| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0337/И |
| Дугаар | 388 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, О овогт О.Б,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Ч ХХК-нд ажилтай, Ш овогт Б.Б
Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,084,908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 611,797 төгрөг нийт 3,696,705 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч О.Б, Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Б, Б.Б нар нь 2019 оны 02 сарын 20-ны өдөр ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,915,092 төгрөг, зуулийн хүүгийн төлбөрт 1,235,185 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,559 төгрөг, нийт 3,155,836 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 208 хоног хугацаа хэтэрч байна. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 3,084,908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 611,797 төгрөг, нийт 3,696,705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б, Б.Б нар нь 2019 оны 02 сарын 20-ны өдөр ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,915,092 төгрөг, зуулийн хүүгийн төлбөрт 1,235,185 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,559 төгрөг нийт 3,155,836 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 208 хоног хугацаа хэтэрч байна. 2020 оны 03 сарын 25-наас хойш төлөлтийг огт хийгээгүй. Иймээс үндсэн зээлийн төлбөрт 3,084,908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 611,797 төгрөг, нийт 3,696,705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие О.Б-с 2019 оны 05 сард гэр бүл цуцлуулсан. О.Б-н нэр дээр байгаа Х банк дахь 3,696,705 төгрөгийн зээлийг би төлөх ямар ч боломжгүй. Бид гэр бүл цуцалж би өөр дээрээ 2 хүүхдээ авч үлдсэн мөн байрны зээл, цалингийн зээлийг би өөрөө үргэлжлүүлэн төлдөг. 2 хүүхдийн хэрэгцээний мөнгө бүгдийг би өөрөө төлдөг болохоор энэ зээлийг төлөх боломжгүй. О.Б-д өөрт нь хэлсэн болно гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 сард гэрэлтээ цуцлуулсан. Би ганцаараа цалингийн болон орон сууцны зээлээ төлж байгаа. Х банкны зээлийг Б төлнө, би төлөх чадвар байхгүй гэв.
Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х банкны нэхэмжилсэн 3,696,705 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна энэ төгрөгийг 2020 оны 11 сарын 15-наас 400,000 төгрөг сар бүр төлөх хүсэлттэй байна. Энэ зээлийг би авсан учраас Б-г хамтран хариуцагчаас хасуулах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х банкнаас 5 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо энэ 3,696,705 төгрөгийг би төлнө. Хил хаасан учир бөөнд нь төлж чадахгүй, боломжоороо төлж барагдуулна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О би О.Б, Б.Б нарын шүүхийн хариу тайлбартай танилцсан болно. Банкны зүгээс хамтран зээлдэгч Б.Б-г хамтран хариуцагчаас хасах боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар нь О.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 3,084,908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 611,797 төгрөг, нийт 3,696,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б.Б нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан.
Хариуцагч О.Б нь зээлийг 2020 оны 11 сараас 400,000 төгрөгөөр төлж барагдуулах, хамтран хариуцагч Б.Б-г нэхэмжлэлээс хасуулахаар тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Х банкны Замын-Үүд салбар нь хариуцагч О.Б, Б.Б нартай 2019 оны 02 сарын 20-ны өдөр ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байна. Зээлийн гэрээний нөхцөл, зээлсэн мөнгөн дүн дээр талууд маргаагүй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.4.1-д “зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт-1-ээр тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө” гэж заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,915,092 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,235,185 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,559 төгрөг нийт 3,155,836 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж шүүх үзлээ.
Тус гэрээний дагуу хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 03 сарын 25-наас хойш төлөөгүй байна. Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
Харин хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах “үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Б.Б нь хариуцагч О.Б-с гэрлэлтээ 2019 оны 05 сард цуцлуулсан, 2 хүүхдээ өөрийн асрамжид авсан, байрны зээл болон цалингийн зээлийг дангаараа төлдөг гэх шалтгааны улмаас Х банктай байгуулсан ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 2019 оны 05 сард гэрлэлт цуцлуулах иргэний маргаанд хариуцагч нар нь Х банкны зээлийн гэрээний талаарх маргааныг шийдвэрлүүлж байгаагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан юм. Иймд хариуцагч Б.Б-г 2019 оны 02 сарын 20-ны өдөр ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн баримт хэрэгт байхгүй болно. Х банкны 2019 оны 02 сарын 20-ны өдөр ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээн дээр хариуцагч Б.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсгээ зурж хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан нь ЗГ/201944335125 тоот зээлийн гэрээ /хх-ийн 10-12/, барьцааны гэрээ /хх-ийн 12-14/ зэрэг баримтуудаар батлагдаж байна.
Иймээс хариуцагч О.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч О.Б, Б.Б нараас үндсэн зээлийн төлбөр 3,084,908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 611,797 төгрөг, нийт 3,696,705 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 74,097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч О.Б, Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б