Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2022/0004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Хэргийн индекс: 159/2022/0005/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Мягмарсүрэн

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48, “Хурлын даргаар сонгох тухай” 49 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48, “Хурлын даргаар сонгох тухай” 49 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар маргаж байна.

            Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгч П.Мягмарсүрэнг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолоор огцруулж, тухайн өдрөө мөн зүйл ангийг үндэслэн 49 дүгээр тогтоолоор Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Батсайханыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгожээ.

            Нэхэмжлэгч дээрх тогтоолуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн, хууль бусаар огцруулсан зэрэг үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн иргэн Пүрэв овогтой Мягмарсүрэн миний бие нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хурал дахь Ардчилсан намын бүлгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшин 100 хувийн саналаар сонгогдсон, хурлын даргын албан үүргийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны үйл ажиллагааны тайланг 100 хувийн саналаар “хангалттай” гэж дүгнэсэн. Үүнээс хойш миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулж, тодорхой 6 асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Хурал зарлах тухай” 02 дугаар захирамж гарган, түүний дагуу хэлэлцэх асуудалтай холбогдолтой баримт материалыг төлөөлөгчдөд хуулийн хугацаанд бүрэн тараасан юм.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасан байдаг.

Гэтэл хуралдааны үйл ажиллагаа эхлэн хурлын хэлэлцэх асуудлыг дараалал батлах явцад төлөөлөгч Н.Батсайхан нь хурлын даргыг огцруулах санал гаргаж, хууль болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгийг зөрчиж байгаа талаар удаа дараалан мэдэгдсээр байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасны дагуу Хурлын даргыг сонгох, чөлөөлөх нь бидний бүрэн эрхэд заасан хэмээн зүтгэж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалт хамаагүй мэтээр тайлбарлаж, олноор хүч түрэн санал хураалган, энэ талаар урьдчилан тохиролцсон төлөөлөгчдийн олонхоор хууль зөрчин шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана.” гэж заасныг зөрчин хурлын дарга миний бие хэн нэгэн төлөөлөгчийг хурал удирдуулахаар санал болгоогүй байхад хууль бусаар ахмад төлөөлөгч М.Сангидулам удирд хэмээн хурлыг удирдуулсан. Ийм байдлаар хууль болон хурлын дэгийг илтэд зөрчин зохион байгуулалттайгаар намайг хууль бусаар огцруулсан юм.

Миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллах хугацаандаа хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй, аливаа зүйлд улс төржилгүй, ард иргэдийн эрх ашгийг дээдэлж, тэдний итгэлийг биелүүлэхийн төлөө сэтгэл гарган ажиллаж ирсэн. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны хууль зөрчсөн шийдвэрүүдийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн иргэн Пүрэв овогтой Мягмарсүрэн миний бие нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48 дугаар тогтоолын дагуу үүрэгт ажлаас огцруулсан талаар гомдол мэдүүлсэн билээ. Энэхүү гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлд нэмэлтээр ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах талаар шаардлага нэмэгдүүлж байна.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батсайхан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хүдэр сумын иргэн Пүрэвийн Мягмарсүрэн нь Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд намайг хууль бусаар огцруулсан гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48, “Хурлын даргаар сонгох тухай” 49 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Иймд тухайн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Иргэн П.Мягмарсүрэнг огцруулсан Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхийн санал хууль зөрчөөгүй гэх үндэслэл бүрэн бий. Нэхэмжлэгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэл болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хуралдаан болохоос хоёр өдрийн өмнө тавьж шийдвэрлүүлэх ёстой гэж үзсэн байна. Гэтэл уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, мөн зүйлийн 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заажээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар 47.1-д заасан асуудал бол Хурлын даргыг огцруулах асуудлаар бус тухайн нутаг дэвсгэр, нийгэм эдийн засаг, газар нутаг, соёл боловсрол гэх мэт асуудлаар хуралдаанаар хэлэлцэх асуудал юм. Энэ нь уг зүйлийн 47.2-д бичсэнээр “холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төсөл” гэхчлэн тодорхой зааж өгсөн байна.

Хэрэв иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг тухайн хуралдааныг даргалагч даргад тавьж хуралдаанаар хэлэлцүүлнэ гэвэл бүтэшгүй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” гэж заасан нь Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулсан асуудалд бүрнээ хамаарах заалт гэж үзэж байна.

Иймээс Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48, “Хурлын даргаар сонгох тухай” 49 дүгээр тогтоолуудыг хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн П.Мягмарсүрэн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтий хангуулж ажиллахгүй байсан ба удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байсан. Төлөөлөгч нар удаа дараа шаардлага тавихад эсэргүүцэх, энэ ажлаа ав, ялтай ажил гэх мэтээр согтуугаар аашилж байсан. Тэрчлэн сумын малчин айлд ёс зүйгүй үйлдэл гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр хүндийг унагаж байсан. Тухайн өдөр Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах саналыг төлөөлөгч хурлаар хэлэлцүүлэхээр санал оруулсан. Ингээд хурлын төлөөлөгч Н.Батсайханы санал гаргаснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхи  нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр намын бүлгийн завсарлага авч 1 цаг гаруй хуралдсан. Ингээд төлөөлөгчийн гаргасан саналыг хурлаар хэлэлцүүлэхээр 10 төлөөлөгч дэмжсэнээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоход хурлын даргад Б.Наранцэцэг, Н.Батсайхан, П.Мягмарсүрэн нар нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс Н.Батсайхан миний бие 55.2 хувиар дэмжигдэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон.

П.Мягмарсүрэн нь энэ өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хүлээн зөвшөөрсөн нь огцорсон хойноо хурлын даргад дахин нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөр харагдаж байна. Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан П.Мягмарсүрэн шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг гардуулж өгч шинээр сонгогдсон хурлын дарга миний бие хуралдааныг цааш үргэлжлүүлэн даргалан явуулсан бөгөөд хурлын шийдвэрүүд өнөөдөр тогтоолоор баталгаажин хэрэгжин явж байна.

Иймээс Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48, “Хурлын даргаар сонгох тухай” 49 дүгээр тогтоолуудыг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батсайхан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч П.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн ажилгүй байгаа хугацааныхаа цалинг нөхөн гаргуулах шаардлагыг хүлээн авах боломжгүй болно. Учир нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаанд хурлын даргыг сонгох сонгуульд Б.Наранцэцэг, П.Мягмарсүрэн, Н.Батсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, санал хураалтын дүнгээр ялагдсан болно.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай Н.Батсайхан миний бие нь тус хурлын төлөөлөгч П.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүйгээр Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын байр сууринаас төлөөлөн хариуцагчаар оролцох хүсэлтэй байна. Иймд миний гуравдагч этгээдээр оролоцохгүй гэсэн хүсэлтийг хүлээн авч, энэ хэрэгт хариуцагчаар оролцуулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь анх шүүхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хурлын даргыг огцруулах тухай” 48 дугаар болон “Хурлын даргаар сонгох тухай” 49 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Төлөөлөгчдийн аль нэг нь удирдана гэж заасныг зөрчин хурлын дарга миний бие хэн нэгэн төлөөлөгчийг хурал удирдуулахаар санал болгоогүй байхад хууль бусаар ахмад төлөөлөгч М.Сангидулам удирд хэмээн хурлыг удирдуулсан. Ийм байдлаар хууль болон хурлын дэгийг илтэд зөрчин зохион байгуулалтайгаар намайг хууль  бусаар огцруулсан гэж тайлбар гарган маргаж байна.

4.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь “Хурлын даргыг огцруулах тухай” 48 дугаар, “Хурлын даргыг сонгох тухай” 49 дүгээр тогтоолууд нь хуульд нийцсэн мөн П.Мягмарсүрэн нь Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллахгүй байсан ба удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байсан. Төлөөлөгч нар удаа дараа шаардлага тавихад эсэргүүцэх, энэ ажлаа ав, ялтай ажил гэх мэтээр согтуугаар аашилж байсан. Түүнчлэн сумын малчин айлд ёс зүйгүй үйлдэл гаргаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр хүндийг унагаж байсан гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

5.Гуравдагч этгээд Н.Батсайхан шүүхэд тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүйгээр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын байр сууринаас төлөөлөн хариуцагчаар оролцох тухай хүсэлт ирүүлсэн болно.

6.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор П.Мягмарсүрэнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож баталгаажуулжээ

7.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасныг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Мягмарсүрэнг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь огцруулж шийдвэрлэжээ6

8.Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Батсайханыг сонгосон байна.

9.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 11 дүгээр хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутад сумын Соёлын төвд хуралдуулахаар тогтоож, хуралдаанаар хэлэлцэх 7 асуудалтай холбоотой материалыг төлөөлөгч нарт хүргүүлсэн байна.

10.Энэхүү хэлэлцэх асуудалд хурлын даргыг огцруулах, хурлын даргыг сонгох асуудал ороогүй байна.

11.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр орхуулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан байна.

12.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 11 дүгээр хуралдаан товлогдсон өдрөө эхлээгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутанд 75 хувийн ирцтэйгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Мягмарсүрэн нээж хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой санал хүсэлтийг сонсоход төлөөлөгч Н.Батсайхан нь сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Мягмарсүрэн нь ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас огцруулах тухай асуудлыг санал болгож улмаар саналтай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг 1 цагийн завсарлага авч хурлын даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт оруулах саналыг 11 төлөөлөгч дэмжсэн тул сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулж шийдвэрлэжээ.

13.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчийн .. олонхийн саналаар батална” гэж заасныг зөрчиж тогтоол гаргалгүйгээр хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулж шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасантай нийцээгүй байна.

14.Нэхэмжлэгчийн намайг огцруулах үндэслэл байгаагүй удаа дараалан ёс зүйн алдаа гаргасан гэж байгаа боловч би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 8 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ёс зүйн дүрмийг зөрчөөгүй ажлын цагаар архи уугаагүй амралтын өдөр архи уусан нь үнэн хэрвээ ёс зүйн асуудал ярих гэж байгаа бол ёс зүйн хороогоор оруулж хэлэлцэн хариуцлага тооцох ёстой мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр ёс зүйн алдаа гаргасан талаар огт яригдаагүй гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хуралдаан дээр ёс зүйн зөрчил гаргасан талаар яригдаагүй болох нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

15.Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоол болон түүнийг даган гарсан 49 дүгээр тогтоолууд нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

16.Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан ажлын 48 хоногийн цалин хөлс болох 3.153.379 /гурван сая нэг зуун тавин гурван мянга гурван зуун далан есөн/ төгрөгөөс нийгмийн даатгал шимтгэл болон ХХОАТ 589,712 /таван зуун наян есөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг хасч  2,563,666 /хоёр сая таван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж олгохыг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Мягмарсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар болон 49 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, тус сумын хурлын даргын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.563..666 /хоёр сая таван зуу жаран гурван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мягмарсүрэнд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.БУРМАА