Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 35

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000054 дугаарт хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өмнө говь аймгийн Манлай суманд төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ном зүйч мэргэжилтэй, АШУҮИС-д номын санч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг Шинэ зуун 29-р байрны 4-73 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Лхагва овогтой Адъяагийн Баярмаа / КЕ76022000 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч А.Баярмаа нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Отгонцэцэгийн Samsung S7 edge маркийн шар өнгийн гар утсыг буюу гээгдэл, санамсаргүй олдсон эд зүйлийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт:  2017.01.25-ны өдөр ажлынхаа машины зогсоол дээр машинаа тавьчихаад алхтал шар өнгийн зүйл байхаар нь аваад үзтэл гар утас байсан. Утсыг нь нээж үзэх гэтэл цоожтой байсан. Тэгээд өдөр цайныха цагаар гэртээ ирээд нээж үзсэн. Тэр болтол утсанд дуудлага ирээгүй. Би өөрийнхөө симийг уг утсанд хийгээд бариад явж байсан. Би олсон эд зүйлээ цагдаад бүртгүүлдэг гэж огт мэдээгүй. Цагдаа дээр очоод л мэдсэн. Би уг утсыг ашиглаад явж байсан нь үнэн гэв.

Шүүгдэгч А.Баярмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017.01.25-ны өглөө 08:00 цагийн үед би өөрийн эзэмшлийн 87-00СҮА улсын дугаартай тоёота приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг ажлын арын зогсоол дээр тавиад ажил руу явж байхад шороон дээр шар өнгийн саатай зүйл байхаар нь аваад үзтэл гар утас байсан. тэр ойр орчмоор хүн байгаагүй, би тэр гар утсыг нээж үзэх гэсэн боловч нээж чадахгүй болохоор нь цүнхэндээ хийгээд ажилруугаа орсон. Би АШУҮИС-д номын санч хийдэг юм тэгээд тэр гар утас надад байхад нэг ч удаа дуудлага ирээгүй. Би цайны цагаар гэртээ очоод өөрийнхөө симийг хийсэн. Тэр утас 1 сим ордог гар утас байсан би өөрийнхөө Юнителийн симийг хийгээд нөгөө хүний Мобикомын симийг авчихсан юм тэгээд удаагүй байхад нөгөө утас дуугараад байхаар нь аваад ярьтал цагдаагаас ярьж байна та хүрч ирээд уулз гэсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд нэг хүнтэй уулзсан чинь та барьж байгаа гар утсаа гаргаад ирдээ гэхээр нь нөгөө олсон утсаа гаргаад үзүүлсэн чинь цагдаа нэг залууг “энэ таны гар утас мөн үү” гэж асуухад нөгөө залуу “миний алга болгосон гар утас мөн байна” гэсэн. Тэгээд нөгөө гар утсыг надаас хурааж авсан ... би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг / хх-26-29/,

 Хохирогч Ч.Отгонцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017.01.25-ны өдөр хичээлдээ явж байгаад өөрийн Samsung S7 edge маркийн шар өнгийн гар утсаа сургуулийн зүүн талын хаалганы автомашины зогсоол дээр гээчихсэн юм. Тухайн үедээ би уг гар утсаа хулгайд алдчихлаа гэж бодож байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд удалгүй над руу цагдаагаас дуудаад очиход энэ таны гээсэн гар утас чинь мөн үү гэхээр нь мөн байна, миний гар утасны баруун дээд буландаа хагарч цуурсан байгаа, би гар утсаа сууж байгаад унагаагаад ийм болгочихсон юм гэж хэлсэн. Миний энэ гар утсыг манай найз залуу маань 2016.09.02-ны өдөр Дорноговь аймаг дахь Мобикомын салбараас лизингээр 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан ... гэсэн мэдүүлэг / хх-14/,

            Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт / хх-17/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч А.Баярмаа нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Отгонцэцэгийн  Samsung S7 edge маркийн шар өнгийн гар утсыг буюу гээгдэл, санамсаргүй олдсон эд зүйлийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2017.01.25-ны өдөр ажлынхаа машины зогсоол дээр машинаа тавьчихаад алхтал шар өнгийн зүйл байхаар нь аваад үзтэл гар утас байсан. Утсыг нь нээж үзэх гэтэл цоожтой байсан. Тэгээд өдө цайныха цагаар гэртээ ирээд нээж үзсэн. Тэр болтол утсанд дуудлага ирээгүй. Би өөрийнхөө симийг уг утсанд хийгээд бариад явж байсан. Би олсон эд зүйлээ цагдаад бүртгүүлдэг гэж огт мэдээгүй. Цагдаа дээр очоод л мэдсэн. Би уг утсыг ашиглаад явж байсан нь үнэн гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Отгонцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017.01.25-ны өдөр хичээлдээ явж байгаад өөрийн Samsung S7 edge маркийн шар өнгийн гар утсаа сургуулийн зүүн талын хаалганы автомашины зогсоол дээр гээчихсэн юм. Тухайн үедээ би уг гар утсаа хулгайд алдчихлаа гэж бодож байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд удалгүй над руу цагдаагаас дуудаад очиход энэ таны гээсэн гар утас чинь мөн үү гэхээр нь мөн байна миний гар утасны баруун дээд буландаа хагарч цуурсан байгаа би гар утсаа сууж байгаа унагаагаад ийм болгочихсон юм гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч А.Баярмаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Би 2017.01.25-ны өглөө 08:00 цагийн үед би өөрийн эзэмшлийн 87-00СҮА улсын дугаартай тоёота приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг ажлын арын зогсоол дээр тавиад ажил руу явж байхад шороон дээр шар өнгийн саатай зүйл байхаар нь аваад үзтэл гар утас байсан. тэр ойр орчмоор хүн байгаагүй, би тэр гар утсыг нээж үзэх гэсэн боловч нээж чадахгүй болохоор нь цүнхэндээ хийгээд ажилруугаа орсон. Тэр гар утас надад байхад нэг ч удаа дуудлага ирээгүй. Би цайны цагаар гэртээ очоод өөрийнхөө симийг хийсэн. Тэр утас 1 сим ордог гар утас байсан би өөрийнхөө Юнителийн симийг хийгээд нөгөө хүний Мобикомын симийг авчихсан юм тэгээд удаагүй байхад нөгөө утас дуугараад байхаар нь аваад ярьтал цагдаагаас ярьж байна та хүрч ирээд уулз гэсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд нэг хүнтэй уулзсан чинь та барьж байгаа гар утсаа гаргаад ирдээ гэхээр нь нөгөө олсон утсаа гараад үзүүлсэн чинь цагдаа нэг залууг “энэ таны гар утас мөн үү” гэж асуухад нөгөө залуу “миний алга болгосон гар утас мөн байна” гэсэн. Тэгээд нөгөө гар утсыг надаас хурааж авсан ... би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Баярмааг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Отгонцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба хэрэг бүртгэлтэнд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Баярмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Лхагва овогтой Адъяагийн Баярмааг гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Лхагва овогтой Адъяагийн Баярмаад холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

           3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баярмааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          4.Шүүгдэгч А.Баярмаа нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

 

           5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баярмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА