| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00408/И |
| Дугаар | 104/ШШ2020/00408 |
| Огноо | 2020-10-31 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 104/ШШ2020/00408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........................................................ тоотод оршин суух, Боржигон овогт Б.Х /РД: /-ы нэхэмжлэлтэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач Д.Нтай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр танилцаж, 2013 оны 12 дугаар сараас эхлэн нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин Н.Э, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Н.С нар төрсөн. Д.Н нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр усанд живж, нас барсан. Гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Өмнө нь өөр хүмүүстэй хамт амьдарч байгаагүй. Хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Х, Д.Н нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч нь Б.Х хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Д.Н, Б.Х нар нь 2013 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин Н.Э, 2015 оны 07 дугаар сарын 30-ны төрсөн Н.С нар нь төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Эцэг нь Д.Н, эх нь Б.Х болохыг бүртгэсэн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Н.Э, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Н.С нарын төрсний гэрчилгээний хуулбар,
2. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1589 тоот тодорхойлолт,
3. Д.Н нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан талаарх бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
гэрч С.*******ы ... Манай нөхрийг Р.******* гэдэг. Бид 6 хүүхэдтэй. Д.Н бол миний хамгийн бага хүүхэд. Миний хүү Д.Н 2013 онд гэртээ Б.Хыг авч ирсэн. Хүү маань эхнэрээ гэртээ авч ирж танилцуулсан жилдээ буюу 2013 оноос эхлэн тусдаа гарч амьдарсан. Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороонд ахынхаа хашаа байшинд амьдардаг байсан. Тэдний дундаас 2014 оны 05 дугаар сард Н.Э, 2015 оны 07 дугаар сард Н.С нар төрсөн. Одоо Н.Э энэ жил 1 дүгээр ангид суралцаж байгаа. Д.Н маань 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр усанд живж, түүний биеийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уснаас гаргаж авсан. Миний хүүхэд Б.Хтай нас барах хүртлээ хамт амьдарсан. Тэд нар хоёр хүүхдийн эцэг, эх болсон нь үнэн ... гэх,
гэрч Д.*******гийн ... Би 1974 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *******гийн ******* гэх айлын 5 дахь хүү болж төрсөн. Бид эхээс зургуулаа. Харин Д.Н манай хамгийн бага дүү юм. Манай дүү Д.Н 2013 онд эхнэр болох Б.Хыг гэртээ авч ирж танилцуулсан. Тэд 2013 оноос эхлэн нэг гэрт амьдрах болсон. Тэдний дундаас 2014 онд том охин болох Н.Э, 2015 онд бага охин болох Н.С нар төрсөн. Миний дүү Д.Н 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр усанд живж, ослын улмаас нас барсан. Д.Н нь 2013 оноос эхэлж нас барах хүртлээ Б.Хтай хамт амьдарч, тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн нь үнэн ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд Д.Н, Б.Х нар нь 2013 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлэв.
Түүнчлэн хэрэгт буй гэрч нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй, гэрч С.*******, Д.******* нар нь Д.Н, Б.Х нарыг хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд охин Н.Э, Н.С нар төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг хооронд зөрүүгүй, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үйл баримттай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгч нь охин Н.Э, Н.С нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагын улмаас Д.Нтай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг Булгадар овогт *******гийн Д.Н, Боржигон овогт Б.Х нарыг 2013 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ