Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................. тоотод оршин суух, Хатигин овогт Э.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................................. тоотод оршин суух, Хөгдүүд овогт Н.Б /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгч Э.Э.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н.Бтай 2011 онд анх танилцсан. Бид 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ө.Х, 20216 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.И нар төрсөн. Бид анхны хүүгээ төрүүлээд байр түрээслэж амьдарч байхад архи ууж, ямар ч шалтгаангүй хардаж, элдэв бусаар харааж зоддог байсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс хоёр өдрийн өмнө ангийн хүүхдүүдтэй хардаж, утасны цэнэглэгчээр хоолой боомилж гэмтээхэд түргэн дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн хүүхдүүдийн маань дэргэд зодож, хамар хугалж байсан. Би Н.Н.Быг маш олон удаа уучилсан. Одоо түүнтэй эвлэрч хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ө.Х, Б.И нарыг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Н.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э.Б нь хариуцагч Н.Н.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Н.Н.Б, Э.Э.Б нар нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Хүслэн, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.И нар төрсөн, хүү Б.И, Б.Хүслэн нар одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар  гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлээс үүдэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан уг хэрэгт Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан урьдчилсан арга хэмжээ болох эвлэрүүлэн зуучлалыг хийлгээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоол, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, хариуцагчийн баримтаар нэхэмжлэгчийн байр суурийг няцаагаагүй байдал зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар  гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.  

 

Н.Н.Б, Э.Э.Б нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд асрамжийн талаар байр сууриа илэрхийлэх насанд хүрсэн хүүхэд эхийн хамт амьдрах санал гаргасан, мөн хүүхдүүдийн эхтэйгээ амьдарсан хугацаа, одоо эхийн асрамжид байгаа нөхцөл, нас зэргийг харгалзан хүү  Б.Хүслэн, Б.И нарыг эхийн асрамжид үлдээж байна.    

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийг заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдээж байгаатай холбогдуулан хүү Б.Хүслэн, Б.И нарыг сар бүр эцэг Н.Н.Баар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н.Бт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн. 

Хариуцагч Н.Н.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг өөрт нь мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь гаргаагүйд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 287 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 199 510 төгрөг, улсын төсвөөс нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 87 720 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөгдүүд овогт Н.Б, Хатигин овогт Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Б.Хүслэн, Б.И нарыг эх Э.Э.Бийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Хүслэн, Б.И нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Н.Баар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Э.Бт даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 199 510 төгрөг, улсын төсвөөс 87 720 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ