| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/03291/и |
| Дугаар | 184/ШШ2020/03226 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2020/03226
| 2020 оны өдөр | 10 сар 22 р 184/ШШ2020/03226 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш” ХХК /РД:/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, Хоймор оффис тоот
Хариуцагч: А овогт Д.С /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орчлон хороолол, хд дүгээр байр, тоот
Хариуцагч: Я овогт О.Ү /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, О гудамж, тоот
Хариуцагч: И овогт М.Д /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Олзвой гудамж, тоот
Зээлийн гэрээний үүрэгт 6,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Д.С, М.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С, М.Д, О.Ү нар 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулан 4,600,000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сард 1 удаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгчид гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг эхний төлөлтөөс эхлэн зөрчиж, компанийн зүгээс гэрээний үүргийг шаардахад тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Компанийн зүгээс зээлдэгчтэй уулзаж тодорхой тохиролцоонд хүрэх оролдлого удаа дараа хийсэн боловч үр дүнд хүрэхгүй байна. Зээлийн гэрээ, түүний хавсралт зээл буцаан төлөх хувиарт заасны дагуу зээлдэгчид зээл, зээлийн хүүгийн 6,900,064 төгрөгийг “Т” ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгчид 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 73,000 төгрөг төлсөнийг зээлийн хүүнд, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг төлсөнөөс 189,000 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс, 111,000 төгрөгийг зээлийн хүүнд суутган тооцсон байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэл өгөх өдөр хүртэл бүхэлчлэн тооцвол 6 сар өнгөрсөн байна. Иймд тухайн зээлийг ашигласан 6 сараар зээлийн хүүг тооцож нэхэмжлэлд тусгасан. Гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба цаашид ч сайн дураар биелүүлэхгүй нь илэрхий байх тул хариуцагч нараас үндсэн зээл 4,411,000 төгрөг, зээлийн хүү 904,000 төгрөг, алданги 720,000 төгрөг нийт 6,035,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч О.Ү, М.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2017 оны 6 дугаар сард Тоёота маркийн УБД улсын дугаартай автомашиныг Да хүрээ захаас 7,000,000 төгрөгийн үнэтэй, урьдчилгаа 4,500,000 төгрөг өгч “Ш” ХХК-иас лизингээр авсан. 2017 оны 6 сараас 2018 оны 6 сар хүртэл хугацаанд хугацаа хэтэрсэн болон зээлийн ямар нэг асуудалгүй төлж байсан. Тус байгууллагын зээлийн эдийн засагч М.Б-тэй 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 3,719,600 төгрөгөөр зээлийн гэрээг сунгаж шинээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг сунгасны дараа авто тээврийн үзлэг оношлогоонд ороод 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ бараг зүүн хошуунаас Баянтал сум руу явах замд машин шатсан. Ингээд Монголд ирээд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн “М” даатгал компанид хандсан бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна болсон хохирлыг нөхөн төлөх асуудал байхгүй гэх хариу өгсөн. Үүнийг нь “Ш” ХХК-д мэдэгдэхэд эргээд хариу хэлье гэсэн. Иймд уг хохирлыг “М” даатгал ХХК төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,719,600 төгөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад төлбөр болох алданги хүүг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр найзынхаа гуйснаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлээс авч хэрэглэсэн зүйл байхгүй. Бид төлнө чамд хамаагүй гэж ойлгуулсан бөгөөд төлсөн эсэхийг нь мэдээгүй, сая шүүхэд дуудахаар нь л мэдлээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй зээлийг авсан хүмүүс нь төлөх ёстой.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч Д.С, О.Ү, М.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,035,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Талууд 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр SC2001261 дугаартай зээлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч “Ш” ХХК нь 4,600,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ энэхүү гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул хугацаанаас өмнө цуцалж, хэрэглэсэн хугацааны хүү, алдангийг тооцон нэхэмжилсэн гэж, хариуцагч О.Ү, М.Д нар татгалзлын үндэслэлээ энэхүү гэрээгээр мөнгө хүлээн аваагүй, өмнөх зээлийн үлдэгдлийг шинээр тооцож гэрээ байгуулсан гэж тайлбарлана.
Нэхэмжлэгч “Ш” ХХК болон хариуцагч М.Д нар 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр SC1806061 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 3,719,00 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Д-ийн өмчлөлийн УБД улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 45-48/
Зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашин хариуцагч О.Ү, М.Д нарын эзэмшил, ашиглалтад байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт шатсан, энэхүү үйл баримт нь даатгалын тохиолдолд хамаарахгүй учир даатгалаас нөхөн аваагүй байна. /хх-ийн 24-26/
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр SC2001261 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарт мөнгийг шилжүүлэн өгөөгүй, харин 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр SC1806061 дугаартай зээлийн гэрээний үүргийг шинэчлэн тооцож, гэрээ байгуулсан нь нотлогддог.
Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь 300,000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр 4,411,000 төгрөг байгаа нь баримтаар тогтоогдох ба энэ үнийн дүнгээс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч М.Д-тэй 2018 онд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг 2020 онд шинээр тооцоолон гэрээ байгуулсан нь шинээр гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлэн өгсөн гэх үндэслэлгүй тул 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч нараас 4,411,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,624,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч нарт хувиарлан хариуцуулаагүй, хамтран хариуцуулахаар нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242,11, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, О.Ү, М.Д нараас 4,411,000 /дөрвөн сая дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,624,000 /нэг сая зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 111,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 85,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ