Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2020/03302

 

 

 

 

 

 

        2020 оны өдөр

10 сар      29  р                                               184/ШШ2020/03302

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт С.О /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байр, тоот  

Хариуцагч: М овогт Б.Б /РД: /. Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Баянцагаан дугаар гудамж, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 3,672,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.                                                   

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О би Б.Б-тэй 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 3 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Б.Б нь зээлийн хүүгийн төлбөрийг 2019 оны 2 дугаар сарын 09-нд 300,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-нд 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-нд 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Нэхэмжлэгч С.О би Хаан банкаас 150,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй зээл авахдаа Б.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байр, 502 тоот хаягт байрлах 94,65 м.кв 000188857 дугаарын гэрчилгээтэй Ү-220 бүртгэлийн орон сууцыг барьцаанд тавьж, сар бүр 5,480,000 төгрөг банкинд төлдөг. Хариуцагчийн хугацаандаа төлөөгүй үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 48,000 төгрөгийг 14 сараар тооцоод 672,000 төгрөг нийт 3,672,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гээс гаргуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь надаас 3,672,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг миний бие бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь би С.О-оос 2,852,000 төгрөг болон 147,000 төгрөгийн үнэтэй цамц аваад 80,000 төгрөгийг нь С.Оын дансруу буцаан хийж, 2,773,000 төгрөгийг Б.Ц-гийн дансанд шилжүүлж, мөн 147,000 төгрөгийн цамцыг нь Б.Ц-д өгсөн. Б.Ц-тэй би анх худалдаа хийж байхдаа танилцсан ба нэг өдөр надад манай хамаатны эгч мөнгө зээлдүүлдэг юм. Та надад 3,000,000 төгрөг өөрөө зээлж байгаа юм шиг зээлээд аваад өг гэж хэлээд гуйгаад байсан. Тэгээд найдвартай гээд байсан болохоор нь би өөрөө ч сайн яриагүй байхад мөнгө зээлэхээр болоод миний өмнөөс С.О-той тохирон 3,000,000 төгрөг авахаар болсон байсан. Мөнгийг нь удаахгүй хүүтэй нь өгнө гэж хэлээд авсан. Б.Ц нь авсан мөнгөнөөсөө 900,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүнийг мөнгөө төлж чадахгүй болохоор нь С.О 1,700,000 төгрөгийн үнэтэй хөргүүрийг нь мөнгөний орондоо хураагаад аваад явсан. Б.Ц нь энэ хөргүүрийг надаар дамжуулан зээлж авсан мөнгөнөөсөө лангуугаа өргөтгөнө гээд манай хамаатны хүнээс 1,700,000 төгрөгөөр авч байсан. Энэ мөнгийг Б.Б миний бие төлөх боломжгүй бөгөөд би энэ мөнгийг өөртөө аваагүй. С.Оын байраа тавьж олон сая төгрөг зээлсэнийг би мэдэхгүй энэ их хүүний мөнгийг төлөх боломжгүй учир надаас биш Б.Ц-ээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,672,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож,  Хаан банк дахь 5003508775 тоот дансаар 2,853,000 төгрөг шилуүүлэн авсан, мөн 147,000 төгрөгийг нь худалдаж авсан цамцны үнэнд суутгуулахаар тохиролцсон болох нь хариуцагчийн зээл авсан тухай өргөдөл, түүний дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5, 17,19/

Дээр дурдсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ мөнгийг би авч хэрэглээгүй, Б.Ц надаар дамжуулан авсан, зээлийн 3 сарын хүү 900,000 төгрөгийг тэр төлж байсан, мөн 80,000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн, худалдаж авсан цамцыг Б.Ц-д өгсөн гэж тайлбарласан.

Зээлийн хэмжээ, хүү, зээлийг эргүүлэн төлөх хугацаа, төлбөрийн хэмжээний тухай хүсэлтээ хариуцагч Б.Б нэхэмжлэгч талд бичгээр гаргасан, нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хэдийгээр хариуцагч зээлийн гэрээгээр хүлээн авсан 2,873,000 төгрөгөөс 2,773,000 төгрөгийг Б.Ц-д шилжүүлэн өгсөн нь түүний дансны хуулгаар тогтоогдсон боловч энэ нь хариуцагчийг нэхэмжлэгч С.О-ын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл зээлж авсан мөнгөө хэрхэн зарцуулах, хэнд шилжүүлэн өгөх нь зээлдүүлэгч талд хамааралгүй, зээлдэгчийн эрхийн асуудал байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасныг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээгээр авсан 3,000,000 төгрөгөөс буцаан шилжүүлсэн 80,000 төгрөгийг хасч, түүний хүлээх үүргийг 2,920,000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэлээс нэхэмжлэгч С.О-ын Хаан  банкнаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан 150,000,000 төгрөгийн зээлийн хүү 1,6 хувиар тооцон хариуцагчийн зээлээ төлөөгүй 14 сарын хугацаанд ногдох хүү гэх 672,000 төгрөг  гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч Б.Б-д зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийн хүүнд 900,000 төгрөг авсан, хохирол учирсан гэх үндэслэлгүй, мөн талууд хүү, хугацаанаас өөр зүйлийн талаар тохиролцоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс 2,920,000 /хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлээс 752,000 /долоон зуун тавин хоёр мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 73,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ