Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 387

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд суманд оршин суух, Б овогт Э.С,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3-р багт оршин суух О овогт Ц.О нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 6,479,559.50 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Зээлдэгч Ц.О, Э.С нар нь К банктай 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-402 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Ц.О К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000.00  төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6,319,936.23 төгрөг, зээлийн хүүд 3,605,017.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 88,418.16 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,680,063.77 /гурван сая зургаан зуун наян мянга жаран гурван төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл  2,415,219.20 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун арван есөн төгрөг хорин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 384,276.53 /гурван зуун наян дөрвөн мянга хоёр зуун далан зургаан төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 6,479,559.50 /зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга таван зуун тавин есөн төгрөг тавин мөнгө/ төгрөг байна.  Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000.00 /хоёр мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд хариуцагч Ц.О, Э.С нараас зээлийн гэрээний үүрэгт  6,479,559.50 /зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга таван зуун тавин есөн төгрөг тавин мөнгө төгрөг, нотариатын зардал 2,000.00 /хоёр мянган/ төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...К банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлд гаргасан 6,479,559.50 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барагдуулна. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Э.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...К банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлд гаргасан 6,479,559.50 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барагдуулна. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.О, Э.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,479,559.50 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.О, Э.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 6,479,559.50 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О, Э.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,479,559.50 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.О, Э.С нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамжинд 118,623 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.О, Э.С нараас Улсын тэмдэгтийн хураамжийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 118,623 төгрөгний 50 хувь буюу 59,311 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ц.О, Э.С нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц