| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2019/00409/И |
| Дугаар | 104/ШШ2020/00409 |
| Огноо | 2020-10-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2020/00409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .......................... тоотод оршин суух, Шажинбат овогт Б.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............................. тоот хаягт оршин суух, Буурлууд овогт А.Д/РД: /,
Хариуцагч: ................................ тоот хаягт оршин суух, Ажавгад овогт Б.Д/РД: / нарт холбогдох
41 162 356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чимэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Байгалийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Дархан хотын Капитрон банкны салбарт захирлаар томилогдон ажиллаж байсан. Тухайн үед А.Днь Дарханы Монгол банкны захирал хийж байсан юм. Танай банк зээлийн ангилалыг шилжүүлэх ёстой шилжүүлээгүй байна гээд ихээхэн дарамт шахалт үзүүлж байсныг сүүлд Б.Б хэлсэн. Дараа нь А.Днь надад зээл гаргаж өгөөч гэж хэлж байсан. Тэр үед Б.Б захирал болоод удаагүй байсан тул саналыг нь зөвшөөрсөн. Зээлийг нь судалж журмаа зөрчин О.Дыг үндсэн зээлдэгчээр А.Дыг хамтран зээлдэгчээр оруулан зээл олгосон. О.Д, А.Днар авсан зээлээ төлөхгүй удааж, хуримтлагдсанаас болоод хүмүүсийн анхаарлыг татаж, Улсын төв аудитын газраас хяналт шалгалт ирэх үеэр захирлын суудлаас халагдана гэдгээс айгаад ах, дүү, найз, нөхдөөсөө мөнгө зээлэн А.Д, Б.Днарын Капитрон банк ХХК-тай байгуулсан 3006012733 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 39 876 937.60 төгрөг, хүү 1 285 418.78 төгрөг, нийт 41 162 356 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан. Гэвч энэ асуудал нь төв салбарт мэдэгдэж 2018 онд Б.Б нь ажлаасаа халагдсан. О.Д, А.Днар нь аваагүй гэж бие биерүүгээ буруутгаж байгаагаа хариу тайлбартаа ирүүлсэн байдаг. Иймд Б.Б нь О.Д, А.Д нарын зээлийг төлж өгсөн гэх 41 162 356 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.Дшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.Байгалаас ямар нэгэн зээл аваагүй. Хэрэв зээл авсан гэж байгаа бол бидний хооронд байгуулсан гэрээг шүүхэд ирүүлэх ёстой. Намайг Дархан-Уул аймгийн Монгол банкны захирлаар ажиллаж байхад Б.Д“би Капитрон банкнаас зээл авах хүсэлт гаргасан юм. Хамтран зээлдэгч нь заавал Дархан-Уул аймагт оршин суудаг хүн байх ёстой гэж байна. Та хамтран зээлдэгч болж туслаач” гэсний дагуу маягт бөглөж гарын үсэг зурсан. Би түүний авсан зээлээс мөнгө төгрөг аваагүй. Энэ зээл нь Капитрон банк ХХК болон Б.Днарын хооронд үүссэн тул нэхэмжлэгч хариуцагчийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Байгалийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Даваанямын хүү Бат-Ирээдүй нь “нагац эгч Т.Дөлгөөний байрыг түр хэрэглүүлээч, манай аав Дарханы Монгол банкны захирал мөнгийг бол дор нь гаргаад өгнө. Таны ордерыг харуулаад барьцаанд тавьж байгаа юм шиг болгоод хэдхэн хоноод л буцаагаад таны ордерыг гаргаад өгнө. Та ордероо түр өгөөч, надад итгэхгүй бол дүү Даваа-Осорын нэр дээр итгэмжлэл хийгээд өгчих” гээд итгэмжлэл миний нэр дээр хийлгэж авсан. Хариуцагч Б.Днамайг А.Дын хүү Бат-Ирээдүй зээлээ авахдаа “чи зүгээр л гарын үсэг зурчих, манай аав бас зурна. Санаа зоволтгүй” гэсээр байгаад би гарын үсгээ зурсан. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч Б.Б мэдэж байсан. Хариуцагч Б.Д, миний нагац эгч Т.Дөлгөөн биднийг А.Д, түүний төрсөн хүү Бат-Ирээдүй нар залилан мэхэлж 2016 оноос хойш 4 жилийн турш Чингэлтэй дүүргийн цагдаад шалгагдаж байгаад одоо хэрэг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Тус хэрэгт бид хохирогчоор тогтоогдож оролцож байгаа болно гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.Д, Б.Днарт холбогдуулан 41 162 356 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч талын зүгээс шүүх хуралдаанд хариуцагч бүрээс тусгайлан шаардахгүйгээр тэнцүү хэмжээгээр 41 162 356 төгрөгийг гаргуулах болохоо тодруулсан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.Д, А.Днар нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Капитрон банк ХХК-тай №3006/2014/08 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд уг зээлийн төлбөрт Б.Б нь үндсэн төлбөр 39 876 937.60 төгрөг, хүү 1 285 418.78 төгрөг, нийт 41 162 356.38 төгрөгийг төлж барагдуулсан болох нь:
- Капитрон банк ХХК-ийн ... 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 41 162 356.38 төгрөгийг төлсөн ... талаарх орлогын баримт,
- Капитрон банк ХХК-иас ирүүлсэн Б.Дын зээлийн дансны 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуулга,
- гэрч Э.Энх-Эрдэнийн ... Б.Б нь Капитрон банкны Дархан салбарын захирал байсан. Тухайн үед би Капитрон банкинд харилцагчийн менежер ажилтай байсан. 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Капитрон банкинд Б.Д, А.Днарын үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээл хаах хугацааны хүү 1 000 000 гаруй төгрөг, нийт 41 000 000 гаруй төгрөгийг Б.Б төлж, зээлийг бүрэн төлж хаасан. Зээл олгоход А.Д, Б.Д, хүү Бат-Ирээдүй нар хамт орж ирээд захирал Б.Б, бид хоёртой уулзаад “хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх шаардлагатай байна. 40.000.000 төгрөгийн зээл олгооч ээ” гэж хүссэн. Тэгээд банкинд ирэхдээ Б.Дын барьцаа хөрөнгийг барьж ирсэн. Манай банк гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгийг барьцаалж зээл олгодоггүй юм. Тэгэхэд А.Днь 3 сарын хугацаатай зээл олгооч ээ, би наад зээлийг чинь ямар ч асуудалгүй төлнө гэж хэлсэн. Бид нар салбар хороогоор дамжуулан шийдвэрлэн А.Д, Б.Днарт зээлийг олгосон. Зээл хаагдах болсон үед А.Д, Б.Днар зээлийг төлөхгүй алга болсон. Тэгээд бид нар зээлийн журмаа зөрчин олгосон учир манай банкинд шалгалт ирэх гээд Б.Б захирал зээлийг хаахаас өөр аргагүй учраас зээлийн утга дээр гүйлгээний утгыг өөр хүний нэрээр бичиж оруулсан ... гэх мэдүүлэг,
- гэрч Н.Батзулын ... 2014 онд Б.Б нь Капитрон банкны Дархан салбарын захирал ажилтай байсан. Би тухайн үед уг банкинд теллер ажилтай байсан. 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Б нь Б.Дгэх хүний 40 000 000 гаруй төгрөгийн зээлийг төлж хаасан. Б.Б үеэл ах болох Жаргалсайханы нэрээр зээлийг хааж байсан. Гүйлгээний утга дээр Жаргалсайхан гэж бичүүлсэн ... гэх мэдүүлэг зэргээр нотлогджээ.
Өөрөөр хэлбэл, А.Д, Б.Днарын Капитрон банкнаас авсан зээлийн төлбөрийг Б.Б төлөх үүрэггүй байхдаа төлснөөр дээрх хэмжээний мөнгөн хөрөнгөөр хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.
Мэтгэлцээний байр суурийн хувьд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй №3006/2014/08 тоот зээлийн гэрээг Капитрон банк ХХК-тай байгуулсан болон Б.Б нь уг зээлийн төлбөрт 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 41 162 356 төгрөгийг төлж барагдуулсан гэх үйл баримт дээр хариуцагч нар маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу няцаагаагүйн зэрэгцээ өөрсдөө болон нэхэмжлэгчээс өөр этгээд төлж барагдуулсан талаар байр суурь илэрхийлж нотлоогүй.
Хариуцагч А.Дын зүгээс дээрх зээлийг Б.Дхариуцна гэж, хариуцагч Б.Дын зүгээс дээрх зээлийг А.Дхариуцна гэж харилцан эсрэг байр суурийг илэрхийлсэн байгаа боловч хамтран зээлдэгчийн хувьд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн төлж барагдуулсан зээлийн гэрээний үүргийг Капитрон банк ХХК-ийн өмнө Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой байжээ. Нэгэнт хариуцагч нарын Капитрон банк ХХК-ийн өмнө хамтран хүлээж байсан мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч төлж барагдуулсан тул хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн өмнө хамтран хариуцна.
Иймд хариуцагч нараас нэхэмжлэгчийн Капитрон банк ХХК-нд төлж барагдуулсан 41 162 356 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй. Харин цаашид банкнаас хүлээж авсан зээлийн мөнгөн хөрөнгөний хэмжээний талаар хариуцагч нар хоорондоо маргах эрх нь нээлттэй юм. Ингэснээр хариуцагч нарын нэхэмжлэгчид төлж барагдуулах мөнгөн төлбөрийн үүрэг тэнцүү байх боловч Капитрон банк ХХК-иас хүлээн авсан мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар хоорондоо маргахад уг шийдвэр хамаарахгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч А.Дболон Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарт товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Мөн хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн туслахтай холбогдон өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн тул хойшлуулах хүсэлт гаргана гэсэн боловч шүүхэд холбогдох баримт, хүсэлтийг ирүүлээгүй, шүүх хуралдааныг эхлэх цагаас 20 минутын дараа эхлүүлэхэд шүүхэд ирээгүй билээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 364 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 364 000 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ