| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0135/З |
| Дугаар | 221/МА2026/0549 |
| Огноо | 2026-08-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0549
А.Б-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, тус Газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч А.Б
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар дүгнэлт, мөн Газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0529 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц
Хэргийн индекс: 128/2026/0135/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, тус Газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар дүгнэлт, мөн Газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, тус Газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв гэжээ. Гэтэл дээрх маргаан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар зохицуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнд оногдуулсан “Ёс зүйн хариуцлага хүлээлгэх”-тэй холбоотой маргаан байхад маргааны төрлийг буруу тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
3.2 Иргэний хүсэлтэд анхааралтай хандах гэдэг нь иргэдийн өргөдөл, хүсэлт, гомдол, саналд хүндэтгэлтэй, нягт нямбай хандаж, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, цаг хугацаанд нь бүрэн гүйцэд шийдвэрлэх байдлыг ойлгоно. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний зарчмыг баримтлан, асуудлыг үл тоомсорлохгүй, эелдэг харилцаа, бодитой шийдвэрлэх байдлаар ойлгоно. Төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэний хувьд туйлын зорилго нь тухайн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авах, энэ эрхээр хангагдах явдал юм. Улсын бүртгэгч А.Б нь тухайн иргэний мэдүүлгээр хандсан материалыг зөвхөн хуульд заасан шаардлага хангасан хангаагүй, бүрэн гүйцэд эсэхэд хяналт тавих нь тухайн эрхэлсэн албан тушаал, мэргэжлийн чиг үүрэгтэй холбоотой асуудал. Харин тухайн иргэний мэдүүлгээр хандсан материалыг бүрэн гүйцэд судлаад, тухайн иргэнийг дахин дахин явуулахгүй байх талаас нь анхааралтай хандаж төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаас нь бодитой дэмжлэг, тусламж үзүүлж өөрийг зүгээс боломжтой бүхий л арга хэлбэрээр зөвлөн туслах, боломжит богино хугацаанд шийдвэрлэх талаас нь дэмжин туслах нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал байтал шүүхээс холбогдох хууль тогтоомжийг бүрэн дүүрэн судалж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй буюу ёс зүй талаас нь нарийн харж, ойлгож эргэлзээгүй талаас нь дүгнээгүй.
3.3 Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр хүргэх гэдгийг нарийвчлан зохицуулаагүй гэж Үндэслэх хэсэг дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэдгийг төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэгт тусгайлан зохицуулсан байдаг. Мөн түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хүрээг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 3.1-д “Төрийн албаны хаагчийн ёс зүйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, … энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ний 2.1-д “Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө”, 2.1.1-д “хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх” гэж тус тус зохицуулсан байтал холбогдох хууль тогтоомжийг бүрэн дүүрэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
3.4 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт хэлбэртэй байна. Шийдвэрт хуралдааныг даргалагч, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно” гэж зааснаар Ёс зүйн дэд хорооны дүгнэлт гаргах бүрэн эрхийн хүрээнд гаргасан дүгнэлтийн хүрээнд маргаж байхад шүүхээс Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд үндэслэхгүйгээр Ёс зүйн дэд хорооны тэмдэглэлд тусгагдсанаар зөрчил үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд эрх зүйн хувьд ач холбогдолгүй талаас нь үнэлсэн, эргэлзээтэй буюу буруу үнэлсэн.
3.5 А.Б нь иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээдэд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулах авч тогтоох, тухайн нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрх нь улсын бүртгэгчид хуулиар олгогдсон бүрэн эрх үүнтэй ер маргаагүй бөгөөд дээрх эрхээ хэрэгжүүлэх мэдүүлэг, баримтыг буцаахдаа тухайн иргэний хүсэлтэд анхааралтай хандаж тухайн иргэнд чирэгдэл учруулахгүйгээр бүрэн дүүрэн зөвлөгөө мэдээллээр хангах мөн үүрэгтэй.
3.6 Улсын бүртгэгч А.Б нь хуульд заасан үндэслэлээр хэдэн ч удаа мэдүүлгийг буцааж болохоор тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр 10, 20 удаа буцаасан ч болохоор тайлбарлажээ. Зүй нь төрийн албан хаагчийн эрхийг дурдсан шиг үүрэг хүлээх эсэх дээр нь бүрэн бодитой талаас нь үнэлж дүгнэсэнгүй. Тухайн иргэнд зөвлөн туслах, иргэнд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, соёлтой хүргэх талаар А.Б-ын хандлага ёс зүйн тал дээр мөн үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
3.7 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэдгийг “энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг тус тус хуульчилсан.
3.8 Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийн дүгнэлт хэсэгт А.Б нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан зөрчил гаргасан тухай дүгнэсэн байтал шүүхээс ёс зүйн нийтлэг шаардлага зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг бус ёс зүйн нийтлэг хэмжээг зөрчсөн нь тогтоогдохгүй гэж үндэслэх хэсэгтээ дурдсан нь хууль хэрэглээний хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5.1.2, 8 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй.
3.9 Иймээс анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж чадаагүй, дүгнэлт өгөөгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье. Мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Анх иргэн Н.Э Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “... Улаанбаатар хот, Х дүүрэг, ** дугаар хороо, .............. гудамж, *** байр, зоорийн давхар, В2 давхар, *** тоот” үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан, улсын бүртгэгч А.Б уг мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг хянаж “хаяг, баримт бичиг зөрүүтэй” гэх үндэслэлээр мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж, 09 дүгээр сарын 19-ний өдөр буцаасан байна.
4. Үүний дараа иргэн Н.Э 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “... Улаанбаатар хот, Х дүүрэг, ** дугаар хороо, ............... гудамж *** байр, В2 давхар *** тоот” үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр дахин мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч А.Б мөн “хаяг, баримт бичиг зөрүүтэй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, 09 дүгээр сарын 29-ний өдөр мөн дахин буцаажээ.
5. Нэхэмжлэгч Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч А.Б 2025 оны ээлжийн амралтаа 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажлын 15 өдөр эдлэх болсон тул түүний үүрэгт ажлыг улсын бүртгэгч Г.Ө орлон гүйцэтгэсэн байна.
6. Иргэн Н.Э дахин 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “... Улаанбаатар хот, Х дүүрэг, ** дугаар хороо, .................. гудамж *** байр, В2 давхар, *** тоот” үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч Г.Ө мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг хянаж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.
7. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Э-аас ...улсын бүртгэгч А.Б нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг удаа дараа бүртгэхээс татгалзаж, буцаасантай холбоотойгоор түүнд холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан.
8. Тус гомдлыг Ёс зүйн дэд хорооноос хянан шалгаж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч А.Б-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, энэхүү дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар “төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн” үндэслэлээр нэхэмжлэгч А.Б-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
9. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.12-д “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэж,
9.1 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ”, 8.1.1-д “иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх” гэж тус тус заажээ.
10. Дээрх хуулиудад зааснаар төрийн албан хаагчийн “ёс зүйн зөрчил” болон “сахилгын зөрчил” нь ялгаатай бөгөөд ёс зүй гэдэг нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагч хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээ бөгөөд түүнийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь ёс зүйн зөрчилд тооцогдохоор зохицуулжээ.
11. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар дүгнэлтээр дээрх хуулийн заалтуудыг баримтлан нэхэмжлэгч А.Б-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, уг дүгнэлтийг үндэслэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар А.Б-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байдаг.
12. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.2-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж,
13. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж тус тус хуульчилжээ.
14. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Улсын бүртгэгч нь улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэж, улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа хүсэлтэд хавсаргасан нотлох баримтууд нь зөрчилтэй, зөрүүтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй байхаар заасан байна.
15. Нэхэмжлэгч Улсын бүртгэгч А.Б нь дараах үндэслэлүүдээр иргэн Н.Э-ны мэдүүлгүүдийг бүртгэхээс татгалзсан байна. Үүнд:
-2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “... Х дүүрэг, ** дугаар хороо, ........... гудамж, *** байр, зоорийн давхар, В2 давхар, *** тоот” гэсэн мэдүүлгийг тус *** дугаар байрны жагсаалтад Н.Э-ны нэр байхгүй гэсэн үндэслэлээр,
-2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “... Улаанбаатар хот, Х дүүрэг, ** дугаар хороо, ............ гудамж *** байр, В2 давхар *** тоот” гэсэн мэдүүлгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 192/ШШ2025/0**** дүгээр шийдвэрт тусгасан авто-зогсоолын хаяг нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн хаягтай зөрүүтэй байна” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.
16. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2025-**** дугаар албан бичгээр “... Тухайн В2 давхар *** тоот зогсоол нь захиалагчдын жагсаалтаар *** дугаар байрны В2 давхарт байрладаг тул тус автомашины зогсоолыг Н.Э-ны нэр дээр олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх боловч тус хүсэлт нь цаг хугацааны хувьд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлгийн дараа гаргасан болох нь тогтоогдсон.
17. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 192/ШШ2025/0**** дүгээр шийдвэрээр Х дүүрэг, ** дүгээр хороо, ................ гудамж, *** дугаар байр, зоорийн давхар, В2-*** тоот авто зогсоолын өмчлөгчөөр Н.Э-ыг тогтоосон байх ба иргэн Н.Э-аас 2025 оны 09 дүгээр сарын 16-ны, 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримт бичгүүд болон эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгийн хаяг нь хоорондоо зөрүүтэй байсан нь тогтоогдож байна.
18. Энэ тохиолдолд нэхэмжлэгч, улсын бүртгэгч А.Б-аас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
19. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... иргэн Н.Э-аас гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримт бичгүүд нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээлэл зөрүүтэй, энэ үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон үйл баримт байхгүй тохиолдолд түүнийг улсын бүртгэгчийн бүрэн эрхийн хүрээнд хариу өгөөгүй гэж үзэхгүй. ...үйлчилгээний стандартад заасан баримт бичгийн жагсаалт гэдэг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана гэж заасан жагсаалтыг ойлгох болохоос тухайн баримт бичгийн жагсаалтад дурдсан баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн зөрүүтэй мэдээллийг хэрхэн, яаж зөвтгөн ирүүлэх талаар зөвлөн туслалцаа үзүүлэх чиг үүргийг улсын бүртгэгч хүлээхгүй, нөгөөтээгүүр иргэн өөрөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо нотлох үүрэг хүлээнэ” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
20. Харин Ёс зүйн дэд хорооны ** дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг “... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-д “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх” гэж заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэснийг зөрчсөн гэх боловч Н.Энхсайханы гомдолд дурдсан асуудал тус бүрийг шалгасан эсэх нь тодорхойгүй, тухайн дүгнэлтээр гаргасан зөрчлийг хэрхэн тогтоосон болох нь ойлгомжгүй, энэ талаар хариуцагчаас бүрэн дүүрэн нотлоогүй, иргэний хүсэлтэд анхааралтай хандаагүй гэдгийг хэрхэн тогтоож байгаа болох нь тодорхойгүй.
21. Түүнчлэн иргэн Н.Э-аас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэг гаргасан гэж гомдолдоо дурдсан байх боловч тус өдөр мэдүүлэг гаргасан талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглэв.
22. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...шүүхээс холбогдох хууль тогтоомжийг бүрэн дүүрэн судалж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй буюу ёс зүй талаас нь нарийн харж, ойлгож эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, ... Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд үндэслэхгүйгээр Ёс зүйн дэд хорооны тэмдэглэлд тусгагдсанаар зөрчил үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд эрх зүйн хувьд ач холбогдолгүй талаас нь үнэлсэн, эргэлзээтэй буюу буруу үнэлсэн, ...тухайн иргэнд зөвлөн туслах, иргэнд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, соёлтой хүргэх талаар А.Б-ын хандлага ёс зүйн тал дээр мөн үнэлэлт дүгнэлт өгөөгүй” гэх гомдол үндэслэлгүй.
23. Маргаан бүхий Ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12 дахь заалтыг зөрчсөн гэсэн боловч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасан ёс зүйн хариуцлагыг хүлээлгэсэн байгаа нь хоорондоо зөрчилтэй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “…Шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв гэжээ. Гэтэл дээрх маргаан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар зохицуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнд оногдуулсан “Ёс зүйн хариуцлага хүлээлгэх”-тэй холбоотой маргаан байхад маргааны төрлийг буруу тодорхойлсон” гэсэн агуулга бүхий гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.
24. Улсын бүртгэгч А.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.3-д “хараат бус байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж зааснаар ажил үүргээ хараат бусаар хэрэгжүүлж ажилласан байх бөгөөд хууль бус бүртгэл хийхээс татгалзсан нь үндэслэлтэй байх тул Ёс зүйн дэд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг ес зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
25. Дээрх ** дугаар дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг үндэслэн гарсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Б-т “өөрт ганцаарчилсан хэлбэрээр сануулах” ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, тус Газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА