Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

  2020             4              14                                          2020/ДШМ/456

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дуламсүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006007150394 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б-ын Б, 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.3, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 04 цаг 30 минутын үед иргэн Б.Очирбаттай маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгаар хатгаж зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Батболдын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батболдын Бг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Мөн хохирогч Б.Очирбатад учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан. Улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүх миний урьд шүүхээр шийтгэгдсэн хувийн байдалд дүгнэлт хийж, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахгүй, эрүүгийн хариуцлагыг хэтрүүлэн хүлээлгэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байна гэж үзэхэд хүргэж байна.

Би гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр, бага насны хүүхдүүдээ тэжээдэг. Одоо эхнэр жирэмсэн, ажилгүй байгаа. Цалин хөлсгүй болвол ар гэрт минь хүнд нөхцөл байдал үүсэхээр байна. Мөн 2019 оны 10 дугаар сард би осолд орсны улмаас хөлний зүүн түнх мултарсан, сүүж хугарсан, баруун хөлний шагай хугарсан зэрэг гэмтлүүд авсан бөгөөд өнөөг хүртэл эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэдэг тул эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзнэ үү. Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан. Дээрх хуулийн заалтуудын утга агуулгаас харахад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нь прокуророос хүлээгээд авсан байдаг. Энэ бүх байдлуудыг харгалзаж үзэх үндэслэлтэй. Иймд прокурорын саналыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломж байгаа болов уу гэж үзэж байна. Нөгөө талаар шүүгдэгч Б.Б хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн нь байгаа. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд гарган өгч байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү” гэв.

            Прокурор Н.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Үүнийг нь прокуророос хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тогтоол гаргаж яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал болгож, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 04 цаг 30 минутын орчим иргэн Б.Очирбаттай маргалдаж, улмаар нуруун тус газар нь хутгаар хатгаж зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Очирбатын “...би “үгүй, агаа би одоо гэр рүүгээ явлаа” гэсэн чинь намайг заамдаад боосон. Тэгэхээр нь би гарнаас нь барьж байгаад гарыг нь салгаад түлхчихсэн чинь цаашаа яваад буцахдаа хутга аваад миний нуруу руу хутгалчихсан байсан. Халуу дүүгээд ухаан алдчихсан байсан. Сэрсэн чинь нуруунаас халуу дүүгээд бөөнөөрөө тэвэрч аваад цагдаа дуудсан. ...” /хх 9-10/,

 

шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Очирбаттай маргалдаж, улмаар цонхны тавцан дээр байсан цагаан өнгийн бариултай төмөр хутгыг аваад Б.Очирбатын нуруун тус газар нь нэг удаа хатгаж гэмтээсэн. ...” /хх 70-72/ гэх мэдүүлгүүд,

 

хохирогч Б.Очирбатын биед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1780 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, яаралтай тусламжийн хуудас /хх 18-19/, хохирогч Б.Очирбат хохиролд 800.000 төгрөг хүлээн авсан тухай баримт /хх 77/, хохирогч Б.Очирбатын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх 79/, шүүгдэгч Б.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 80/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүх, шүүгдэгч Б.Бгийн хохирогч Б.Очирбатын нуруун тус газар нь хутгаар хатгаж зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн “...оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь;

 

Шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Очирбат нараас гаргасан хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол үйлдэж, шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэснийг зөрчжээ.

 

Иймд, шүүгдэгч Б.Бд прокурорын гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заажээ.

 

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Б.Бд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батболдын Бг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй" гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батболдын Бг 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.  

 

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн,

 

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                                      

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.МЯГМАРЖАВ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ