Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 01191

 

 

Г.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгш А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00539 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Уын хариуцагч “А” ОНӨААТҮГ-д холбогдуулан алданги 3 832 0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа, өмгөөлөгч О.Майцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ОНӨААТҮГ-тай 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1Б/1406-131 дугаартай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж 1Б блокны 235, 236 дугаартай зогсоол захиалсан. Уг гэрээнд зааснаар зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх үүргийг “А” ОНӨААТҮГ хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацааг 1 жил 5 сараар /479 хоног/ хэтрүүлж 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний 8.1-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн санхүүгийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч захиалагчид төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч 2 ширхэг авто зогсоолыг тус бүр нь 4 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгөөр худалдан авч санхүүжилтыг гэрээнд заасан хугацаанд бүрэн хийсэн. Алданги төлөх асуудлаар тус байгууллагад 2016 оны 2 сар, 2016 оны 5 сар, 2016 оны 10 сар, 2017 оны 8 сард тус тус хандсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд “А” ОНӨААТҮГ-ын газраас 1Б/1406/131 дугаартай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний үүргийн дагуу 479 хоногийн алданги 3 832 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цогцолборын бүтээн байгуулалтын ажил 2014 оны 08 дугаар сард эхэлж 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны хооронд хугацаанд улсын комисс ажиллаж хүлээн авсан. Бүтээн байгуулалтын ажил цаг уурын байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөвлөсөн хугацаанаас нэг жилээр хоцорч дууссан. Цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа хийж иргэдэд үүд хаалгаа нээлттэй ажиллах болсон. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “А” ОНӨААТҮГ-аас 3 832 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ут олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ОНӨААТҮГ-аас 76 270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ут олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх алдангийг 479 хоногоор тогтоосон. Шүүх алданги тооцох хугацааг нэхэмжлэгчийн нэр дээр авто зогсоол өмчлөх эрхийн гэрчилгээ гарах өдөр хүртэл тооцсон. Гэтэл талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээний 5.1-д захиалагчид хүлээлгэж өгөх хугацааг заасан. Хариуцагчийн зүгээс авто зогсоол барьж, ашиглалтад оруулан захиалагчид өгөх үүрэгтэй болохоос, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэггүй. Энэ талаар гэрээний 6.3, 7.6 дах заалтаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор автомашины зогсоолыг барьж, ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд уг ажлыг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барьж дуусган, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байнгын ашиглалтад өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад авах улсын комиссын актаар нотлогддог. Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний 5.2-т ...байгалийн давтагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан алдсан хугацааг ажлын төлөвлөгөөт хугацаанд хамаарахгүй гэж заасан. Мөн гэрээний 10.1-д гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлсийн талаар заасан байдаг. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу давтагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй гэдгээ нотлохын тулд үнэлгээний хороо байгуулах тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, барилгын ажлыг гүйцэтгэж байсан гүйцэтгэгч байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, тайлбар, улсын комиссын акт зэрэг баримт бичгүүдийг шүүхэд гарган өгсөн байдаг. Барилгын ажлыг дуусган улсын комисст байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан боловч улсын комисс хугацаандаа ажиллаагүйн улмаас буюу төрийн байгууллагын үйл ажиллагаа, хориг шийдвэрийн улмаас барилга ашиглалтад оруулах хугацаа хойшилсон байдаг. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дах хэсэгт заасан хугацаанд, мөн хуулийн 48.5 дах хэсэгт заасан бичгүүдийн хамт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн боловч тус газар нь хуульд заасан хугацаанд улсын комиссыг ажиллуулаагүй хугацаа алдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч “А” ОНӨААТҮГ-т холбогдуулан автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний үүргийн дагуу алданги 3 832 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.27/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “А” ОНӨААТҮГ нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 1-Б блокт 253, 254 тоот автомашины 2 зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 8 000 000 төгрөг төлөх үүргийн талаар тохиролцсон /хх.8-9/ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Г.У нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хөлс 8 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн /хх.11/ боловч хариуцагч байгууллага нь авто зогсоолыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх.30-31/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх.6-7/ Үүнээс үзэхэд хариуцагч нь гэрээний 5.1-т зааснаар авто зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8.1-т гүйцэтгэгч нь гэрээний 5.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол ийнхүү хугацаа хэтэрсэн хоног тутам хөрөнгө оруулагчийн санхүүжилтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар бичгээр хийгдэж, мөн хуулийн 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тооцогдох алданги 3 832 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч талаас гэрээний 5.1-т зааснаар авто зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулах үүргээ байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үүргээ биелүүлж чадаагүйг шүүх үнэлээгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд цаг уурын байдал болон байгалийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрээнд зааснаар ажлын үр дүнг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой тул хугацаандаа ажлаа гүйцэтгэлгүйгээр өвөл болж ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлгүй. Уг нөхцөл байдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 76 260 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.               

             

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                        ШҮҮГЧ                      Ш.ОЮУНХАНД

                                                                                               

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ж.ОЮУНТУНГАЛАГ