| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/1129/3 |
| Дугаар | 221/МА2026/0531 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2026/0531
“Ц” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ц” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0534 дүгээр шийдвэр
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт тус тус даалгуулах
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 128/2025/1129/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Ц” ХХК (хуучин нэрээр “Ц” ХХК)-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт тус тус даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК (хуучин нэрээр Ц ХХК)-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ц” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-01**** тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо:
3.1 “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалтыг үндэслэн уул уурхайн кадастрын бүртгэлийн системд зураг зүйн шүүлт хийж үзэхэд “Ц” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай 8343.80 гектар, С аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар тогтоолоор баталсан орон нутгийн тусгай хэрэгцээний газартай 2604.67 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай байна. Дээрх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын нөөц, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай учраас захиргааны байгууллага босго үнэ баталгаажуулж, сонгон шалгаруулалт зарлах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2 Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэх боломжгүй болохыг мэдэгдсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг "...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаасаа төрд шилжүүлэн өгсөн хэмжээгээрээ нөхөх олговор авч болохоор байна" гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хариуцагчаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.3 Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.7-д "Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан болно.
3.4 Иймд “Ц” ХХК-ийн (хуучин нэрээр “Ц” ХХК) эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-01**** тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөр олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримтын тухайд;
3. Нэхэмжлэгч “Ц” ХХК-д анх (хуучин нэрээр “Ц” ХХК) 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С аймгийн С сумын нутагт Б........ нэртэй газарт орших 10948,44 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
4. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаар Шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар Магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар Тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, дээрх шүүхийн шийдвэрээр “...Ашигт малтмалын тухай хуулийн ...заасныг зөрчиж олгогдсон ... 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож” шийдвэрлэсний дотор тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрөл багтжээ.
5. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “...Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ...“Ц” ХХК-ийн эзэмшлийн 1****Х талбайд гаргасан EX00**** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж” шийдвэрлэсэн.
6. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, тогтоолын дагуу хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хавсралтаар баталсан байна.
7. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт хандаж 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/**/** дугаар, 08 дугаар сарын 21-ний өдрийн А/**/** дугаар, 10 дугаар сарын 02-ны өдрийн А/**/** дүгээр албан бичгүүдээр “...тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах”, “...өмнө эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайтай ижил хэмжээний талбайг дүйцүүлэн олгох, бидний хохирлыг барагдуулах”, “...нөхөн олговрын асуудлыг хуулийн 9.1.13-д заасан журмаар шийдвэрлэх” хүсэлтүүдийг гаргасан.
8. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 5/**** дүгээр, 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/**** дүгээр, 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** дүгээр албан бичээр “...Танай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зураг зүйн шүүлт хийж үзэхэд Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай 8343.80 гектар талбайгаар, С аймгийн С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн А/** тогтоолтой 2604.67 гектар талбайгаар тус тус давхцаж байна. Иймд тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын нөөц, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай учраас захиргааны байгууллага босго үнэ баталгаажуулж, сонгон шалгаруулалт зарлах хууль зүйн үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ...гэж зааснаар шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг тус тус хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
9. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.4-д “Энэ хуулийн 10.1.20-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.”, 17.5-д “Энэ хуулийн 17.4-д заасны дагуу ялгасан талбай нь дараах шаардлагыг хангасан байна”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж тус тус хуульчилсан.
10. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1-д “Төрийн захиргааны байгууллагаас хүргүүлсэн сонгон шалгаруулалт зарлах талбайн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батална”, 2.4-д “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна” гэж зохицуулжээ.
11. Дээрх хууль болон журамд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар болон Ажлын хэсэг холбогдох баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд улмаар төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн сонгон шалгаруулалт зарлах талбайн жагсаалтыг Засгийн газар батлахаар зохицуулсан байх ба уг талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байхаар байна.
12. Хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар, 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрүүдээр “Ц” ХХК-ийн С аймгийн С сумын нутагт Б....... нэртэй газарт орших 10948,44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон.
13. Түүнээс гадна маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай 8343.80 гектар бүхий талбайгаар, С аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар тогтоолоор баталсан орон нутгийн тусгай хэрэгцээний газартай 2604.67 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай болох нь мөн тогтоогдож байх бөгөөд энэ тухайд талууд маргаагүй.
14. Нэгэнт ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай хэсэгчлэн давхцаж байгаа энэ тохиолдолд хариуцагч нараас Ашигт малтмалын тухай хууль болон “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох, сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болжээ.
15. Мөн түүнээс гадна “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-аар зөвхөн дээрх шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох, мөн сонгон шалгаруулалт зарлах асуудлыг зохицуулсан байх ба нөхөн олговор олгох, дүйцүүлэн талбай олгох зохицуулалтыг агуулаагүй байна.
16. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтын босго үнэ тогтоолгох, сонгон шалгаруулалт зарлуулах агуулгаар маргасан.
17. Энэ тохиолдолд хариуцагч нарын “...тусгай зөвшөөрлийн талбай нь засгийн газрын нөөц, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай учраас босго үнэ баталгаажуулж, сонгон шалгаруулалт зарлах хууль зүйн үндэслэлгүй...” гэж Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** дүгээр албан бичгээр татгалзсан нь үндэслэлтэй байна.
18. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд нөхөн олговор авах шаардах эрх үүснэ.
19. Гэтэл дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн хувьд уг тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хуульд заасан журмын дагуу олгоогүй болох нь тогтоогдсон, шүүхийн шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул нөхөн олговор олгох үндэслэлгүй, шаардах эрхгүй байна.
20. Өөрөөр хэлбэл, “Ц” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж тогтоосон учраас хууль ёсны дагуу үүсээгүй эрх хамгаалагдахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчим үйлчлэхгүй болно.
21. Тодруулбал, уг заалтын тайлбар хэсэгт: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэжээ.
22. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн эзэмших байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан талбайтай хэсэгчлэн 8343.80 гектар бүхий талбайгаар давхацсан байна.
23. Дээрх асуудал нь тусдаа өөр эрх зүйн үр дагавар үүсгэх бөгөөд нэхэмжлэгчээс талбайг хэсэгчлэн улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон эсэх, хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор авах эрхтэй эсэх асуудал нь энэхүү маргаанд хамааралгүй тул энэ талаар дүгнээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5, 17.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/**** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ц” ХХК-ийн нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын даргын 2025 оны тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт тус тус даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА