Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0548

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

          Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч  “Х” ХХК

          Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн МВ-1**** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0643 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц

          Хэргийн индекс: 128/2026/0348/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн МВ-1**** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 643 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.2, 56.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай *** дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн MB-1**** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...“Х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын МВ-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоолоор батлагдсан талбайн хилийн заагт хамрагдсанаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд мөн нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байгаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй талаар дүгнээгүй байна.

          3.2 Анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийдвэрийн "Х" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ...” гэж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг мэдэгдээгүй гэж дүгнэсэн боловч захиргааны байгууллагын бүртгэл, албан бичгийн хөдөлгөөн болон бусад баримтыг бүрэн үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох 7 үндэслэлийн алинд нь хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

          3.3 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тус тус баталсан.

          3.4 Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-д “Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй”, 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компани нь нөхөх олговор авах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцээгүй байна.

          3.5 Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.  

          4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Т аймгийн З сумын Т............-1 нэртэй газарт 226 га бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

          4. Үүний дараа Ашигт малтмал, газрын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” **** дугаар шийдвэрээр Т аймгийн З сумын Т........-1 нэртэй 226 гектар талбай бүхий 1****А дугаартай ашигт малтмал  ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэжээ.

          5. Улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэж “Х” ХХК-ийн 1****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

         6. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-4718 дугаар албан бичгээр“Х” ХХК-д 1****А дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдсэн.

          7. “Х” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10/**** дүгээр албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”, “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тогтоохоос өмнө ашигт малтмалын ашиглалтын МВ-01**** тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх,

          8. “Х” ХХК-иас дахин 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, Газрын тосны газарт гомдол гаргаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/**** дугаар албан бичгээр “...*** дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг тус тус өгсөн байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          9. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

          10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох, улмаар хуульд заасан хугацаа хэтэрсэн бол тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байдлаа алдах ба тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үр дагавартай байна.

          11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1****А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлэн бүртгэж, уг тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад “...төлбөрийг анх олгосон огноо 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тооцож жил бүр төлнө” гэж тусгайлан тэмдэглэжээ.

          12. Дээрхээс үзвэл “Х” ХХК нь жил бүрийн 04 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилж төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд алдангийн хамт төлбөр төлөх эцсийн хугацааг тухайн жилийн 05 дугаар сарын 29-ний өдөр гэж тодорхойлохоор байна.

          13. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах зорилгоор энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь төлбөр төлөх эцсийн хугацаа буюу 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй ба нэхэмжлэгчээс үгүйсгэж маргадаггүй.

          14. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр “Х” ХХК-ийн 1****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-**** дугаар албан бичгийг нэхэмжлэгчийн тус газарт бүртгүүлсэн албан ёсны хаягаар хүргүүлсэн гэж үзэхээр байна.

          15. Тодруулбал, Ашигт малтмалын газрын 2011 оны Явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт 09 дүгээр сарын 05-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс Н.Н явуулсан гэж бүртгэж, Баримт бичиг хүлээлцэх (шуудангийн) дэвтэрт 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагт явуулсан гэж тэмдэглэгдсэн байх ба “тухайн хаягтаа хүргэгдээгүй, буцаж ирсэн” тухай ямар нэгэн тэмдэглэл тусгагдаагүй.

          16. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.

          17. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагийг” баталсан. Уг тогтоолыг Засгийн газрын 2015 оны *** дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна.

          18. Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст “дээрх тогтоолоор батлагдсан хилийн заагт хамрагдсан алтны шороон ордын ашиглалтын 242 тусгай зөвшөөрөл эзэмшигчид Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолын дагуу нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор Ашигт малтмалын газарт гаргана уу” гэж, мөн Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолд хамрагдсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтын 206-д 1****, “Х” ХХК гэж бичигдсэн байдаг.

          19. Мөн Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх тухай” 5-**** дугаар албан бичгээр “Танай компанийн эзэмшлийн ...1****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор батлагдсан ... тогтоосон хилийн заагт хамрагдсан байна. Иймд ... нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны дотор Ашигт малтмалын газарт ирүүлнэ үү” гэж “Х” ХХК-д хүргүүлжээ.

          20. Хариуцагчаас хариу тайлбар болон гомдолдоо “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нөхөн олговор олгох буюу ...299 дүгээр тогтоол хамаарах ба 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нөхөн олговор хамаарахгүй юм. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4, 3.4.2-т. ...өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь нөхөх олговор авах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцээгүй байна” гэж тайлбар гарган маргасан.

          21. Дээрх үйл баримтаас үзэхэд, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд харин мөн хуулийн 56.1.3-д заасан үндэслэлээр 1****А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нөхөн олговор олгохоор байна.

          22. Гэтэл Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоол гарах үед 1****А дугаартай тусгай зөвшөөрөл (05 дугаар сарын 29-ний өдрөөр) хүчин төгөлдөр байдлаа алдсан байсан ба харин хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд дээрх тогтоолоор тогтоосон хилийн заагт хамрагдсан бол нөхөн олговор авах шаардах эрх буюу эрх зүйн харилцаа үүснэ.

          23. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг болон 56.1.3-д заасан нөхөн олговор авах нь тусдаа үр дагавар бүхий эрх зүйн харилцаа бөгөөд “Х” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс 1****А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бий болсон байжээ.

          24. Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/**** дүгээр албан бичгээр “Кадастрын хэлтэст хүлээлгэж өгч байгаа тусгай зөвшөөрлийн эх хувь, түүний хавсралт”-ыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба уг бүртгэлд “2012 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр, “Х” ХХК, 1****, эх хувь+2ш хавсралт” гэж тусгай зөвшөөрөл хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байна.

          25. Дээрх “эх хувь+2ш хавсралт” гэсэн тэмдэглэлээс үзвэл 1****А дугаартай тусгай зөвшөөрөл эх хувь, мөн тусгай зөвшөөрлийн I, II хавсралтуудын хамт өгсөн байх бөгөөд харин нэхэмжлэгч нь тухайн үед нөхөн олговор авахаар хүсэлт гаргаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

          26. Түүнээс гадна нэхэмжлэгчээс “...тухайн үед 2011 оны *** дүгээр шийдвэр буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсныг 2025 онд мэдсэн, түүнээс өмнө нөхөн олговор авах хүсэлт гаргаад хүлээж байсан, манай компанид тухайн үед гаргаж байсан хүсэлтийн хуулбар хадгалагдаагүй...” гэж тайлбарлах боловч 2011 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нөхөн олговор авах талаар эрх бүхий байгууллагад хандсан, хүсэлт гаргаж байсан зэрэг идэвхтэй үйлдэл гаргасан болох нь тогтоогдохгүй байна.  

          27. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч компаниас төрийн захиргааны байгууллагад нөхөх олговор авъя гэх хүсэлтээ гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан материал болон энэ талаар өгсөн материал баримт бидэнд байхгүй байгаа юм. Уг тогтоолын хэрэгжилттэй холбоотой Ажлын хэсэг гарч ажиллаж байсан ба тухайн үед аж ахуйн нэгжүүд биечлэн материалуудаа өгч байсан. Гэхдээ үүнийг нотлох баримт бид нарт байхгүй, ...мэдэж байгаа албан тушаалтнууд байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл архивд тийм баримт бичгүүд байхгүй, яасныг нь мэдэхгүй байна. Уг нөхөх олговрын холбоотой 250 орчим аж ахуйн нэгжийн энэ материалууд хаана байгаа нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл нөхөх олговрын асуудал шийдвэрлэсэн нэг ч тохиолдол байхгүй байгаа” гэж тайлбар гаргасан.  

          28. Нэхэмжлэгч нь маргаж буй 2011 оны *** дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчид гомдол гарган, маргаж байгаагүй атлаа одоо шүүхэд Ашигт малтмалын газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны *** дүгээр шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

          29. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан, мөн тухайн албан тушаалтанд уг асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхын зэрэгцээ өөр бусад эрх бүхий этгээдийн эрхэд халдсан шийдвэр гаргасан, алдаатай акт байхыг ойлгоно.

          30. Энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг хэрэглэсэн байх бөгөөд мөн 2011 оны *** дүгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу маргаж буй захиргааны актыг илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, мөн “нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” хууль зүйн хувьд боломжгүй болно.

          31. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон маргах боловч шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд холбогдох хуулиудыг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаж буй хүрээнд дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 643 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” *** дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн МВ-1**** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нөхөн олговор авах эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-ын давж заалдах гомдлыг хангасугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Л.ОДБААТАР

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА