| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0339/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ... оны ... сарын ...-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, ... натай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, З овогт О.Б-н нэхэмжлэлтэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, прокурор Б.Д, хүсэлт гаргагч О.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие нь ... онд төрсөн. О-н өргөмөл ганц охин. Миний эцэг Д.О нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдаж 1948 онд ирсэн. 1977 онд нас барсан. 1993 онд цагаатгагдсан. Б миний бие нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох улсын комисст материалаа бүрдүүлж өгсөн. Уг материалын дагуу Зууны мэдээ сонины ... оны ... сарын ...-ний өдрийн сонины нүүрт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад миний нэр байгаа тул надад 40 сая төгрөгийг олгож өгнө үү байгаа гэжээ.
Хүсэлт гаргагч О.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.О нь 1938 онд хилс хэрэгт хэлмэгдэж 1948 онд ирсэн. Би энэ хүний өргөмөл ганц шүүхэд байгаа юм. О нь 1993 онд цагаатгагдсан. О нь лам гэсгүү гэдэг шалтгаанаар баригдаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлж 1948 онд суллагдсан байдаг. Намайг 1956 онд 6 сартай байхад өргөж авсан юм. Намайг Н.И гэх хүнээс өргөж авсан. Миний төрсөн эх И нь О-н төрсөн эгчийнх нь хүүхэд юм. Аав О нь 1977 оны 06 сарын 04-нд нас барсан. ... оны ... сарын ...-ны шүүхийн шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 1,000,000 төгрөгийг авч байсан. Миний аав О нь өөрийн төрсөн гэх хүүхэд байдаггүй байсан. 1948 онд шоронгоос гараад Ч гэх хүнтэй гэр бүл болоод хүүхэд гарахгүй болохоор намайг өргөж авсан гэж ярьдаг. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор олгох 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хэрэгт баривчилж, 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, 1948 онд 10 жилийн хорих ялыг эдэлж дуусаад, 1977 оны 06 сарын 04-нд нас барсан байна. Д.О-г Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгагдсан нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар тогтоогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар З овогт О.Б-д нөхөр олговрыг олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор гаргуулахыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
О.Б нь Хэлмэгдэгч Д.О үрчилж авсан хүүхэд мөн болох нь Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хэлмэгдэгч Д.О-н үрчилж авсан охин О.Б-д 1 сая төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж, тус олговрыг олгосон хүчин төгөлдөр шийдвэр, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, .... хүүхэд” улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр О.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд “нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Хэлмэгдэгч Д.О нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн хэрэгт баривчилж, 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгагдсан нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлал /хх-ийн 6-9/, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 08/2977 дугаартай лавлагаа /хх-ийн 18/ зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн О.Б нь хэлмэгдэгч Д.О-н өргөмөл хүүхэд болох нь гэрч Л.П-н “О.Б аавыг О гэдэн хүн байсан, ээжийг нь Ч гэдэг хүн байсан. О, Ч хоёр нь Сүхбаатар аймгийн Онгон сумын баруун тийш 2 км газарт Өртөөний гол гэх газарт нутагладаг байсан. О гуай Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжил нэгдэлд морь маллагч, зарлага гэх 2 албыг хавсарч хийдэг байсан. Ч гуай нэгдлийн үнээг сааж, сүүгээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагад нийлүүлдэг ажлыг хийдэг байсан. Б нь О гуайн өргөмөл ганц охин нь байсан юм. О гуай Ч гуай хоёр нь өөр хүүхэдгүй айл байсан юм. О гуайг яаж мэддэг болсон бэ гэхээр манай том хүргэн ах Д гэдэг хүн нь О гуайнхтай айл саахалт байсан юм. Д-н эхнэр Б нь миний төрсөн эгч байсан, тийм учраас эгч ахындаа очдог байхад Б нь 2 гэрийн хооронд гүйгээд явдаг хүүхэд байсныг нь би сайн мэднээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч Ж.Ү-н “Б өргөж авсан талыг сүүлд мэддэг болсон. Өргүүлсэн талыг нь сайн мэддэг юм. Б аавыг Ч, ээжийг нь И гэдэн хүн байсан. Б төрсөн эгч Х-тэй би бүр багийн найз байгаа юм. Б эгч Х-тэй би 55 жил найзалж байгаа найз нь байгаа юм. О гуйг яаж мэддэг болсон бэ гэхээр би Х-н аав Ч гуайнд очиход О гуай гэх хөгшин байж байсан. Тэгээд Х нь энэ манай дүүг өргөж авсан хүн байгаа юм гэж надад хэлж өгч байсан. Түүнээс хойш л би Б-г айлд өргүүлсэн гэдгийг мэдэж авсан юм. ...Тэгж байхад Ч гуай надад Б-г өргөж авсан талаараа ярьж өгч байсан. Мөн нөхөр болох О гуайг хэлмэгдэж 10 жил хоригдож байсан талаар ярьж өгч байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ё.И-н “О.Б нь миний хоёр дахь хүүхэд, миний төрсөн охин. Намайг 2 настай байхад 05 сарын 26-ны өдөр төрсөн. Оныг нь тодорхой санахгүй байна. 26 настай байхад хүүгээ ахдаа өгсөн. Айлын хоёр дахь хүүхэд. О.Б-г 6 сартай байхад нь Д.О гэх хүнд үрчлүүлсэн. Миний гарсан эжийн төрсөн дүү. 10 жил ял эдэлсэн. Үр хүүхэдгүй хүн байсан. О.Б-г үрчилж авсан эцэг нь миний ээжийн төрсөн дүү. Хэлмэгдсэн, үр хүүхэдгүй учраас хоёр дахь хүүхдээ үрчлүүлсэн юм. Хэдэн оны, хэдэн сард хэлмэгдэж байсныг мэдэхгүй байна. 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Б-с өөр хүүхэд байгаагүй, эгчийнх нь хүү хамт амьдардаг байсан. Би О гэх хүнд үрчлүүлсэн нь үнэн. Одоо О.Б 60 гарсан хүн байгаа. Доод талын дүү нь 60 нас хүрсэн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-д “энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана” гэж журмын 4.9-т заасны дагуу О.Б нь ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай Зууны мэдээ сонины ... дугаарт бичигдсэн, ийнхүү зарлуулснаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч О.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нөхөн олговор гаргах хүсэлтэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар З овогт О.Б-д 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч О.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б