| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0393/И |
| Дугаар | 395 |
| Огноо | 2020-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 395
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Ж.Б-д холбогдох,
“5,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг Замын-Үүд сумын ЗД Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хөдөө аж ахуйг дэмжих сан хооронд байгуулсан гэрээг үндэслэн Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Замын-Үүд сумын Засаг дарга нөгөө талаас иргэн Ж.Б нар харилцан тохиролцож ХХААЯ-ны харьяа хөдөө аж ахуйг дэмжих сангаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 5,000,000 төгрөгийн өртөг бүхий анжисны иж бүрдэлтэй FT-250 маркийн бага оврын дугуйт тракторыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3 талт гэрээг байгуулж, эд хөрөнгийг буцаан төлөх нөхцөлтэй зээлийн гэрээний үндсэн дээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний хэрэгжилтэд оролцогч тал болох Дорноговь аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хамтран хяналтыг тавьж биелэлтийг хангуулахаар, улмаар сангийн зориулалтыг үр ашигтай зориулалтаар нь ашиглуулах зорилгыг тавин ажиллаж ирсэн бөгөөд эд хөрөнгө эзэмшигч гэрээний үүргийг биелүүлээгүй, хүлээлгэн өгсөн тракторын үнийг улсад төлөөгүй тул цаашид зохих журмын дагуу төлүүлэх арга хэмжээг авч нэхэмжлэлийг гаргаж байна. Талууд хүлээлгэн өгсөн эд хөрөнгө болон үнийн дүн дээр ямар нэгэн маргаангүй хариуцагчаас тодорхой шалтгаангүйгээр гэрээний хугацаа дуусахад эдийн үнийг төлөөгүйгээс маргаан үүсэж буй болно. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих санг төлөөлөн гэрээний үнэ болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч Ж.Б-с гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ж.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Б нь Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Ж.Б-с нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Ж.Б-с нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 94,950 төгрөгний 50 хувь болох 47,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Б нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ж.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н