Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02425

 

 

 

 

 

 

 

 

    2020       09          28                                        181/ШШ2020/02425 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ХХК холбогдох,

 

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох, хөлс болон алданги 43,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ц нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч У ХХК-тай 66/17 дугаартай тоглогчийн гэрээг байгуулан, тус компанийн “Улаанбаатар Сити Эф Си” хөл бөмбөгийн клубийн ахлагч болж уралдаан, тэмцээнд клубийн нэрийн өмнөөс оролцохоор тохиролцсон. Уг гэрээ байгуулах үед тус клуб байгуулагдаад удаагүй, шинэхэн клуб байсан тул Монгол улсын хөл бөмбөгийн спортод төдийлөн том амжилт үзүүлж байгаагүй баг байсан. Ц тус клубтэй гэрээ байгуулж, клубийн ахлагч болсноос хойш багийн тамирчдаа манлайлан, бэлтгэлээ сайн хангасны үндсэн дээр олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд үүний үр дүнд тус клуб нь Монгол Улсын хөл бөмбөгийн спортод жинтэй байр суурь эзлэх клуб болж чадсан. Тухайлбал, 2019 онд Монголын үндэсний Хүрхрээ Лигийн аварга, 2017 онд дэд аварга, 2017 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны цомын аварга, 2018 онд Монголын хөл бөмбөгийн супер цомын аварга, багийн түүхэнд анх удаа Азийн хөл бөмбөгийн холбооны цомын урьдчилсан шатанд оролцох болзол хангасан зэрэг амжилтуудыг тус тус гаргасан.

Гэвч клубийн удирдлагын зүгээс Цд гэрээний хугацаанд удаа дараа хууль бус, гэрээнд заагаагүй шаардлага тавих “гэрээг цуцалж, гэрээгээр тохирсон хөлс болох байрыг өгөхгүй шүү” гэх зэргээр харилцаж ирсэн. Тухайлбал, компанийн захирал Г.Дашням нь өөрийнх нь хамааралтай бусад компаниуд болох “Жи Мобайл”, “МТ групп” ХХК зэрэг компаниудын сурталчилгааг болон өөрийнх нь сошиал медианд нийтэлсэн зүйлсийг нь дэмжиж, бусадтай хуваалцахыг шаардах, “хүсвэл гэрээнд заасан байрыг өгөхгүй байж чадна шүү”, “клубд тоглуулахгүй байж чадна” гэх зэргээр хууль бус, хүнлэг бус байдлаар харилцах тохиолдлууд удаа дараа гаргаж байсан.

Дээрх нөхцөл байдалтай холбоотой зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг сайжруулах, тодорхой болгох тухай санал тавьж байсан боловч хүлээж авч байгаагүй. Мөн зүй бус шаардлагуудыг тэвчиж байсан. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн энэ байдал хүндэрч, Цыг “клубээс гар, байр болон бусад төлбөр хөлс өгөхгүй” зэргээр шууд дарамталж эхэлсэн. Энэ тухай компанийн захирал Г.Дашням нь утсаар ярьж, чатаар ч бичиж байсан. Мөн клубийн дасгалжуулагчийн хүсэлтийн дагуу багийн бэлтгэлд хүн оролцуулсны төлөө “багаас гар, гэрээг чинь цуцална” зэргээр дарамталж, сүрдүүлсэн.

Ц энэ жил 32 настай бөгөөд хөлбөмбөгчин хүний тухайн спортоор идэвхтэй хичээллэх, амжилт гаргах боломжтой нас нь 34 хүртэл байдаг. Иймд энэ спортоор идэвхтэй хичээллэх, амжилт үзүүлэх 2 орчим жилийн л хугацаа үлдсэн. Энэ хугацаанд Цыг багт тоглуулахгүй байх, тохирсон хөлс, байр өгөхгүй байх тухай дарамталсан нь маш хэцүү байсан.

Тухайн компанитай байгуулсан тоглогчийн гэрээний 3.5-д “Тамирчин нь ... зөвшөөрөлгүйгээр аливаа тэмцээн уралдаанд оролцохыг хатуу хориглоно” гэж, 3.2-т “Тамирчин клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Цыг аливаа тэмцээн, уралдаанд оролцохыг зөвшөөрөхгүй байх эрх нь клубд байдаг тул клубийн удирдлагын зүгээс санасан зүйлээ хийх боломжтой байсан. Мөн Тоглогчийн гэрээний 6.2-т “Тамирчин нь гэрээний хугацаанд өөр клуб, байгууллагын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохыг хатуу хориглоно” гэж, 1.2-т “Энэхүү гэрээг байгуулснаар Монголын хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлэх бөгөөд зөвхөн Клубийн нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцоно” гэж тус тус заасны дагуу гэрээний хугацаанд өөр клубд шилжих боломжгүй. Мөн Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу тамирчид клубтэй байгуулсан гэрээгээ холбоонд нь бүртгүүлдэг бөгөөд клубийн гэрээ цуцлагдсан тухай Холбоонд бичгээр мэдэгдсэнээр л тамирчин өөр клубтэй гэрээ байгуулах боломжтой болдог. Клубийн удирдлагын зүгээс энэхүү давуу байдлаа ашиглан Цыг клубээс гар гэж мэдэгдсэн мөртлөө гэрээ цуцлагдсан тухай мэдэгдэл, шийдвэрийг Хөл бөмбөгийн холбоо эсхүл түүнд өгөлгүйгээр “чамайг тоглуулахгүй байж чадна, чиний ирээдүйг ингээд дуусгаж чадна. Чи өөр клубд тоглож чадахгүй” гэх зэргээр дарамталж байсан.

Үүнтэй холбоотой 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр компанийн захирал, клубийн эзэн Г.Дашнямд хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд “Гэрээ цуцалж байгаа талаар албан ёсны хариу өгөх, гэрээ цуцлагдаагүй бол гэрээг шинэчилж байгуулах”-ыг шаардсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн дотор байгуулсан гэрээг шинэчлээгүй нөхцөлд гэрээ цуцлагдсан гэж ойлгох тухайгаа мэдэгдсэн. Гэвч албан бичгээр хариу өгөөгүй, сүрдүүлж, дарамталсан хэвээр байсан.

Иймд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монголын Хөл бөмбөгийн холбоонд энэ тухай хандаж “клубийн удирдлагын зүгээс дарамтлах болсон” тухай, “шаардлагад хариу өгөөгүй. Гэрээг цуцалсан” тухай мэдэгдэж, хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлттэй холбоотой клубийн зүгээс “гэрээг цуцлаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг Холбоонд өгсөн тухай Холбооны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хариу албан бичигт тусгасан байсан. Мөн клубийн эзэн Г.Дашнямын бичсэн хувийн чат, захидал нь “гэрээ цуцлаагүй” гэх клубийн албан бичигтэй зөрж байх тул баримтын шаардлага хангасан албан бичгийг үндэслэж, гэрээ цуцлагдаагүй гэж дүгнэсэн байсан.

Ийнхүү Холбооны зүгээс тоглогчийн гэрээг цуцлагдаагүй гэж үзсэн тул Ц өөр клубтэй гэрээ байгуулах, өөр клубийн нэрийн өмнөөс тоглох, тэмцээнд оролцох боломжгүй хэвээр үлдсэн. Ингэж клубийн зүгээс “чамайг тоглуулахгүй байж чадна, чиний ирээдүйг дуусгаж чадна” гэх дарамтаа бодитойгоор биелүүлсэн. Үүний дараа аргагүй эрхэнд клубд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин бичгээр хандаж, “клубийн эзэн, компанийн захирал Г.Дашнямд гэрээг үргэлжлүүлэхгүй, хамтран ажиллахгүй тухай удаа дараа мэдэгдсэн боловч албан ёсоор, бичгээр хариу өгөөгүй тул гэрээг цуцалж байгаа” талаар бичгээр баталгаажуулж өгөхийг хүссэн. Гэвч гэрээг цуцалсан тухай албан бичиг өгөхгүй байсан бөгөөд компанийн хуульч, удирдлага хамтран “өөрсдийнх нь хүссэн байдлаар өргөдөл авч байж гэрээ цуцалсан тухай албан бичиг өгнө” гэсэн. Тухайлбал, өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан мэт ойлгогдох болон тоглогчийн гэрээтэй холбоотой нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол саналгүй гэх агуулга бүхий өргөдөл бичүүлж авсан.

Ийнхүү клубийн өмнөөс тоглуулахгүй, өөр багт ч шилжихийг зөвшөөрөхгүй, цалин хөлс, байр өгөхгүй зэргээр дарамталсаар дээрх хүсэлтийг Цаар бичүүлж авсан. Өөрөөр хэлбэл, клуб өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан хэрнэ тоглогчийн хүсэл зоригоор гэрээг цуцалсан мэт харагдуулах баримтыг авсан. Бичсэн тус хүсэлт нь сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зориг байгаагүй. Мөн Тоглогчийн гэрээний 8.2-т гэрээг тамирчны хүсэлтээр цуцлахгүй тухай заасан.

Цын хувьд клубээс гарах сонирхол байгаагүй бөгөөд клубийн удирдлагын дарамт, шахалт, санаачилгаар түүнийг клубээс гаргасан тул хариуцагч компани нь өөрийн санаачилгаар Цтай байгуулсан тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн тоглогчийн гэрээний 2.1, 2.2-т заасан ёсоор ажлын хөлс дараах хоёр хэлбэрээс бүрдэж байсан. Нэгдүгээрт, гэрээний турш 1 өрөө байрыг үнэ төлбөргүйгээр ашиглах буюу амьдрах. Хоёрдугаарт, тухайн байрыг өөрийн өмчлөлдөө авах бөгөөд гэрээ дуусгавар болох үед Цын нэр дээр шилжих тухай тохиролцсон бөгөөд энд заасан байр нь 60,000,000 төгрөгийн үнэтэй Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Тэмүүлэн хороолол, 43а байр 18 тоот, 1 өрөө орон сууц юм.

Гэрээнд энэ талаар тусгагдаагүй байсан тул гэрээг шинэчлэх, энэ талаар тодорхой болгохыг хүсэж, клубийн удирдлагад хожим хүсэлт гаргаж байсан ч хүлээн аваагүй. Мөн байрны үнэлгээг тухайн үед 60,000,000 төгрөг хэмээн танилцуулсны үндсэн дээр тоглогчийн гэрээг байгуулж байсан.

Клубийн зүгээс тоглогчийн гэрээг 29 сарын дараа цуцалсан тул Ц нь 29 сарын төлөгдөөгүй хөлс болох 29,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Гэрээний нийт хугацаа 5 жил байсан, үүнд 60 сар ногдож байгаа бөгөөд 60,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон тул 1 сард 1,000,000 төгрөгийн хөлс, нийт 29 сарын 29,000,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Үүнээс өөр байдлаар сар тутамд хөлс гэж авдаггүй байсан учир ажилласан хугацааны хөлсийг ийнхүү тооцсон байгаа.

Хариуцагч тал орон сууцны үнийг 60,000,000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн үндэслэлд маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтыг нотлохгүй гэж 3 удаа нэхэмжлэгч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Тиймээс одоо шүүх хуралдаанд орон сууцны үнэ 60,000,000 төгрөг биш гэж маргах хууль зүйн боломжгүй тул шүүх хөлсийг нэхэмжлэлд заасан дүнгээр хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Энэ хөлсийг нэхэмжилсэн шаардлагыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр У ХХК-д холбогдуулан гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн учир тоглогчийн гэрээний 6.1-т “Клуб нь энэхүү гэрээний Тамирчны гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд нийт цалингийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх болно” гэсэн заалтыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх алданги тооцож, шаардлагаа нэмэгдүүлсэн.

Дээрх гэрээний 6.1 дэх заалтын дагуу 29,000,000 төгрөгийн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн алдангийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэлх хугацаагаар тооцон үзэхэд нийт алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас давсан тул 14,500,000 төгрөгөөр тооцсон.

Иймд эдгээр үндэслэлүүдээр У ХХК-ийг тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож, 29 сарын хөлс 29,000,000 төгрөгийг алданги 14,500,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон түүний болоод хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай “Улаанбаатар Сити” баг Цтай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 66/17 тоот тоглогчийн таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаар түүнд байр өгөхөөр тусгасан. Ц нь “Улаанбаатар Сити” клубд таван жил тоглож, хүчин зүтгэснийхээ дараа байр авах эрхтэй.

Тоглогчийн гэрээний 8.2-т “Энэхүү гэрээг зөвхөн клуб цуцлах эрхтэй бөгөөд тамирчны хүсэлтээр цуцлахгүй гэж заасан. Энэ хугацаанд ямар нэгэн мөнгөн цалин өгөхгүй гэж маш тодорхой гэрээнд тусгасан. Гэрээ байгуулагдсаны дараа Ц байрандаа орсон. Тухайн байрны гэрчилгээ Г.Дашнямын нэр дээр бүртгэлтэй. Таван жилийн гэрээний хугацаа дуусахаар түүний нэр дээр амьдарч байгаа орон сууцыг нь шилжүүлэхээр тохиролцсон болно.

Гэтэл Ц нь “Улаанбаатар сити” багийн ерөнхий захирал гэрээгээ зөрчсөн гэж худал мэдээлэл тараан гүтгэж, Г.Дашнямын нэр хүндэд халдсан. Сошиал ертөнцөд удаа дараа худал мэдээлэл тараасан.

Ц нь өөр багаас томоохон санал ирээд л гарахын тулд энэхүү үйлдлийг гарган удаа дараа хүсэлт гаргаж, “Улаанбаатар сити” клубээс гарсан даруйдаа “Эрчим”-д нэгдсэн. Ц нь багаас гарах өргөдөл өгөхдөө ямар ч дарамт шахалтын үндсэн дээр өгөөгүй. Өөрөө өргөдлөө өгөөд гарсан. Ингэхдээ цаашид тоглогчтой холбоотойгоор нэхэмжлэл гаргах болон цаашид гомдол саналгүй гэж багаас гарч гэрээгээ цуцалчхаад шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцлаагүй, харин нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцалсан.

Тоглогчийн гэрээний нэг сарын хөлс нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хороолол, 43а байрны 18 тоот 1 өрөө орон сууц байранд үнэгүй амьдрах явдал байсан. Уг орон сууцны нэг сарын хөлс нь 600,000 төгрөгийн ханштай байдаг юм билээ. Тиймээс 600,000 төгрөгийн хөлс төлж байсан гэсэн үг.

Үүнээс гадна жил бүр зохиогддог тэмцээнүүдэд амжилттай оролцсон тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор гэрээнд заасан дагуу 2017 онд 10,000,000 төгрөгийн урамшууллыг Цд олгосон байдаг.

Харин энэ маягаараа 5 жил өнгөрсөн тохиолдолд түүний амьдарч байсан орон сууцыг өөрийнх нь өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой байсан. Иймд түүнд орон сууцны үнийн зарим хэсгийг шилжүүлэх үндэслэлгүй. Орон сууцыг 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй талаарх нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч байр нэхээгүй учир байрны үнийг тогтоох талаар бид хүсэлт гаргаагүй. Бидний хувьд цалин хөлсийг өгдөг журмаар өгсөн.

Гэрээний хөлс нь орон сууцанд үнэгүй сууснаар төлөгдсөн тул орон сууцны үнээр тооцож хөлс шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч У ХХК-д холбогдуулан нь тоглогчийн гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны хөлс 29,000,000 төгрөг, хөлс төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алданги 14,500,000 төгрөг буюу нийт 43,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч нь гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар цуцалсан, гэрээгээр тохирсон хөлсийг хөлс төлөх арга журмын дагуу бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 66/17 тоот 5 жилийн хугацаатай “Тоглогчийн гэрээ” нэртэй гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр Ц нь клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцох, У ХХК нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Гэрээний шинжээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр хууль буюу гэрээнд зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй байдаг.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтээр гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хариуцагч компанийн тамирчнаар ажилласан бөгөөд энэхүү гэрээ нэхэмжлэгчийн дээрх хүсэлтэд үндэслэн хариуцагчийн гаргасан шийдвэрийн дагуу цуцлагдсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нийт 29 сар ажилласан гэж гэрээ цуцлагдсан огноог 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр тооцсоныг хариуцагч үгүйсгэж маргаагүй, хүсэлтээс хойш удаагүй түүнийг багаас гаргах шийдвэр гаргасан гэж тайлбарласан тул шүүх гэрээний үргэлжилсэн хугацааг 29 сараар тооцох үндэслэлтэй.

 

Гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар талууд харилцан адилгүй тайлбар гаргаж мэтгэлцэх боловч хөлсөөр ажиллах гэрээнд заасан үүргийн зөрчилтэй шууд холбоотой гэхээс илүүтэйгээр ажиллагч, ажиллуулагчийн хооронд үүссэн харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцлын улмаас талууд цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэх нь хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэнээс үүдэлтэй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иймд үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагыг талууд харилцан шаардаагүй энэ тохиолдолд шүүх гэрээ үүргийн зөрчлөөс үүдэлтэйгээр цуцлагдсан эсэх асуудлыг лавшруулан шалгаж тогтоох нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзэж энэ талаар дүгнэлт хийхгүй орхив.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс “тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан байх боловч энэ шаардлагын үндсэн дээр ямар үр дагавар арилгуулах буюу үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад юу хүсэж байгаагаа тодорхойлоогүй, гэрээ ямар үндэслэлээр цуцлагдсан асуудал нь нэхэмжлэлийн шаардлага бус харин түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн үндэслэл байх боломжтой тул үүнийг бие даасан шаардлага гэж үзэхгүй.

 

Талууд хөлсөөр ажиллах гэрээг хэн алиныхаа эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр цуцалсан тул энэ нөхцөл байдлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан үндэслэлд хамаатуулан үзнэ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 367 дугаар зүйлийн 367.1, 367.2 дахь зохицуулалтын дагуу ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас цуцалсанаас бусад шалтгаанаар хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан бол ажиллагч нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.

 

Манай тохиолдолд зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ тамирчин Цыг уг гэрээгээр хүлээсэн тэмцээн уралдаанд клубийн нэрийн өмнөөс оролцох үүргээ гүйцэтгээгүйгээс, эсхүл тэрээр уг гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Тэгэхээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан үндэслэлээр цуцлагдсан гэрээний үр дагаврыг арилгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага бүхий энэ маргааныг шийдвэрлэх гол үндэс нь талуудын гэрээгээр тохиролцож тодорхойлсон хөлс гэх ойлголтод гэрээний хугацаа дуусгавар болоход Цын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон, түүний ашиглаж байсан 1 өрөө орон сууц хамаарах эсэх асуудалд дүгнэлт өгөх явдал гэж үзлээ.

 

Талууд хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлээр 1.Энэхүү гэрээний дагуу тамирчны хөлсөнд 1 өрөө байрыг ашиглуулах болно, 2.Гэрээ дуусгавар болсноор У ХХК нь Цын нэр дээр 1 өрөө байрны үл хөдлөх гэрчилгээг шилжүүлэх болно, 3.Жил бүр зохион байгуулагддаг Хүрхрээ Үндэсний дээд лигт оролцож тэргүүн байр эзэлсэн тохиолдолд 10,000,000 төгрөг, дэд байр эзэлсэн тохиолдолд 5,000,000 төгрөг, гуравдугаар байр эзэлсэн тохиолдолд 2,000,000 төгрөгийн урамшуулал олгоно гэж тохиролцсон байх ба эдгээрийг хамтад нь гэрээний хөлс гэж тодорхойлжээ.

 

Ажиллагчаас тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэснийх нь төлөө буюу хийсэн хөдөлмөрийнх нь үр дүнд ажиллуулагчаас төлөхөөр тохирсон хөлс нь гэрээний талуудын хэрэгцээ шаардлага, боломж бололцоондоо тулгуурлан тодорхойлсон ямар ч хэлбэртэй байж болох тул шүүх гэрээний дээрх заалтуудад тусгасан гурван өөр нөхцөлийг хамтдаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлс гэх ойлголтыг бүрдүүлж байна гэж үзлээ.

 

Орон сууцыг гэрээний туршид үнэ төлбөргүй ашиглуулах нь ажиллагчаас гарах зардлыг хэмнэх аргаар хөлсний тодорхой хэсгийг сар бүр төлж байгаа хэлбэр бол, гэрээ дуусгавар болсноор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нь 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил үйлчилгээг гүйцэтгэсний дараа төлж байгаа хэлбэр, харин тодорхой болзол хангагдсан тохиолдолд үр дүнгээс хамаарч мөнгөн төлбөрийг төлөх нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн урамшуулал буюу хөлсний бүрдэл хэсэг байна.

 

Талууд хөлс төлөх хэлбэр, хугацаа, нөхцөлийг ийнхүү тохиролцож тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 360 дугаар зүйлийн 360.1, 360.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Сар бүр төлөгдөх хөлс болоод урамшуулалтай холбоотой маргаан талуудын хооронд гараагүй, харин ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх замаар хариуцагчаас төлөхөөр тохирсон, урьдчилан төлөгдөөгүй хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд энэхүү хөлсийг тохирсон хэлбэрээр гаргуулах боломжгүй үндэслэлээр ажилласан хугацаанд харгалзагдах үнийн дүнгээр буюу тооны аргаар тооцож, мөнгөөр шаардсаныг шүүх буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгчээс орон сууцны үнийг 60,000,000 төгрөгөөр тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29,000,000 төгрөгөөр тодорхойлсон байдалд хариуцагч тал эсэргүүцсэн тайлбар, нотолгоог гаргаагүй,  орон сууцны үнэлгээг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хариуцагч тал маргаагүй үндэслэлээр маргаагүй үйл баримтыг нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй гэж удаа дараа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг мэдэж байсан атлаа үүнтэй холбоотой хүсэлт, тайлбар, татгалзлыг гаргаагүй тул шүүх няцаагаагүй гэж үзнэ.

 

Иймд тус шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн урьд маргаагүй үндэслэлээр гаргасан орон сууцыг 60,000,000 төгрөгийн үнэтэй болохыг нотолсон баримт байхгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нийт ажилласан 29 сарын хугацаанд ногдох гэрээний 2.2-т заасан хөлсийг мөнгөөр илэрхийлсэн хэмжээ болох 29,000,000 төгрөг /60,000,000:60сарх29сар/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д тус тус нийцэх тул ийнхүү шийдвэрлэв.

 

Харин гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул хөлсөөр ажиллах гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 14,500,000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг тус тус баримтлан У ХХК-аас 29,000,000 төгрөгийг гаргуулж Цд олгож, Цын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Ө.УЯНГА