| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0302/И |
| Дугаар | 382 |
| Огноо | 2020-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р багт оршин суух, Б овогт Ч.А-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,538,794.63 төгрөг,нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 769,584.09 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 12,725,854.86 төгрөг, нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн зээлийн нэхэмжлэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К банктай Ч.А нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ245 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, 8,000,000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, лизингийн зээл зориулалтаар 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлж авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Ч.А-н К банкны ... тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,582,523.86 төгрөг, зээлийн хүүд 1,472,123.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83,924.28 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 769,584.09 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 12,725,854.86 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч Ч.А-с зээлийн гэрээний үүрэгт нийт 12,725,854.86 төгрөг, нотариатчийн зардлын 2,000.00 төгрөгийн хамт гаргуулж, банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б миний бие нь К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан үндсэн зээл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүү 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,584.09 төгрөг нийт 12,725,854.86 төгрөг мөн нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Ч.А нь тухайн үед К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байсан Д.Б-г өмнө нь таньдаг байсан бөгөөд зээл авсан гэх 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д.Б захирал Ч.А руу залгаж “Би чиний дансанд мөнгө хийчихлээ манай банк дээр ирээд данснаасаа аваад өгөөч” гэж ярьсны дагуу Г буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан К банкны салбар дээр очиход Д.Б захирал чиний нэр дээр данс нээсэн эдгээр баримтууд дээр гарын үсэг зураад теллер дээрээс мөнгө аваад надад өгөөрэй гэсний дагуу өгсөн баримтуудыг уншилгүй гарын үсгээ зурж теллер дээрээс очиж данснаасаа мөнгийг авч Д.Б захиралд өгсөн юм. Ч.А нь К банк ХХК-ний Замын-Үүд салбараас 8,000,000 төгрөгний зээл авсан гэдгээ К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс мэдсэн юм. Ч.А нь 2016 оныг хүртэл төрийн байгууллага болон аж ахуй нэгжид ажиллаж байгаагүй хувиараа ачаа зөөдөг ачигч хийдэг мөн банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэггүй байсан юм. 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д.Б захиралд К банкнаас мөнгө авч өгснөөс хойш К банкны ямар нэгэн ажилтан Ч.А-той холбогдож зээлийн эргэн төлөлтийг талаар шаардлага тавьж байгаагүй юм. К банкнаас авсан гэх 8,000,000 төгрөгний зээл нь Ч.А-н хүсэл зорилгоо илэрхийлж авсан зээл биш учир К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан үндсэн зээл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүү 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,584.09 төгрөг нийт 12,725,854.86 төгрөг мөн нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зевшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч Ч.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ч.А нь 2015 оны 06 дугаар сард он ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан бөгөөд К банк ХХК-ийн зээлийн ерөнхий журам, цалингийн зээлийн журамд заасан барьцаат цалингийн зээл авах эрхтэй этгээд биш байсан юм. Ч.А нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байсан Д.Б-н данснаасаа мөнгө аваад өгөөч гэж дуудсаны дагуу очиж баримт дээр гарын үсэг зурж, теллер дээрээс мөнгө авч өгсөн байдаг. Энэ өдрөөс хойш зээл авсан талаараа мэдээгүй К банк ХХК-ийн Замын-Үүд салбараас зээлийн эргэн төлөлт хийх талаар мэдэгдэж байгаагүй юм. Ч.А нь тухайн өдөр теллер дээрээс авч өгсөн мөнгө нь өөрөө цалингийн зээл авч Д.Б-д өгсөн талаараа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн юм. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд Ч.А нь нэг ч удаа зээл төлөлт хийж байгаагүй бөгөөд зээл олгосон эдийн засагч Б.О нь захирал Д.Б-с зээлийн төлбөрийг бэлнээр авч төлж байсан юм. К банк ХХК-аас Замын-Үүд салбарт хийгдсэн хяналт шалгалтаар уг цалингийн зээл нь хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бусаар байгуулагдсан зээлийн гэрээ болохыг илрүүлж зөрчил гаргасан ажилтныг шалгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс болон Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан байдаг. Дээрх зар болон банкнаас илэрсэн зөрчлийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, Монгол банк, ХХК-ийн хяналт шалгалтын газрын шинжээчийн дүгнэлтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан болохыг тогтоосон. Мөн К банк ХХК-ийн зээлийн газрын дэд захирал С.Д-н Нийслэлийн прокурорын газарт гарган егсөн хуурамч материалтай зээлдэгчийн мэдээлэл гэх хүснэгтийг үндэслэн К банк ХХК нь Д.Б шалгуулж, К банк ХХК-д учирсан хохирлоо Б-с нэхэмжилж байсан атлаа одоо Ч.А болон К банк ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн шинж ноцтойгоор зөрчиж байна. К банк ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Замын-Үүд салбар түүний харьяа 4 нэгжид хийсэн иж бүрэн шалгалтаар Ч.А-н авсан гэх зээл хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан болохыг ирүүлсэн, мөн ЗГ-245 дугаартай цалингийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т “...хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан” тохиолдох зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцална гэж заасан атлаа зээлийн гэрээг цуцлалгүй өнөөдрийг хүргэж 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. К банк, ХХК-ийн Замын-Үүд салбарын зээлийн мэргэжилтэн Б.О нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 4 дүгээр зүйл “Зээлийн хүсэлт, баримт бичигт тулаан авах", 6 дугаар зүйл “Зээлийн шинжилгээ судалгаа”, 7 дугаар зүйл заал шийдвэрлэх заал олгох ажиллагаа”-г мөн журмын 13 дугаар зүйлийн 13.7, 13.21-т зааснуудыг зөрчиж Ч.А-д зээл олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул Ч.А-той байгуулсан гэх 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-245 дугаартай цалингийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Тус шүүхэд хэлэлцэж байгаа К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Ч.А-д холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. А нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хүсэл зорилгоо илэрхийлсний дагуу цалингийн зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажсанаар банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ... тоот дансанд шилжүүлсэн. Ч.А нь насанд хүрсэн иргэний эрх зүйн чадамжтай гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцах чадвартай байсан. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 177 тоот хэрэг бүртгэлийг хаах тогтоол, Монгол банкны хяналт шалгалтын газрын шалгагч улсын байцаагч А, Х нар нь 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт нь нэг зээлдэгчийн хувьд байгууллагын тодорхойлолт байхгүй байгаа боловч баталгаажаагүй, зээл хүссэн өргөдөл гараагүй зөрчил нь банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Мөн тогтоолд дурдсан хуурамч бичиг баримт болох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт материалуудыг бүрдүүлэн зээл авсан үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгт цаашид ажиллагаа явуулах боломжгүй гэж прокурорын тогтоолд дурдсан байдаг. Ч.А-н ... тоот харилцах дансаар зээлийн мөнгөө авсан. Мөн зээлийн эргэн төлөлтийг харилцах дансаар дамжуулж төлдөг байсан нь хуурамч бичиг баримт үйлдэн зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зарцуулсан, зээлийн үлдэгдэлтэй гэдгээ мэдэж байсан. Зээл олгох үед цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, тухайн байгууллагад ажилладаг байсан талаар банк мэдэх боломжгүй байсан. Учир нь Ч.А энэ талаар банкинд бодитой үнэн байдлыг мэдэгдээгүй улмаас Ч.А-н цалинг барьцаалж байна гэж үзсэн. Дээр дурдагдсан хариуцагчийн буруутай нөхцөл байдлаас шалтгаалан банкны зээл барьцаагүй болсон нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм. Иймд Ч.А-той 2016 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан 245 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг түүний цалинг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байхаас бусад хэсгийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 769,584.09 төгрөг, нийт 12,725,854.86 төгрөг, нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 2,000 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Ч.А-той байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-245 дугаартай цалингийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Ч.А “Д.Б захирал чиний нэр дээр данс нээсэн эдгээр баримтууд дээр гарын үсэг зураад теллер дээрээс мөнгө аваад надад өгөөрэй гэсний дагуу өгсөн баримтуудыг уншилгүй гарын үсгээ зурж теллер дээрээс очиж данснаасаа мөнгийг авч Д.Б захиралд өгсөн юм. 8,000,000 төгрөгийн зээлийг өөрөө хэрэглээгүй, Д.Б-н гуйлтаар авч өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрөхгүй, хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус мэтгэлцсэн болно.
Үндсэн нэхэмжлэлийн хувьд:
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч К банк нь хариуцагч Ч.А-той 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 8,000,000 төгрөгийг сарын 1,7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, лизингийн зээлийн зориулалтаар 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатайгаар байгуулж, банк хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн 8,000,000 төгрөгийг хариуцагч Ч.А-н К банкин дахь ... тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, талуудын тайлбар, зээл буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Хариуцагч Ч.А нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,582,523.86 төгрөг, зээлийн хүү 1,472,123.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,924.28 төгрөгийг тус тус төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Ч.А-н зээлийн дансны хуулга, Ч.А-н ... дугаартай депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох барамтуудаар тогтоогдов.
Дээрх үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал нь хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч Ч.А-с шаардах эрхтэй байна.
Мөн К банк ХХК нь зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө буюу 8,000,000 төгрөгийг хариуцагч Ч.А-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангасан тул зохигч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч Ч.А нь 8,000,000 төгрөгийн зээлийг Д.Б-н гуйлтаар зээлсэн, тухайн мөнгийг өөрөө хэрэглээгүй Д.Б-д авч өгсөн, бичиг баримтыг өөрөө бүрдүүлээгүй учир зээлийг хариуцах үүрэггүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж хуульчилсан. Хариуцагч Ч.А нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргийг өөрөө хариуцах үүрэгтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Тухайн үед К банкны Замын-Үүд салбарын захирлаар ажиллаж байсан Д.Б, хариуцагч Ч.А нар нь хуйвалдаж хуурамч баримт бичиг бүрдүүлэн уг зээлийг авсан гэх боловч тухайн үед хариуцагч Ч.А-н бүрдүүлсэн баримтуудыг хуурамч гэдгийг К банк мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч Ч.А нь гэрээн дээр гарын үсэг зурснаар ямар эрх үүрэг, хариуцлага бий болохыг мэдэж, ойлгох бүрэн чадвартай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.А нь банктай байгуулсан гэрээгээр зээлсэн 8,000,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг өөртөө хэрэглэж, 6,000,000 төгрөгийг бусдад буюу Д.Б-д зээлдүүлсэн болох нь Авлигатай тэмцэх газарт Д.Б-н гэрчээр өгсөн “Ч.А 8,000,000 төгрөгийг манай банкнаас зээл аваад би 6,000,000 төгрөгийг зээлж авсан” гэх мэдүүлэг, Ч.А-н зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ч.А нь хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл гэж үзэж банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 8,000,000 төгрөгний зээлийн үлдэлдэл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүү 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769,584.09 төгрөг, нийт 12,725,854.86 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг зээлийн гэрээний үүргээ биелүүлж дууссаны дараа Д.Б-с зээлсэн мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Иймд хариуцагч Ч.А-н “цалингийн зээлийг Д.Б-н гуйлтаар зээлсэн, тухайн мөнгийг өөрөө хэрэглээгүй Д.Б-д өгсөн, бичиг баримтыг өөрөө бүрдүүлээгүй учир зээлийг хариуцах үүрэггүй” гэх татгалзлал нь К банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч тал “Д.Б-д холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, Монгол банкны хяналт шалгалтын газрын шинжээчийн дүгнэлтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан болохыг тогтоосон” гэх боловч Нийслэлийн Прокурорын газраас Д.Б-д холбогдох хэргийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн сувьект болохгүй, гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх-ийн 79-81/
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан, хариуцагч Ч.А нь зээлийг төлөх нь гүйцэтгэх үүрэг мөн боловч гэрээний тэгш эрхийн зарчим, эрх үүрэг, хариуцлага зэрэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд адил үйлчлэх юм.
Иймд шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 6,417,476.14 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 769,584.09 төгрөг, нийт 12,725,854.86 төгрөгийг, гэрээний 3.1.10-д заасныг үндэслэн нотариатын зардал 2,000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.А-с гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Ч.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Б-г татан оролцуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй болно.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагч Ч.А нь 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарсныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зээлийн гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тул хүчин төгөлдөр гэрээ гэж маргасан болно.
Хариуцагч Ч.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээг байгуулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул уг гэрээ хийсэн өдрөөсөө эхлэн хүчингүй гэрээ гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай юм.
Учир нь К банк нь 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хариуцагч Ч.А-той байгуулахдаа түүний банкинд өгсөн бичиг баримт хуурамч гэж мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч Ч.А-н зээл авах хүсэл зоригийн илэрхийллийг банк хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “...хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Ч.А болон банкны төлөөлөгч гарын үсэг зурж зээлийн гэрээг баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасан хуулийн шаардлагыг талууд хангасан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээг байгуулсан, түүнчлэн гэрээний дагуу банк хариуцагч Ч.А-н К банкин дахь ... тоот харилцах дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 1,582,523.86 төгрөг, зээлийн хүү 1,472,123.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,924.28 төгрөг тус тус төлж байсан зэрэг үйл баримт хэрэгт цугласан баримтууд болон шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбаруудаар тогтоогддог.
Мөн хариуцагч зээл авах үед хариуцагч Ч.А нь ажил хийж цалин авдаггүй байсан учир цалинг барьцаалж зээл олгох байтал үүнийг нарийн шалгаагүйгээр зээл олгосон учир цалин барьцаалж зээл олгосон гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно.
2015 оны 06 сарын 09-ны өдрөөс хойшхи хугацаанд хариуцагч Ч.А нь зээлийн гэрээний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлээ төлж байсан, түүний ... дугаартай дансанд мөнгө орж ирсэн тухайн орлогоосоо зээлээ төлж байгаа байдал нь хэлцлийн зорилтыг хангаж чадаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тухайн гэрээний цалин барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадаж байгаа учир Ч.А, К банкны хооронд хийгдсэн 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр хэвээр байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн Капитал банк, хариуцагч Ч.А нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж тодорхойлсон боловч зээлийн материал хууль бусаар бүрдүүлж, зээл олгосон явдал нь К банкийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээнд холбогдох хууль бус нотлох баримтуудыг банк биш зээлдэгч нь тухайн банкны салбарын захиралтай хувилдаж нотлох баримт бүрдүүлсэн учир тухайн салбарын эрхлэгчийг банк гэж тайлбарлаж болохгүй юм. Иймд хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадаагүй гэж үзэх тул хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамж 218,564 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.А-с нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдлаар нь улсын тэмдэгтийн хураамж 218,564 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.А-с үндсэн зээлийн 6,417,476.14 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,538,794.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 769,584.09 төгрөг, нийт 12,725,854.86 /арван хоёр сая долоон зуун хорин таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг, нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 2000 /хоёр мянга/ төгрөгийг тус тус гаргуулан К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хариуцагч Ч.Ариунболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан К банктай 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан ЗГ-245 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж 218,564 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.А-с 218,564 төгрөгийг гаргуулж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.
4. Хариуцагч Ч.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц