| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0357/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 391
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Б овогт Х.С,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт оршин суух Б овогт Т.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,791,553.91 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Т.Б, Х.С нар нь К банктай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-311 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 7,100,000.00 /долоон сая, нэг зуун мянган/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Т.Б-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 7,100,000.00 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4,316,880.04 /Дөрвөн сая, гурван зуун арван зургаан мянга, найман зуун наян төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 2,727,737.94 /Хоёр сая, долоон зуун хорин долоон мянга, долоон зуун гучин долоон төгрөг, ерэн дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 128,700.69 /Нэг зуун хорин найман мянга, долоон зуун төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,783,119.96 /Хоёр сая долоон зуун наян гурван мянга нэг зуун арван есөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1,769,156.99 /Нэг сая долоон зуун жаран есөн мянга нэг зуун тавин зургаан төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 239,276.95 /Хоёр зуун гучин есөн мянган хоёр зуун далан зургаан төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 4,791,553.91 /Дөрвөн сая долоон зуун ерэн нэгэн мянга таван зуун тавин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000.00 /Хоёр мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Б, Х.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Б, хамтран зээлдэгч Х.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уг нэхэмжлэлд гаргасан нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл болох 4,791,553.91 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлд гаргасан нотариатын төлбөр болох 2000 төгрөгийг мөн төлж барагдуулах ба уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нийт 4,791,553.91 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Т.Б, Х.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,791,553.91 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б, Х.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,791,553.91 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б, Х.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,791,553.91 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б, Х.С нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжинд 91,615 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Б, Х.С нараас Улсын тэмдэгтийн хураамжийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 91,615 төгрөгний 50 хувь буюу 45,807 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Т.Б, Х.С нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц