| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0362/И |
| Дугаар | 385 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... оны ... сарын ...-ны өдөр Д аймгийн У суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, малчин, Д аймгийн У сумын 3-р багт нутагладаг, Т овогт Б.О-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, нэхэмжлэгч Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1984 оны 07 сарын 05-нд зарлага, үйлчлэгчээр элсэн орсон юм. Түүнээс хойш зарлага, үйлчлэгчээр тус нэгдэлд 1992 оныг дуустал нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Б.О миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1984 оны 07 сарын 05-наас 1992 оныг дуустал зарлага үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь 1984 оны 07 сарын 05-наас 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд зарлага, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.О нь 1984 оны 07 сарын 05-наас 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд зарлага, үйлчлэгчээр ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1984 оны 07 сарын 24-ны өдрийн 14 дугаартай “...ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 6-7/, 1984 оны 07 сарын 05-наас 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 сарын 01-ны өдрийн 33 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас өөрчлөх тухай” тушаал /хх-ийн 8/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 9/, 132913 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 11/, 1990 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн О.А-н төрсний гэрчилгээ /хх-ийн 22/, гэрч Г.О “Би 1985 оны 07 сард Улаанбадрах сумын Оргил нэгдэлд эдийн засагчаар ирсэн. Тухайн үедээ уг нэгдлийн төлөвлөгөөний ажлыг хийж байсан юм. Намайг ирэхэд Б.О нь үйлчлэгч, зарлагын ажил хийж байсан. Б.О нь 1991 онд төрж байгаад 1992 онд ажилдаа эргэж орж байсныг нь санаж байна. Би О-тай хамт долоон жил ажилласан нь үнэн. Би Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1985-1992 оны сүүл хүртэл эдийн засагчаар ажиллаж байсан. О нь ажлаасаа гарч байгаагүй. Төрөх гэж түр завсарлаж байсан байх. Тухайн үед ажлаасаа гарах орох тохиолдолд байхгүй байсан. Нэг билүү хоёр удаа төрж байсан байхаа сайн санахгүй байна. Төрөх хугацаандаа л чөлөө авч байсан байх, өөр ажлаас гарч байсан тохиолдол байхгүй” гэх мэдүүлэг, гэрч С.Л “Б.О нь 1984 оноос Улаанбадрах сумын Оргил нэгдэлд зарлага, үйлчлэгчээр ажиллаж байсан. Бид нэг баг бригадад нэг суманд хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Б.О нь одоо Улаанбадрах сумандаа мал аж ахуйгаа эрхэлсээр байгаа. Би Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1980 оноос 1992 он хүртэл нэгдэлд саальчин, малчин хийж байсан. Би сумын аварга саальчин хүртэл болж байсан. 1995 он буюу нэгдэл тарах үе хүртэл ажилсан. Миний бие 2010 он хүртэл мал маллаж байгаа 2010 оноос Замын-Үүдэд шилжин амьдарч байна. 1986, 1988 онд О нь ажлаасаа гарч байсан л гэж сонсоогүй” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Б.О-г 1984 оны 07 сарын 05-наас 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд зарлага, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Б.О-г 1984 оны 07 сарын 05-наас 1992 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд зарлага, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б