Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2020/00367

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ........................................ тоотод оршин суух Сэцэнван овогт Б.Д /РД: /

            Хариуцагч: ............................ тоотод оршин суух, Мөр овогт Н.А /РД: /-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5.059.623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ө.Содном, нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.Агийн 89-25 УНҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай явж байгаад Төв аймгийн замд осолд орсон. Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаар тогтоолоор Н.Аг гэм буруутайд тооцож, эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэм хорын хохирлыг барагдуулах тухай шийдвэр гарсан боловч хариуцагч Н.А өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Би Улаанбаатар хотод Тээвэр зуучлалын байгууллагад нэг сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Авто машины осолд орсноос хойш групп тогтоолгож, 2019 оны 09 дүгээр сараас сар бүр 350.000 төгрөг авах болсон. Миний авч байсан 1.000.000 төгрөгийн цалингаас сар бүр авдаг группийн мөнгө 350.000 төгрөгийг хасаж тооцож, 2020 оны 1-6 дугаар сарын цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Н.Агаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 1.159.623 төгрөг, 2020 оны 1-6 дугаар сарын нийт цалингийн зөрүү 3.900.000 төгрөг, нийт 5.059.623 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Ад холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол болох цалингийн зөрүү 3.900.000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд гарсан болон бусад зардал 1.159.623 төгрөг, нийт 5.059.623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлжээ.

 

Хариуцагч Н.А нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод сум явах чиглэлд Тоёота приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон нэхэмжлэгч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

 

Энэ үйл баримт, гэм буруугийн талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Д нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын эрүүл мэндэд хууль бус болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч Н.Агаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

                   Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болно.

 

Цалингийн зөрүү 3.900.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Д зам тээврийн осолд орох үедээ “*******” ХХК-нд барааны мэргэжилтэн, тооцоо гаргагч ажилтай, 1 сарын 1.000.000 төгрөгийн цалин орлоготой байсан, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, сард тахир дутуугийн тэтгэвэр 350.000 төгрөг авч байгаа тул авч байсан цалин болон одоо авч буй тэтгэвэрийн зөрүү 1 сарын 650.000 төгрөгийг 2020 оны 01-06 дугаар сар буюу 6 сарын хугацаагаар тооцон 3.900.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот цалингийн талаар тодорхойлсон албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин авч байсан гүйлгээтэй холбоотой Б.Дгийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Дгийн 4 сарын ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгч Б.Н.Агаас гаргуулахаар шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаар шийтгэх тогтоол,  Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн  хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар, 09 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон шийдвэрүүд, Б.Дгийн ******* дугаартай тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нэхэмжлэгч Б.Д нь зам тээврийн осолд орох үедээ “*******” ХХК-д 1.000.000 төгрөгийн цалин бүхий ажил эрхэлж байсан, одоо ослын улмаас тогтоогдсон тахир дутуугийн тэтгэвэр нь 350.000 төгрөг болох нь нотлогдож байна.

Энэхүү үйл баримтыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу баримтаар няцаагаагүй, мэтгэлцэх байр суурийг тодорхой илэрхийлээгүй учир хариуцагч Н.А нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг бууруулсан хэмжээгээрээ төлөх үүрэг хүлээж байна.  

Иймд нэхэмжлэгч Б.Дгийн урьд тогтмол авч байсан 1 сарын цалин хөлс 1.000.000 төгрөгөөс тахир дутуугийн тэтгэвэр 350.000 төгрөгийг хасч тооцоход гарсан зөрүү 650.000 төгрөгийг 2020 оны 01-06 дугаар сар буюу 6 сарын хугацаагаар тооцон 3.900.000 төгрөгийг хариуцагаас гаргуулах нь зүйтэй.

 

Эмчилгээ хийлгэхэд гарсан болон бусад зардал 1.159.623 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

           

                   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны дараах баримтуудаар нотлогдож буй зардал нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг эмчлүүлэх, оношлуулахтай холбогдон гарсан болох нь хэрэгт авагдсан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаар шийтгэх тогтоолд дурдагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учирсан гэмтлийн зэрэг, Б.Дгийн эмнэлэгт үзүүлсэн картын хуулбар зэргээр харилцан уялдаа бүхий байдлаар тогтоогдсон  тул уг зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

  1. “Эрдэнэс Налайх”-д ЭХО оношилгоо хийлгэхэд гарсан зардал – 40.000 төгрөг,
  2. “Түвшин тун” эмийн сангаас асмеф /өвчин намдаах/ эм авсан зардал - 1 800 төгрөг,
  3. “Монос” эмийн сангаас кетонол форте /өвчин намдаах/, пандуал /хоол боловсруулах/, цитрамон /толгойны эм/ авсан зардал – 5.600 төгрөг,
  4. “Түвшин тун” эмийн сангаас кетонол форте /өвчин намдаах/ эм авсан зардал – 27.150 төгрөг,
  5. “Соронзон болд” эмийн сангаас кетонол форте /өвчин намдаах/ эм авсан зардал – 12.450 төгрөг,
  6. “Түвшин тун” эмийн сангаас Уголь актив /гэдэс дүүрэнгэний эм/, аскорутин авсан зардал – 11.000 төгрөг,
  7. “Med Trauma” эмнэлэгт үзүүлсэн зардал – 130.000 төгрөг,
  8. “Ганжиг” эмнэлэгт үзүүлсэн зардал-80.000 төгрөг,
  9. 2020.03.05-ны өдрийн шатахууны зардал – 20.000 төгрөг,
  10. “Света” эмийн сангаас тариур, вестибо /толгойн эргэлт намдаах/, алоэ авсан зардал – 3.000 төгрөг,
  11. “Түвшин тун” эмийн сангаас тариур, кортексин /тархи толгойны эм/, магния сульф, бинт, натри хлорид, спирт дениту, систем, тарианы хөвөн, санитол, карведи денк зэргийг худалдаж авсан зардал – 85.568 төгрөг,
  12. “Гэрэлт хад” дэлгүүрээс сувилалгааны материал авсан зардал – 29.600 төгрөг,
  13. “Түвшин тун” эмийн сангаас тариур авсан зардал – 2.550 төгрөг,
  14. “Эмийн бамбай” эмийн сангаас арведи денк /даралтны эм/ авсан зардал – 6.240 төгрөг,
  15. “Монос” эмийн сангаас таяг авсан зардал – 24.500 төгрөг,
  16. “Түвшин тун” эмийн сангаас асмеф /өвчин намдаах эм/ авсан зардал - 1 800 төгрөг,
  17. “Түвшин тун” эмийн сангаас кортексин /тархи толгойны эм/, натри хлорид /найруулдаг ус/ авсан зардал – 43.500 төгрөг,
  18. “Эрдэнэс Налайх”-д ЭХО оношилгоо хийлгэхэд гарсан зардал – 30.000 төгрөг,
  19. “Света” эмийн сангаас тариур, систем, спирттэй хөвөн худалдаж авсан зардал – 2.600 төгрөг,
  20. “Түвшин тун” эмийн сангаас тержинан лаа, метронида, макропен, клавомид авсан зардал – 72.000 төгрөг,
  21. “Анбарай” ХХК-иас аэртал /өвчин намдаах эм/, мидокалм /булчин суллах эм/, тебантин /уналт таталтаас сэргийлэх эм/, нейрорубин /мэдрэлийн эс сэргээх тариа/, тариур, тарилгын хөвөн зэргийг худалдаж авсан зардал – 71.105 төгрөг,
  22.  “Түвшин тун” эмийн сангаас карведи денк /даралтны эм/ худалдаж авсан зардал – 6.670 төгрөг,
  23. “Түвшин тун” эмийн сангаас сангаас карведи денк /даралтны эм/ худалдаж авсан зардал – 6.670 төгрөг,
  24. “Анбарай” ХХК-иас цитоплавин /тархи, эд, эс сэргээх тариа/, тариур, натрихлорид, дуслын систем, тарианы хөвөн, ибупрофен /өвчин намдаагч/ зэргийг авсан зардал – 62.950 төгрөг,
  25. “Анбарай” ХХК-иас актовегин /дархлаа, мэдрэлийн эм/, шархны лент авсан зардал – 22.200 төгрөг,
  26. “Түвшин тун” эмийн сангаас карведи денк /даралтны эм/ худалдаж авсан зардал – 6.670 төгрөг,
  27. 2020.05.05-ны өдрийн шатахууны зардал – 10.000 төгрөг,
  28. 2020.05.28-ны өдрийн шатахууны зардал – 10.000 төгрөг,
  29. “Света” эмийн сангаас асмеф /өвчин намдаах/ эм авсан зардал – 2.000 төгрөг,
  30. “Монос” эмийн сангаас бетаклав, синоб акс /үрэвслийн эм/ худалдаж авсан зардал – 31.500 төгрөг,
  31. “Эмийн бамбай” эмийн сангаас флоран /хамтрын үрэвслийн эм/ худалдаж авсан зардал – 28.500 төгрөг,
  32. “Түвшин тун” эмийн сангаас дофазолин /хамрын цацлага/ авсан зардал – 8.500 төгрөг,
  33. 2020.06.23-ны өдрийн шатахууны зардал – 20.000 төгрөг,
  34. “Эрдэнэс Налайх” -д ЭХО оношилгоо хийлгэхэд гарсан зардал – 20.000 төгрөг,
  35. 2020.06.25-ны өдрийн шатахууны зардал-10.000 төгрөг.

            Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор Төв аймгийн шүүхээс шийтгэх тогтоолын хуулбар авахад гарсан авто зам ашигласны төлбөр 1.000 төгрөг, нотариатын зардал 24.200 төгрөгийн зардал нь хариуцагчийн хариуцах гэм хорын хохиролд хамаарч байна. 

           Нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэхэд гарсан болон бусад зардал болох дээр дурдагдсан 1.006.123 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.  

            Харин даралтын аппарат, нүдний шилний үнэ нийт 153.500 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоогүй, гэм хорын хохиролд шууд хамааралгүй тул  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Эцэст нь нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү 3.900.000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд гарсан болон бусад зардал 1.006.123 төгрөг буюу нийт 4.906.123 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 153.500 төгрөгт холбогдох  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, зардлын баримт, төлбөр төлсөн баримт зэргийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу баримтаар няцааж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, шүүх талуудын байр сууриа харилцан илэрхийлэх боломжийг тэнцүү хэмжээнд олгосон болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэнгийн хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч дэмжиж бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөгдөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцож 93.447 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсөвт  оруулав.

 

Шүүх хуралдаанд хуульд зааснаар оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс  маргааны үйл баримт болон зохигчийн гэм буруугийн талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мөр овогт Н.А /РД:*******/-аас 4.906.123 /дөрвөн сая есөн зуун зургаан мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэцэнван овогт Б.Д /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 153.500 /нэг зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,-д зааснаар хариуцагч Н.Агаас  93.447 /ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭНХБИЛЭГ

 

                                          ШҮҮГЧИД                           З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                         Т.БАДРАХ