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас ирсэн байхад шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрийг гаргасан нь хууль зөрчиж, нэг талыг барьж шийдвэр гаргасан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч талаас М.Э-ын төлбөрт 4 000 австрали доллар буюу банкны шимтгэл ороод 7 924 550 төгрөг шилжүүлснээс, төлбөр нь буцаагдахдаа сургуулийн журамд заасны дагуу 200 австрали доллар суутгагдаж 3 800 австрали доллар буюу 6 443 382 төгрөг дансанд нь орсон. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М.Э-ын эрүүл мэндийн даатгал  болон визний 2 218 190 төгрөг төлснийг шүүхийн шийдвэрт дан ганц эрүүл мэндийн даатгал төлсөн гэжээ. 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр эрүүл мэндийн даатгалын төлбөрт 560 австрали доллар буюу 1 124 102 төгрөг шилжүүлсэн бөгөөд буцаалтыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ханшаар 560 австрали доллар буюу 1 035 000 шилжүүлсэн. Манай байгууллагаас визний хураамжид төлсөн 565,49 австрали доллар буюу 1 135 100 төгрөгийг огт тооцолгүйгээр шийдвэр гаргасан, мөн валютын ханш тооцоогүй, нотлох баримтад авагдсан гадаад валютын үнийн дүнг хянаж үзэлгүй шийдвэр гаргасан. Нотлох баримтад авагдсан гадаад шилжүүлгийн дансны хуулга нь бүгд америк доллараар хөрвөсөн байх боловч шүүхийн шийдвэрт австрали доллар гэж алдаатай тусгасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргаж буй үйл баримттай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүргийн биелэлтэд 3 278 808 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч марган, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардал 1 540 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх75-76/

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу хариуцагч байгууллага нь Австрали Улсын виз олгох боломжит нөхцөлийг бодитоор тайлбарлан зөвлөх үйлчилгээ үзүүлээгүй, шаардагдах материалуудыг шаардлага хангасан байдлаар илгээгээгүйн улмаас виз олгохоор татгалзсан гэж нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутган визний болон сургуульд төлсөн хураамж, ханшийн зөрүү зэргээс нэхэмжлэгчид учирсан хохиролд 3 278 808 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “С” ХХК-ийг зуучлалын гэрээний үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан виз олгохоос татгалзсан тухай шийдвэрт /хх.37-47/ нэхэмжлэгч М.Э-д виз олгохгүй байх шалтгааныг “санхүүгийн чадвараа батлах зорилгоор ирүүлсэн Хаан банкны 73 021 597 төгрөг бүхий дансны хуулгаас үзэхэд энэ мөнгөний ихэнхийг виз мэдүүлэхээс өмнө байршуулсан, энэ мөнгийг хэрхэн хуримтлуулсан эсвэл хэрхэн эзэмших болсон талаар баримт, нотолгоо өгөөгүйгээс гадна энэ хэмжээний хуримтлалыг үүсгэхүйц өөрийн орлогыг тодорхойлсон баримтыг өгөөгүй”, “Австрали Улсад сурах нь таныг зорилгоо биелүүлэхэд тусална гэдгийг тайлбарласан хангалттай шалтгаан бичээгүй, англи хэлний чадвараа сайжруулах нь танд хэрхэн тус болно гэж үзэж байгаагаа тодорхой илэрхийлээгүй” зэрэг үндэслэлийг заасан. Хариуцагч ямар үүргээ биелүүлээгүй нь энэхүү нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн буюу шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Австрали Улсын виз олгогдоогүй талаарх эрх бүхий байгууллагын шийдвэрт дурдсан нөхцөл байдлуудад хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй шууд хамааралтай гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн, хариуцагч “С” ХХК нь суралцагчийн гэрээний өргөдлийн маягтад бөглөсөн хөтөлбөрт суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан нь эрх бүхий байгууллагаас виз гаргуулахад баталгаа гаргаагүй, түүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Элсэлтийн зөвлөх үйлчилгээний гэрээний 4.5-д /хх.81/ суралцагч нь сургуулийн бүртгэлийн хураамж, бичиг баримтыг шуудангаар илгээх зардал, визний хураамж, эрүүл мэндийн даатгалын төлбөр, бусад шаардлагатай зардал зэргийг өөрөө хариуцах үүрэгтэй талаар заасан бөгөөд гэрээний уг заалтын дагуу визний хураамж, бичиг баримтын зардал, бүртгэлийн хураамжийг нэхэмжлэгч өөрөө хариуцна.

Бусдаас эрх зүйн туслалцаа төлбөртэй авч зардал гаргасанд нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй, мөн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Шүүх талуудын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хангасан нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зуучлалын гэрээний дагуу төлсөн 3 278 808 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулах нэхэмжлэл, нэхэмжлэгч М.Э-аас 1 540 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ын хариуцагч “С” ХХК-аас 3 278 808 төгрөг гаргуулах нэхэмжлэл, М.Э-аас 1 540 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ