Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00926

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/00861 дүгээр магадлалтай,  

*******гийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох 

2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүүбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Т.Отгонбаяр, Б.Раднаасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүүбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,732,596 төгрөгийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/00861 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,182,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 1,550,262 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж холбогдох дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч ******* нь 2018.08.27-ны өдөр ******* ХХК-ийн Сувгийн удирдлагын газрын Хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд томилогдсон бөгөөд 2019.04.29-ний өдөр ажлаас халагдсан. Ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч анхан, давах, хяналтын шатны шүүхээр орж, ******* ХХК-ийн Сувгийн удирдлагын газрын Хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгож, хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан, өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Ийнхүү ******* ХХК-ийн Сувгийн удирдлагын газрын Хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгосон боловч хариуцагч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн ажлын байр чинь байхгүй болсон гэх тайлбараар өнөөг хүртэл томилоогүй тул үндэслэлгүйгээр халагдаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* ХХК-иас 2021.02.06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/MA2022/00861 дугаартай магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* ХХК-иас 2021.02.06-ны өдрөөс 2021.09.15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 9,182,334 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нъ эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно... гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх уг заалтыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй байдал үүсгэж, хуулийг үзэмжээр хэрэглэдэг байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрүүтэй хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул хяналтын журмаар гомдол гаргаж, хуулийг зөрүүтэй хэрэглэж байгаа энэхүү байдалд Улсын дээд шүүх зайлшгүй дүгнэлт өгөх хэрэгтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс хүсэж байна.

4.2 Хууль хэрэглээний хувьд зайлшгүй анхаарвал зохих дараах асуудлууд тогтоогдож байна. Үүнд:

4.2.1 Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг ажил олгогч нь ажилтанд олгохоор заасан зохицуулалт нь нөхөн олговор юм. Энэхүү хуулийн заалтын үзэл санаа нь ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан, чөлөөлсөн нь шүүхээр тогтоогдвол ажилд томилох, ажлын байраар хангах хүртэл буюу ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлсний нөхөн олговрыг олгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах баталгаа болсон заалт юм. Ажил олгогч, ажилтан аль аль нь хуулийн дагуу хөдөлмөрлөж, хөдөлмөрлүүлэх эрх, үүрэгтэй бөгөөд хэрэв эрх нь зөрчигдсөн тохиолдолд түүнийгээ шударга шүүхээр хамгаалуулах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэж хүний эрхийг бодитой хамгаалах учиртай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 1 заалтыг үндэслэж, 2 өөр шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн үзэл санааг ойлгоогүй, үүргийн эрх зүйн асуудал мэтээр хуулийг буруу тайлбарлаж, ажлын байр санал болгосон нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүгнэж, нөхөн олговор олгохоос хуульд заасан үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа нь нэхэмжлэгч *******гийн зөрчигдсөн эрхээ сэргээх ажиллагаанд ноцтойгоор халдсан үйлдэл болжээ. Хариуцагчаас ажлын байр санал болгосон нь ажилд томилох үүргээ биелүүлсэн гэж үзэх, хариуцагчийг нөхөн олговор олгохоос чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь нөхөн олговор гэдэг бол ажилтнаас ямар 1 ажил, үүрэг гүйцэтгэсэн байхыг шаардахгүй, зөвхөн ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон байхыг л шаарддаг бөгөөд хууль хэрэглэх урьдчилсан нөхцөл нь үндэслэлгүйгээр халсныг тогтоосон шүүхийн шийдвэр юм.

Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн тухай /1999 оны болон 2021 оны/ хуулиудад урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхлэх хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах эрхтэй, ажил олгогч төлөх үүрэгтэй. Ажил олгогч ажилтанд өөр ажил санал болгосон нь нөхөн олговор төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, нөхөн олговор төлөхөөс чөлөөлөх тухай хуулиар зохицуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хүчингүй болсон хуулийг хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүйгээр нөхөн олговроос хариуцагчийг чөлөөлж байгаа нь шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг ийнхүү өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, үүргийн эрх зүйн асуудалтай холбон ойлгомжгүй хэрэглэж байгааг анхаарч, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байна.

4.2.2 Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны гол агуулга болох хариуцагч нь ажлын байр санал болгосон, тэрхүү ажлын байранд нь нэхэмжлэгч ******* ажиллах үүрэгтэй байсан, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг дахин ажлын байр санал болгох болон нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөх эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй талаар хуульчлагдсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2,-т заасан "адил чанарын өөр ажил, албан тушаал" гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно.... гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 04 дүгээр сард Монгол Улсын арилжааны томоохон банкнуудын 1 болох ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан гарч, гүйцэтгэх удирдлагыг сольж, улмаар бүх шатны удирдлагыг халах, солихын тулд олон удаагийн бүтцийн өөрчлөлтийн тушаал гаргасан, гагцхүү энэхүү ажиллагааны золиос болж ажилгүй болсон, гэхдээ ажлын байрны тодорхойлолтод дурдсан өөрийнх нь хийж хэрэгжүүлж байсан ажлын чиг үүргийн дагуух ажлыг хийх хүсэл сонирхлоо илэрхийлдэг боловч тэрхүү чиг үүрэг нь одоо аль газар хэлтэст байгаа талаар хариуцагч ******* ХХК нь огт тайлбар, хариулт өгдөггүй.

Бүтцийн өөрчлөлт гэдэг нь зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулах бөгөөд татан буулгахтай адил эрх, үүргийг нь дуусгавар болгох өөрчлөлт биш юм. Урьд ажиллаж байсан Сувгийн Удирдлагын газар, Хувийн банкны хэлтсийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг одоо аль газар хэлтэст шилжсэн, халагдаад эгүүлэн тогтоолгосон менежерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүргийг хэн хаана хэрэгжүүлж байна гэхээр хариулт өгдөггүй. Зөвхөн өмнөх цалингаас чинь илүү цалинтай гэж тайлбарладаг, Гэтэл хууль бусаар ажлаасаа халагдаагүй байсан бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд цалингаа хэд болгон нэмэгдүүлэх, албан тушаал дэвших зэрэг алдагдсан боломжийг огт хайхралгүй санал болгосон ажилд орвол ор гэх байдлаар хандаж байгаагаас нэхэмжлэгч нь өөрийн чадахгүй ажилд орж, дахин халагдах эрсдэл бий болгохоос сэргийлж, өнөөг хүртэл харилцан тохиролцож чадахгүй байгаа билээ. Дээрх хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр гэх агуулгыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, анхан болон давж заалдах шатны шүүх огт хэрэглэхгүй, анхаарч үзэхгүй байгаа нь мөн шүүх, шийдвэр гүйцэтгэл итгэх итгэлийг үгүй хийж байна. Учир нь өмнө нь ажиллаж байсан орон тоо нь цомхотгогдсон бол адил чанарын өөр ажил санал болгох хуулийн заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь өөрөө ажилтантай тохиролцох юм.

Гэтэл хуулиар олгогдсон ажил олгогчтой адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллах эсэхээ тохиролцох эрх-ээ эдлэхэд шүүх ажил олгогч адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгосон мэтээр дүгнэж саад учруулж байна. Санал болгосон ажилд ороогүй тул нөхөн олговор авах эрхгүй гэж дүгнэж байгаа нь өөр ажил, албан тушаалд зөвхөн тохиролцооны үндсэн дээр ажиллуулах тухай ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ тохиолдолд ажил олгогч өөрт байгаа давуу байдлыг ашиглан ажилтанд өөр ажил, албан тушаал сонгох, тохиролцох боломжийг хязгаарлаж, өмнөх ажлын чиг үүрэгт хамааралгүй ажлын байр санал болгож, өөрийн эс үйлдэхүйгээр ажилтныг тохиролцох эрхээ хэрэгжүүлэх боломж олгохгүй, хохироож байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид 6 ажлын байрны танилцуулга өгсөн буюу санал болгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ гэжээ. Тус өдөр санал болгосон ажлын байрнаас татгалзсан шалтгаан нөхцөл, адил чанарын ажил, албан тушаал биш тухай үндэслэлийг хүснэгтээр гомдлын хавсралтаар орууллаа.

Нэхэмжлэгчийн зүгээс ажилдаа эгүүлэн томилуулах талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгч нь шийдвэр гаргаж чаддаггүй, зохих мэдээллийг өгдөггүй, мэддэггүй тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлыг оролцуулахыг удаа дараа шаарддаг боловч огт биелэгддэггүй, 2021.09.15-ны өдрийн уулзалт нь нэхэмжлэгч *******гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гаргасан өргөдлийн дагуу хийгдсэн байдаг. Дээрх хууль хэрэглээний алдааг хариуцагч нь ажиллахгүй байж цалин авдаг тоолуур гүйж зогсоох ёстой гэж маргадаг, гэтэл ажил олгогч нь хүний идэвхтэй хөдөлмөрлөж, албан тушаал дэвших, цалин орлогоо нэмэгдүүлэх боломжийг хааж боосноо ухаардаггүй нь харамсалтай. 

4.2.3 Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хууль 2022.01.01-ний өдрөөс хүчингүй болж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх *******гийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг огт хэрэглээгүй, анхаарч үзээгүй болно.

*******гийн ажлаас халагдсан, түүнийг эгүүлэн ажилд нь тогтоосон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь маргааныг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/ боловч ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69.1 дэх заалтаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлоогүй, зөвхөн хууль бусаар ажлаас халагдсан тул ажилгүй хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хууль тогтоогчоос хуучин буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тусгаж өгсөн байна.

Энэхүү заалтын агуулга нь ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл *******гийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, нөхөн олговор гаргуулах талаар хуульчлан хувийн эрх зүйн хамгаалалтаар ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх талаар хуульчилсан бөгөөд 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Эрх зүйн онолын ерөнхий ойлголтод материаллаг хэм хэмжээг зарим тохиолдолд буцаан хэрэглэх талаар байдаг ч процессын хэм хэмжээг буцаан хэрэглэх асуудал байдаггүй. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлд Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх зарчмыг хуульчилсан бөгөөд 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.. гэж заасан. Хүчин төгөлдөр хууль тогтоомжийг шүүх хэрэглэх ёстой бөгөөд Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 127 дугаар зүйлийг шүүх баримтлан шийдвэр гаргах учиртай.

Учир нь Иргэний хуулийн ерөнхий ангид иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг хуульчилсан бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1.2-т иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр ... гэж хуульчлагдсан нь ******* ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгэх шүүхийн шийдвэртэй, нөгөө талаас уг шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан Иргэний эрх зүйн хамгаалалт буюу зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр илэрнэ.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан "ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэх заалтын агуулга тусгагдаагүй байна.

Хууль тогтоогч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд хуульчилжээ. Энэ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно... гэж заасан. Хууль тогтоогчоос ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн, халсан нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон бол шууд өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа сэргээх талаар хуульчилсан, нөгөө талаас ажлаас халагдсан ажилтны ажлын байр цомхотгогдсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар хуульчлаагүй нь ажил олгогч ажил олгогч ажилд нь эгүүлэн томилох үүргээс чөлөөлөхгүй, харин ч ажилтныг заавал өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь ажиллуулах үүрэг хүлээлгэсэн байна.

*******гийн зөрчигдсөн эрхийг сэргээх харилцааг зохицуулж буй хуулиудын нэг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 103.4-т Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсаны улмаас шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүхэд буцаах тухай шийдвэр гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.., мөн хуулийн 103.5-д Энэ хуулийн 103.4- т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.. гэж хуульчилсан.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хууль хүчингүй болж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар сэргээхийг хариуцагчаас шаардах ёстой. Түүнээс адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгох ажиллагаа хийснийг хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. *******гийн нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин хөлс тул ажилд эгүүлэн томилох ажиллагаа буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх, ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн эсэх нь чухал болохоос урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажил санал болгосон эсэх бол ач холбогдолгүй юм. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж эхлээгүй, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр биелээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байх тул хариуцагчийн нөхөн олговор төлөх үүрэг одоо ч дуусгавар болоогүй байна.

Хариуцагч ******* ХХК нь хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан, хамгийн сүүлд батлагдсан хуулийг хэрэглэх ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн 2022.01.01-ний өдрөөс *******г шууд ажилд томилох үүрэгтэй юм. Үүргээ гүйцэтгээгүй, үүрэг дуусгавар болоогүй, нөхөн олговор төлөх үүргээс чөлөөлөх зохицуулалт хуульд байхгүй тул ажилгүй байлгасан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг төлөх үүрэг одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгааг зориуд дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.. гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.. гэсэн заалтыг илтэд зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хууль хэрэглээний илэрхий алдаатай, хуулийн 1 зүйл, заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хүчингүй болсон хуулийг баримтлан хэрэг шийдвэрлэсэн, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолоос хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж байгааг таслан зогсоож, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь чухал байна.

Иймд магадлалд өөрчлөлт оруулж, ******* ХХК-иас 2021.02.06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг *******д гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүүбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай дараах гомдлыг гаргаж байна.

5.1 Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан 2021 оны 02 сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа ... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 385 дугаар шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг өгөхгүй байгаа... гэж тайлбарласан.

5.2 Анхан шатны шүүх, Үндэслэх хэсгийн 5-д ...Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй... Т.Энх- Амгалангийн урьд эрхэлж байсан албан тушаал нь цомхотгогдсон байх тул ******* ХХК нь нэхэмжлэгчид 2021 оны 3 сарын 16-ны өдөр, 2021 оны 9 сарын 15-ны өдөр тус тус адил чанарын албан тушаал санал болгосон нь нотлогдож байна... санал болгосон ажил, албан тушаалууд нь урьд эрхэлж байсан албан тушаалтай адил чанарынх мөн болох нь ... зэрэг баримтуудаар тогтоогдож байна... Иймд хариуцагч ******* ХХК-ийг үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө энэхүү нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.3 Харин давж заалдах шатны шүүх, Хянавал хэсгийн А.7-д ... 2-3 удаа шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр уулзалт хийсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ... нэхэмжлэгчид 6 ажлын байрны танилцуулга өгсөн буюу санал болгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагчийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй... гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 02 сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,182,334 төгрөгийг олгож, үлдэх 1,550,262 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

5.4 Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.2-т үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн атлаа 2021 оны 9 сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүртэлх хугацаанд хамаарах олговрыг олгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэгэнт үүргээ хэрэгжүүлсэн гэж үзсэн тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Нөгөөтээгүүр, давж заалдах шатны шүүхийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тайлбарлан хэрэглэсэнтэй яг адил ажиллагааг хариуцагчийн зүгээс 2021 оны 3 сарын 15-ны өдөр мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүх хэрхэн үзсэн талаар огт дүгнэлт өгөөгүй. Харин анхан шатны шүүх, маргааныг тал бүрээс нь бодитоор судлан, маргааны нөхцөл байдлыг бүрэн тогтоож, Хөдөлмөрийн тухай 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжпэгчийн өөрийнх нь санаатай үйлдлээс болж хариуцагч түүнийг ажилд эгүүлэн авч ажиллуулж чадаагүй буюу хариуцагч үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх болгонд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй энэхүү нөхцөл байдал нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна гэж дүгнэн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг өөрөөр тайлбарлаж, үүргийг 2021 оны 9 сарын 15-ны өдөр хэрэгжүүлсэн гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, маргаан бүхий нөхцөл байдлыг ойлгоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг анхан шатны шүүхээс илтэд зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

7. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн, шүүхийн шийдвэрийг биелүүлж адил чанар бүхий ажлын байр удаа дараа санал болгосон, ажил олгогч үүргээ гүйцэтгэсэн гэж маргаж байна.  

8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай (1999) хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу нэхэмжлэгчид санал болгосон ажил, албан тушаал нь урьд эрхэлж байсан албан тушаалтай адил чанарынх мөн болох нь баримтаар нотлогдсон, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн хэдий ч энэ үүргээ хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд биелүүлээгүй нь давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл болно гэж дүгнэжээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,182,334 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.  

10. Нэхэмжлэгч ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасан байх ба нэхэмжлэгч талаас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж тайлбарлаж байх бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрч шийдвэрийг хэвээр үлдээх үндэстэй гэж маргаж байна. Зохигчийн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2022/00712 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.  

11. Зохигч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаар шийдвэрээр *******г ******* ХХК-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,109,072 төгрөг олгож шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, энэ хугацаанд ******* ХХК-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон үйл баримтын тухайд маргаагүй. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч ******* ХХК-иас *******д харилцааны менежер, мониторингийн мэргэжилтэн, МИК хариуцсан ажилтан зэрэг хэд хэдэн ажил, албан тушаалыг санал болгон танилцуулах ажиллагаа хийгдсэн нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, ******* ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14/0068 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна.

12. Хоёр шатны шүүхээс эдгээр ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалтай харьцуулсны үндсэн дээр адил чанарын өөр албан тушаал гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх ба Хөдөлмөрийн тухай (1999) хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ ажил олгогч хэрэгжүүлсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогчийн орон тооны бүтцэд өөрчлөлт орж, ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаал үгүй болсноор үүсэх адил чанарын албан тушаал гэх ойлголтыг хэрэглэхдээ тухайн албан тушаал нь ажилтны эзэмшсэн мэргэжил, ур чадварын түвшинд нийцтэй байх, объектив байдлаар тодорхойлогдохуйц, хөдөлмөрийн харилцааны онцгой ач холбогдол бүхий хүчин зүйлсийг муутгаагүй, дордуулаагүй байхыг илүүтэй чухалчилж, харин урьд эрхэлж байсан албан тушаалтай бүх талаар яв цав адил байх боломжгүйг анхаарвал зохино.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал болгож буй албан тушаал адил чанарынх байж чадаагүй гэх гомдол үндэслэлгүй болжээ.

 

13. Хоёр шатны шүүхээс адил чанарын өөр албан тушаал санал болгож буй ажил олгогчийн үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн гэх агуулгаар дүгнэсэн байх бол нэхэмжлэгчийн төлөөлөгч ийнхүү санал болгосноор ажилд эгүүлэн томилох үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзэхгүй гэх агуулгаар хяналтын гомдолдоо дурдсан байна. Нэгэнт ажил олгогч адил чанарын ажил, албан тушаал санал болгосон бол тэрээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тухайд өөрөөс шалтгаалах үйлдлийг хийсэн гэж үзнэ. Харин мөн зүйлд заасан ажилтны тохиролцох эрх нь тодорхой хязгаартай буюу санал болгогдож буй албан тушаал нь адил чанарын өөр албан тушаал мөн эсэх асуудлын хүрээнд хэрэгжих юм. Тодруулбал, ажил олгогч адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгосон бол ажилтан тохиролцохгүй байх хууль зүйн боломжгүй. Ийнхүү тус хязгаарын хүрээнд тохиролцсоноор ажил олгогч ажилтныг шинэ албан тушаалд томилох боломж бүрдэх бөгөөд өөрийнх нь хүчин чармайлтаас үл хамаарах үндэслэлээр ажилд томилох тушаал гаргаж чадаагүй нөхцөл байдалд хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд маргаан бүхий тохиолдолд Хариуцагчаас ажлын байр санал болгосон нь ажилд томилох үүргээ биелүүлсэн гэж үзэх, хариуцагчийг нөхөн олговор олгохоос чөлөөлөх үндэслэл болохгүй. гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болжээ.  

14. Дээр дурдсан адил чанарын өөр албан тушаалыг санал болгох, танилцуулах ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэл, албан бичиг зэрэг дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх байдлаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж нэхэмжлэгч *******д 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,609,887 төгрөг /1 сар, 5 хоног/-ийг гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.  

15. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах харилцаанд Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзжээ. Маргаан бүхий тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх хууль зүйн боломжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолдоо дурдсанчлан Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зохицуулсан хуулийг буцаан хэрэглэх, эсхүл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан ... илүү нарийвчилсан, ... сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг... хэрэглэх тухай аль ч ойлголтод хамаарахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.  

16. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүй орхигдуулжээ. Гомдлоор хэлэлцэх маргаанд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлж улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн болох 1,609,887 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 40,708 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

17. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/ТМ2022/00918 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай (1999) хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,609,887 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 9,122,709 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу хариуцагч ******* ХХК-иас 40,708 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүүбаярын гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,868 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.ЭРДЭНЭСУВД

 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРМАА

                                                      Б.МӨНХТУЯА

                                                       Д.ЦОЛМОН

                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ