Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/02492

 

 

 

 

 

 

 

 

2020           10          07                                             181/ШШ2020/02492

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э,

Нэхэмжлэгч: Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 29,874,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Б, иргэдийн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Э иргэн Бээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж, 32б байр 6 тоотод байрлалтай 102,45 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан юм. Гэтэл уг байрыг хариуцагч М ХХК-ийн ажилчид захирлынхаа даалгавраар түлхүүрийг эвдлэн дайран орж, харуул хамгаалалт тавьж, бидний өмчлөлд хууль бусаар халдан эзэмшсэн тул дүүргийн цагдаад хандсан боловч Баянгол дүүргийн прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, иргэний шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой гэсэн тогтоол гаргасан юм.

Ингээд 2018 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхийн дугаар 011/ХТ2019/00876 тогтоол гарч уг байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гарсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагаа явуулж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр авагч Эт хүлээлгэн өгсөн.

Э нь энэ байранд иргэн Бтэй хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхлэн оффисын зорилгоор ашиглахаар төлөвлөж худалдан аваад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 32б байрны 6 тоот байрыг 2 жил гаруй өмчлөн үйл ажиллагаа явуулж чадалгүй хөрш 1 тоот зэргэлдээ орших ижил хэмжээтэй байрыг иргэн Б.Наранхүүгээс хөлслөн бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байсан.

Хэрэв өөрийн өмчлөлийн байрандаа бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан бол сард ус, цахилгаан, талбайн төлбөрт сар бүр 106,000 төгрөг төлөөд орон сууцны 1 м.кв-ыг 10,800 төгрөг буюу 102,45 мкв байрыг сард 1,106,460 төгрөг, нийт 27 сарын хугацаанд 29,874,420 төгрөг төлж хохирохгүй байсан юм.

Энэ хэргийн хариуцагч М ХХК мөн, “Саруул групп” ХХК цаанаа байдаг л юм байгаа биз. Нэхэмжлэгч нарын хувьд өмчлөх эрхийг М ХХК-ийн ажилчид зөрчсөн тул хариуцагчийг тус компаниар тодорхойлсон.

Иймд өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс учирсан хохирол болох 29,874,420 төгрөгийг М ХХК-аас гаргуулж, Эт 20,624,420 төгрөгийг, Бт 9,250,000 төгрөгийг тус тус олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргааны үндэслэл болсон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж, 32б байрны 1, 6 тоот орон сууцнуудын анхны захиалагч нь Б.Ганбаяр гэдэг хүн бөгөөд “Саруул групп” ХХК болон М ХХК-ийн захирлаар ажилладаг. Энэ байрыг М.Ганболд нь арматур өгье гэж хэлээд өөрийн өмчлөлдөө шилжүүлэх арилжааны гэрээг байгуулан, өмчлөх эрхийн гэрчилгээг олж авсан байгаа.

М.Ганболд нь нэг ч тонн төмөр нийлүүлээгүй атлаа өөрийн өмчлөлөөс орон сууцнуудыг цааш нь дамжуулан шилжүүлж Б.Ганбаярыг залилсан. Түүний энэ үйлдэлд одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг хэрэгт “Саруул групп” ХХК-ийг төлөөлөн Б.Ганбаяр хохирогчоор тогтоогдсон явж байгаа.

М.Ганболдын хуулийн зөвлөх, хамтарч ажилладаг хүн бол Б.Наранхүү, тэрээр Б.Энхцэцэг, Б нараас 2 ширхэг орон сууцыг худалдан авсан мэт гэрээ үйлдэж, өмчлөлдөө шилжүүлэн авсан байгаа. Яг үнэндээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэг ч төгрөгийг орон сууцны үнэ гэж төлөөгүй, төлөх ч боломжгүй юм.

Дараагийн дугаарт гэвэл, энэ хэргийн хариуцагч нь М ХХК биш, нэхэмжлэгч шаардлага гаргах үндэслэлтэй гэж үзэж байгаа бол “Саруул групп” ХХК-д холбогдуулан гаргах байсан байх. Анхнаасаа энэ компанитай хийсэн хэлцлээс үүдэлтэй маргаан гарч, хоорондоо харилцаж ирсэн байдаг.

Б.Наранхүү болоод Э, Б нарт “Саруул групп” ХХК-ийн зүгээс орон сууцны түлхүүрийн гол солих, өөртөө туслах аргаар байрнаас тэднийг гаргах зэрэг үйл ажиллагааг явуулж байсан юм. Э, Б нар бол байрнаасаа нүүсэн, харин Б.Наранхүү гуай “Саруул групп” ХХК-ийн хамгаалалтын ажилтантай хэдэн сар тэвчээртэй амьдарсан юм гэнэ билээ.

Гэмт хэргийн замаар хөрөнгө өмчлөх эрхээ алдсан бол уг эрхээ буцаан сэргээлгэх эрх Б.Ганбаярт байгаа. Хохирлоо ийнхүү арилгуулах эрх бидэнд байгаа тул М.Ганболдоосоо мөнгөө ав, байраа бидэнд үлдээ гэсэн Б.Наранхүүгийн тайлбар үндэслэлгүй. М.Ганболдын хуулийн зөвлөх Б.Наранхүүд өгсөн прокурорын хариу мэдэгдэх хуудсаар ч тэр энэ маргаанд “Саруул групп” ХХК оролцож байсан нь тогтоогдоно.

Түүнчлэн нэхэмжлэгч нараас Б.Наранхүүгийн орон сууцыг түрээсэлсний төлбөрт 29,874,420 төгрөг төлсөн гэх ямар ч баримт байхгүй. Б.Наранхүү байраа түрээслэж ашиг орлого олсон бол энэ талаарх баримтууд болон татварт тайлагнасан тайлан байхгүй тул нотлогдохгүй байна.

Иймд энэ нэхэмжлэлийн эх маргааныг эрүүгийн журмаар шалгаж байгаа байдал, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа байдал, М ХХК энэ хэргийн хариуцагч биш зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх талуудаас гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э, Б нар нь хариуцагч М ХХК-аас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйгээс учирсан хохирол болох 29,874,420 төгрөгийг гаргуулж, Эт 20,624,420 төгрөгийг, Бт 9,250,000 төгрөгийг тус тус олгуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч М ХХК-ийн явуулсан хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.Эрдэнэцэцэг, Б нарт гэм хор учирсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүх энэхүү нэхэмжлэлд үндэслэн нэхэмжлэгч нарт учирсан гэх гэм хорыг хариуцан арилгах үүргийг М ХХК-д хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй тул Э, Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарт 29,874,420 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй тул М ХХК-аас гэм хорын хохирол 29,874,420 төгрөг гаргуулахыг хүссэн Э, Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА

 

 

                        ШҮҮГЧИД                                                     Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                                С.ЭНХБАЯР