| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
2024 01 02 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Ц-д холбогдох эрүүгийн 2309026610601 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Ц, ................ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Д.Ц нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 20 минутын орчим, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хобби төвийн зүүн замд, Nissan Vanette маркийн ........ УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", 10.4-т заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ", мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно..." гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Yamaha маркийн ....... УН улсын дугаартай мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч болох хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дугаар тал, YAMAHA R6 маркийн мотоциклийн эвдрэл хохирлыг 5.102.000 төгрөгөөр үнэлсэн Х Ү ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 84 дүгээр тал/, Nissan Vanette маркийн ...... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2.260.000 төгрөгөөр үнэлсэн Х Ү ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 76 дугаар тал/, хохирогч Э.А-ийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, хохирогч Э.А-ийн "... Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн Yamaha маркийн ........... УН улсын дугаартай мотоциклийг жолоодоод Сүхбаатар дүүрэг, Метромаллын уулзвараар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40-50 орчим км цагийн хурдтай явж байсан, тэр үед 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин дохио өгөлгүй гэнэт 2 дугаар эгнээ рүү шилжсэн. Би харчихаад 2 дугаар эгнээгээр явах юм байна гэж бодоод хурдаа хасаад зүүн тийш дарахад нөгөө машин шууд үргэлжилсэн хос шугам даваад зүүн тийш эргэх үйлдэл хийсэн. Би тэр үед тоормос гишгэсэн хэвээрээ эсрэг урсгалд ороод зүүн гол хэсэгт мөргөөд унасан...би жолоодох эрхийн үнэмлэх аваагүй...ослын улмаас миний баруун өвдгөнд гэмтэл учирсан...миний эрүүл мэндтэй холбоотой ойролцоогоор 1.500.000 орчим төгрөгийн хохирол гарсан. Жолооч энэ хохирлыг төлж барагдуулсан байгаа...би ослын улмаас 2 гаруй хугацаанд ажилгүй байлаа, тийм болохоор ажилгүй байсан өдрийн цалингаа 2.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг.Энэ хохирлоо мөн мотоциклийн эвдрэлийн хохирлоо барагдуулаад авбал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн "...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.А нь эрүүл мэндийн даатгалын сангаас 183.000 төгрөгийн үйлчилгээ авсан...яллагдагчаас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.М-ийн: "...Nissam Vanette маркийн ........... УНУ улсын дугаартай автомашин нь Э К И групп ХХК-ий эзэмшлийнх...манай байгууллагын зүгээс автомашины эвдрэл хохиролтой холбоотой асуудлыг Ц-аас нэхэмжилнэ... бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу хариуцна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58, 61 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11439 дугаартай “...1.Э.А-ийн биед баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоос суналт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 39936946 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 98-104 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Д-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1322 дугаартай "Мөрдөгчийн магадалгаа" /хавтаст хэргийн 107 дугаар тал/, яллагдагч Д.Цын “...би хохирогчид эрүүл мэнд болон бусад зардалд нийт 3.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан...буруутай үйлдлээ ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дугаар тал/, яллагдагч Д.Цын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 129 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Ц нь эрүүл мэндийн даатгалын санд 183 000 төгрөг, хохирогч Э.Ад 3 500 000 төгрөг төлсөн болохыг дурдаж /хавтаст хэргийн 133-136 дугаар хуудас/, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ