| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
2024 01 02 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн 2309000002493 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын .....-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнес удирдлагын менежер мэргэжилтэй, А караокены захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Э, ........................ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Г.Э нь 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "А" нэртэй караокены үүдэнд хохирогч Ц.Нын биед халдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, хохирогч Ц.Нын "... Миний бие 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ТВ-9 телевиз буюу ажлын байрнаасаа ганцаараа гарч ирээд ажлын хажууханд байрлах А гэх нэртэй караокены үүдэнд байрлах тамхины цэг дээр тамхи татаад зогсож байхдаа 103.6 FM-ийн ажилтан гэх залуутай мэндлээд байж байхад А караоке дотроос архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу маягийн фудволктой залуу гарч ирээд бид хоёрын хажууд зогсоод бид хоёр луу муухай хараад зогсоод байсан. Дараа нь би тамхиа татаж дуусаад үнсний сав руу очиж тамхиа хаячаад буцаад 103.6 FM-ийн ажилтан гэх залуу дээр очоод байж байхад нөгөө үл таних залуу надад надтай гар барихгүй "пизда" вэ гэж хэлж уурласан. Тэгээд үл таних залуу бид хоёр хоорондоо маргалдсан. Дараа нь тухайн үл таних залуу баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Дараа нь би цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх 7/, гэрч Ч.М-ийн "...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах А гэх нэртэй караокед 14 цагийн үед ороод найз Г.-Э-ийн хамт орж үйлчлүүлээд нэг хүний 3 пиво уусан. Дараа нь Г-Э нь ганцаараа өрөөнөөс гараад явсан. Тэгээд би өрөөнөөс зөрөөд гарч ирэхэд нэг үл таних залуу ирээд танай найз чинь намайг цохичихлоо. Би цагдаа дуудсан эндээ хүлээж бай гэсэн." гэх мэдүүлэг /хх 9/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12701 дугаартай шинжээчийн "Ц.Н-ын биед хамар ясанд цөмөрсөн хугарал хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 18-19/, яллагдагч З.Г-Э-ийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч З.Г.-Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч Ц.Н-ын нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй." гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-Э-ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ