Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2022/0003

 

                                                                                           

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                  

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Ж.Болдбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох гаргасан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Ж.Болдбаатараас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “Миний бие нь эхнэр Ж.Батгэрэлийн хамт Сэлэнгэ аймгин Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинг 576.2 мкв газрын хамт 2004 онд М.Бахтжан гэдэг залуугаас худалдаж авсан. Тухайн үед газар байшинг худалдаж авахад М.Бахтжан гэдэг залууд газар болон байшингийн гэрчилгээ байхгүй байсан ба улмаар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 576.2 мкв газартаа 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээг эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр авсан. Манайх энэ газар дээр байсан хуучин байшинг буулгаж /30 жил болсон байсан/ шинэ байшин барьж одоо хүртэл 18 жил амьдарч байгаа юм. Эхнэр Ш.Батгэрэл нь 2012 онд нас барсан ба би 13 настай өнчин хүүхдийнхээ хамт үлдсэн. Улмаар миний бие нь хүнд өвчин тусч харвалт өгсөн ба хөдөлмөр чадвар алдалтаар группт гарсан. Цаашид өвчний байдал ямар ч байдлаар эргэх магадлалтай тул ганц хүүгийнхээ нэр дээр талийгаач ээжийнх нь газар эзэмших гэрчилгээг болгохоор хууль ёсны дагуу буюу өв нээгдсэн үеэс нь хойш нотариатчид хандаж 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүү н.Отгонбаатарын нэр дээр авсан байсан юм. Гэтэл манайхтай олон жил айл хөрш явсан эхнэр, нөхөр болох Б.Мөнхдалай, н.Банзрагч нар нь огт чимээгүй байж байгаад эхнэр нас барснаас хойш буюу 2016 оноос гэнэт энэ газар чинь манай эзэмшлийн байшин газар байгаа юм. Манайх 1966 онд энэ газар дээр гэрчилгээ авсан байсан гээд хүүхэд бид хоёрыг хөөж туух болсон. Энэ байдлыг лавлахаар байшин худалдаж авсан М.Бахтжанаас асуухад “Би энэ газар байшинг тухайн үед Б.Мөнхдалай, н.Банзрагч нараас худалдаж авсан. Намайг худалдаж авахад гэрчилгээгүй гэж байсан тэгээд сүүлд танайхад зарсныг тэр хоёр мэдэж  байсан. Яагаад ингээд байгаа юм бол” гээд гайхаж байсан.

            Гэтэл Б.Мөнхдалай, н.Банзрагч нар нь гэрт дайран орж ирэн Засаг даргын захирамжийг үзүүлж газар эзэмших эрх манай нэр дээр шилжсэн тул одоо гар гэж хөөх болсон. Энэ талаар миний бие огт нь мэдээгүй явсан ба одоо болтол надад албан ёсоор ирсэн бичиг байхгүй байна. Улмаар миний бие нь газрын алба дээр очиж асуухад 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны хавьцаа канондаж өгсөн. Иймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гарсан А/125 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан. Энэ хооронд тус газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн маргаан гарч иргэний хэргийн 3 шатны шүүхээр өмчлөгч нь Ж.Болдбаатар намайг мөн болохыг тогтоосон. Гэтэл Б.Мөнхдалайн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр дээрхи миний эхнэр Ш.Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн 0122475 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад даалгахаар шийдвэрлэсэн.

            Энэ шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай захирамж нь Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг үндэслэн миний эхнэрийн нэр дээр байсан маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар өмчлөх гэрчилгээг Б.Мөнхдалайд олгосон ба энэ талаар надад мэдэгдээгүй.

            Учир нь миний бие нь дээрхи Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны магадлалаар анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж дээрхи захирамжийг гаргасан байна. Улмаар нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Миний зүгээс нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан учраас миний эхнэр Ш.Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэвээрээ үлдсэн гэж ойлгосон. Гэтэл Б.Мөнхдалай нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө сумын Засаг даргаар газар өмчлөх асуудлыг заль мэх гарган хууль бусаар шийдвэрлүүлсэн учраас нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгийг сүүлд ойлгосон. Улмаар Б.Мөнхдалай нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гарсны дараагаар миний амьдарч байгаа байшингийн асуудлыг дахин сөхөж иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гомдол гаргасан.

            Монгол Улсын дээд шүүхийн  2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШТ2021/00211 дугаартай тогтоолоор Б.Мөнхдалайн гаргасан гомдлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Уг Улсын дээд шүүхийн тогтоолыг Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авахдаа Б.Мөнхдалайн гаргаж өгсөн гомдолд хавсаргасан материалд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” захирамж байсныг мэдсэн болно. Газрын албанаас энэ талаар тодруулж асуухад Б.Мөнхдалай нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж хэлээд хүсэлт гаргаад захирамж гаргуулсан байна. Бид тухайн үед шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж ойлгосон гэж хэлсэн.

            Мөн захирамжийн хувийг авах гэтэл “хувь хүний газар өмчлөхтэй холбоотой асуудал нь албаны нууцад хамааралтай тул захирамж болон гэрчилгээний эх хувийг гаргаж өгөх боломжгүй” гэсэн. Иймээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээс Засаг даргын захирамжийг хуулбарлаж авсан болно. Энэ газрын маргаан бол давхардуулж олгосон 2 гэрчилгээтэй холбоотой маргаан ба миний хувьд иргэний шүүхээр хашаа байшингийн асуудал нь эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар газрын давхцсан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж үзэж байна.

            Гэтэл Б.Мөнхдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авсан хэрнээ надад мэдэгдэлгүйгээр миний хүүгийн нэр дээр талийгаач эхнэрээс шилжсэн газрын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлүүлсэнд гомдолтой байна. Иймд хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч миний бие Т.Гантулга нэхэмжлэгч Ж.Болдбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Холбогдох захирамжийг хүргүүлэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Ж.Болдбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаар захирамжаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаар захирамжийг хүчингүй болгосон тайлбар болон холбогдох захирамжийг шүүхэд ирүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Ж.Болдбаатарын гаргасан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Ж.Болдбаатарын гаргасан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийн хувийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

            4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР