| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2017/0014/З |
| Дугаар | 158/ШШ2018/0013 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 158/ШШ2018/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Машин механизм ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох
Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Машин механизм ХК-тай гэрээ байгуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0014/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Машин механизм ХКомпанийн захирал Ж.Жаргалсайхан, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буманбаяр, Үнэлгээний хороог төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Машин механизм ХК-ний захирал Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангасан боловч мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй болсон. Ингээд Жинсийн орой ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдлийг хүлээн авч, уг мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан юм. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх тухай албан тоотыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг даргаас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1197 дугаартай албан бичгээр манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул захиалагч бүх тендерээс татгалзсан гэсэн хариу өгсөн. Уг тендерийн баримт бичгийн хавсралт хяналтын төсөв болон барилга угсралтын ажлын зурагт 2.1.1. барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт гэсэн заалтад тохирсон ажил байх бөгөөд харин 2.1.1* Барилын засаг чимэглэл, интерьерийн ажил гэсэн заалтад тохирох интерьерийн ажил байхгүй. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр, аймгийн Засаг даргын 01/1197 тоот албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж, манай компанитай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Үнэлгээний хорооны дарга Ц.Батжаргал нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/211 тоот захирамжаар байгуулж, ажиллуулсан. Үнэлгээний хорооноос 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр тендерийн баримт бичгийг боловсруулан батлуулж, нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн10 цагт тендерийг нээж, үнэлгээ хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан байна. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлаж, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 09.30 цагт тендерийг нээхэд Их азар, Жинсийн орой, Машин механизм ХК-иуд материал ирүүлсэн байсан. Ирсэн материалуудад үнэлгээ хийж Жинсийн орой ХХК-ийг шалгаруулсан байсан. Энэ үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Машин механизм, Их азар компаниуд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу сангийн яамнаас дахин үнэлгээ хий гэсэн албан бичиг ирсэн. Дахин үнэлгээ хийгээд мөн шаардлагад нийцсэн тендер нэг ч ирээгүй гэж үзэж шууд гэрээ байгуулах зөвлөмж гарсан. Шинээр баригдах сургуулийн зарим анги, танхим /урлаг, соёлын заал, хими физикийн лаборатори, комьпютерийн танхим/-ыг зохих интерьерийн шийдэлтэй тохижуулах зайлшгүй шаардлагатай тул захиалагчийн зүгээс 2.1.1* барилгын засал чимэглэл, интерьерийн ажил заалт бүхий тусгай зөвшөөрлийг шаардсан. Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заагдсан шаардлага нь өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж үзсэн бол тендерийг нээхээс өмнө гомдол гаргах эрх нээлттэй байсан. Гэтэл энэ хугацаанд гомдол гаргаагүй тул тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, материалаа ирүүлсэн гэж үзнэ. Иймд захиалагч, Үнэлгээний хорооны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буманбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Сонгон шалгаруулалтыг явуулахад бидний баримталдаг гол хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тухайн тендерт оролцогч нар тендерийн баримт бичигтэй танилцаад хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрх нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргалгүй, тендер шалгаруулалт дууссаны дараа баримт бичигтэй холбоотой гомдол гаргаад маргаан үүсгээд байгаа нь үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрлийн хувьд 2.1.1* тусгай зөвшөөрлийг шаардсан нь ажил хийгдэж байх хугацаанд интерьерийн ажил хийлгэхдээ гүйцэтгэгч компанитайгаа шууд гэрээ байгуулаад хийгдэх боломжтой байсан учраас бид энэ тусгай зөвшөөрлийг оруулж ирсэн юм. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 2.1.1, 2.1.1* заалтууд нь хоорондоо адилхан гэж яриад байна. Гэвч энэ чинь хоёр тусдаа тусгай зөвшөөрөл байгаа. Нэгэнт тендерийн баримт бичигт 2.1.1* тусгай зөвшөөрлийг шаардсан бол бид үнэлгээ хийхдээ энэ тусгай зөвшөөрөл байна уу үгүй юу гэдэгт үнэлгээ хийнэ. Үүний дагуу үнэлгээ хийгдээд шийдвэр нь гарсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Үнэлгээний хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Үнэлгээний хороо хуульд заасны дагуу үнэлгээг хийж шийдвэрээ гаргасан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Машин механизм ХК-иас Булган аймгийн Бугат сумын сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өртгөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хууль бус болсон гэжүзэж тухайн тендерийн захиалагч аймгийн Засаг дарга, сонгон шалгаруулалт явуулсан Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, Машин механизм ХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд нэхэмжлэгчээс маргаан бүхий акт буюу Үнэлгээний хорооны шийдвэрээр захиалагчийн зүгээс шууд гэрээ байгуулахаар хийгдэж байгаа үйл ажиллагаа /цахимаар зарласан шалгаруулалт/-г түдгэлзүүлэх хүсэлт ирүүлснийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 59 тоот шүүгчийн захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд дээрх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байна[1].
Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Орон нутгийн өмчийн газарт Бугат сумын сургуулийн барилгыг шинэчлэж, цогцолбор болгон өргөтгөх ажлыг эхлүүлэх, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг явуулах хүсэлт[2] ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/211[3] тоот захирамжаар Үнэлгээний хороо байгуулж, дээрх сонгон шалгаруулалт явуулах эрхийг олгожээ.
Үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Тендерийн урилга[4]-ыг нийтэд зарлаж, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээсэн байна. Уг сонгон шалгаруулалтын дүнд Жинсийн орой ХХК-ний материалыг шаардлага хангасан гэж үзэж гүйцэтгэгчээр сонгожээ. Гэвч тухайн сонгон шалгаруулалтад оролцсон Их азар ХХКомпани Сангийн яаманд гомдол гаргасан байдаг бөгөөд Сангийн яамнаас шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн албан бичгийг Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт ирүүлжээ. Үүний дагуу Үнэлгээний хороо 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулалтыг дахин зарлах, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд шаардлагатай өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэсэн байна[5].
Үнэлгээний хорооноос анхны тендерийн урилгыг нийтэд зарласнаас хойш сонгон шалгаруулалт явуулах хугацаанд нийт 7 удаа хуралдсан байдаг ба сонгон шалгаруулалтыг хоёр удаа явуулж, үнэлгээ хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул захиалагчид шууд гэрээ байгуулах зөвлөмжийг[6] хүргүүлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар Үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл[7] нь Үнэлгээний хорооны шийдвэр бөгөөд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарах ба нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин зарлагдсан Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг явуулсан Үнэлгээний хорооний дүгнэлт нь тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрөлөөр хийгдэх ажил байхгүй байхад тусгай зөвшөөрөл шаардсан нь үндэслэлгүй, Сангийн яамнаас хүргүүлсэн шийдвэр эцсийн шийдвэр байхад хууль зөрчиж гарсан гэж тодорхойлсон.
Хариуцагч тал нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заагдсан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн, Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж Үнэлгээний хорооны дүгнэлт хуульд заасны дагуу гарсан гэж маргажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: гээд 47.2.1-д техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх гэж заасны дагуу Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулан тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн сонирхогч этгээдэд тендерийн баримт бичгийг хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчид дээрх тендерийн баримт бичгийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр [email protected] хаягаар хүргүүлж[8], нэхэмжлэгч тендерт оролцох материалаа 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 50 минутад Үнэлгээний хороонд ирүүлсэн нь Тендерт оролцогчдийн ирүүлсэн тендерийн бүртгэл-ийн 3 дугаарт[9] бүртгэгдсэн байна. Тендерийн нээлтийн тэмдэглэлд нэхэмжлэгчийг төлөөлж менежер М.Гэрэлбаяр гэх хүн оролцсон байх ба нээлтийн үйл ажиллагааны явцад оролцогчдоос тендерийн баримт бичгийн талаар тусгайлсан санал хүсэлт гаргаагүй талаар тэмдэглэлд[10] тусгажээ.
Үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээг хийж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн Жинсийн орой ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон, мөн өдрөө 02 дугаарын зөвлөмж[11]-ийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Үнэлгээний хорооны энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Машин механизм ХКомпани эс зөвшөөрч Сангийн яаманд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргаснаар Сангийн яам гомдлыг хэлэлцээд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6-1/5842[12] тоот албан бичгээр хариу өгсөн байна. Уг албан бичигт Үнэлгээний хорооноос сонгосон гүйцэтгэгч болох Жинсийн орой ХХКомпани нь чадавхийн шаардлага хангахгүй гэж татгалзсан байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу дахин үнэлгээ хийх шийдвэр гарган захиалагчид хүргүүлсэн байна. Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, нэхэмжлэгчийн ирүүлсэн материалд дахин үнэлгээг хийж, Машин механизм ХК-ний тусгай зөвшөөрөл шаардлага хангахгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзжээ.
Үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ ны 4.Эрх бүхий тендерт оролцогч[13] хэсгийн 4.4.(в)д ТШӨХ /тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт/-д шаардсан бол тухайн төрлийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл-ийг ирүүлэхээр заасан ба Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн А.Ерөнхий зүйл-д ТОӨЗ 4.4.(в) хэсэгт 1. Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Тийм. Барилгын хөгжлийн төвийн 2.1.1*, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4[14] гэжээ.
Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд нийт 3 хуулийн этгээд материалаа ирүүлсэн байна. Материалаа ирүүлсэн компаниудын тусгай зөвшөөрлөөс харахад захиалагч болон Үнэлгээний хорооноос баталсан тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг Жинсийн орой ХХКомпани хангаж[15], Машин механизм ХКомпани болон Их азар ХХКомпанийн тусгай зөвшөөрөлд Барилга угсралтын 2.1.1* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гэсэн[16] заалт байхгүй байна. Барилга, хот байгуулалтын яамнаас Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам-ын нэгдүгээр хавсралтаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага-ын хоёрт Барилгын угсралтын ажлын хүрээнд олгох тусгай зөвшөөрлийн төрөлд 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт; 2.1.1*. Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гэсэн нь энэхүү тусгай зөвшөөрлүүдийг олгоход тавигдах ажилтны боловсрол, ур чадвар нь тус тусдаа өөр өөр шаардлага тавигддаг хоёр өөр төрлийн тусгай зөвшөөрөл гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигт тусгасан заавал байх шаардлагатай тусгай зөвшөөрөлд 2.1.1* тусгай зөвшөөрөл шаардах ажил байхгүй, 2.1.1* тусгай зөвшөөрлийг 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй адилтган үзэж болно гэж маргаж байгаа боловч тендерийн баримт бичгийг боловсруулах эрх Үнэлгээний хороонд хуулиар олгогдсон бөгөөд тендерийн баримт бичгийг захиалагчаар батлуулсан байдаг. Иймд захиалагч болон захиалагчийн шийдвэрээр байгуулагдсан Үнэлгээний хорооноос гаргасан баримт бичигт тусгагдсан зүйл, тавьсан шаардлагыг тендерт оролцогчын зүгээс байх шаардлагагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт... ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасан байх ба нэхэмжлэгч тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлийн талаар гомдол гаргах эрх нээлттэй байсан байна. Мөн нэхэмжлэгч нь тендерт оролцох материалаа тендер нээхээс өмнө Үнэлгээний хороонд ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, тендерийн баримт бичигт заасны дагуу материалаа ирүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Машин механизм ХК-иас Үнэлгээний хороонд ирүүлсэн материалд байгаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Машин механизм Хувьцаат Компани гэсэн байхад Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлд Машин механизм ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/ гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрөл гэж үзэхэд эргэлзээтэй байна[17]. Учир нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна гэжээ. Хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компанийг үүсгэн байгуулах, компанийн хөрөнгө, хувьцааг захиран зарцуулах хэлбэр нь өөр учраас Машин механизм компани нь ХХК болон ХК гэсэн нэршлийг хамтад нь адилтган хэрэглэх боломжгүй юм.
Сангийн яамны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6-1/5842 тоот албан бичиг нь тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг захиалагчаас шаардсан бөгөөд Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж Машин механизм ХК-ний материалд ирүүлсэн тусгай зөвшөөрлийг тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан нь хууль зөрчөөгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 /энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах/-д заасны дагуу Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хуульд заасны дагуу хоёр удаа зарлан нээлттэй тендер шалгаруулалт явуулсан боловч шаардлагад нийцсэн тендер ирээгүй тул захиалагчид шууд гэрээ байгуулах зөвлөмжийг Үнэлгээний хорооноос хүргүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэлээ. Үнэлгээний хорооны шийдвэр хуулийн дагуу үндэслэлтэй гарсан байх тул сонгон шалгаруулалтын захиалагч болох аймгийн Засаг даргад нэхэмжлэгчтэй шууд гэрээ байгуулахыг даалгах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн аймгийн Засаг дарга, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 47 дугаар зүйлийн 47.2.1, 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг тус тус баримтлан Машин механизм ХК-ниас Булган аймгийн Засаг дарга, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Машин механизм ХК-тай гэрээ байгуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ